| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1671/Э |
| Дугаар | 1689 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1689
2019 11 11 2019/ШЦТ/1698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баттогоо,
Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цд холбогдох 1906 00873 2085 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1979 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжны 104 тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, 10-15 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын Ц /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 8-236 тоотод өөрийн эхнэр Б.Баттогоод агсам тавьж, улмаар “Янхан, банзал, гичий” гэх зэргээр хэл амаар доромжилж, түүний үснээс зулгаах, толгой руу цохих, хөл рүү өшиглөх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, мөн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 3 дугаар хэсэг, 104 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Баттогоо руу заазуур шидэх, зүүн шанаа руу нь цохих зэргээр агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баттогоогийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч найзтайгаа хамт ажилдаа явна гээд гэрээс гарсан. Гэтэл найзтайгаа архи уусан байсан. Гэртээ халамцуу орж ирсэн ба надаас нэг лааз пиво гуйхаар нь би авч өгсөн. Манайд ирсэн ах, эгч нараас шүүгдэгч архи гуйсан байсан. Ах шүүгдэгчид “авгайгаас чинь асууж байж болъё” гэж хэлсэн байсан. Би ахад “архи авч өгч хэрэггүй” гэж хэлсэн. Шүүгдэгч, бид хоёр маргалдаад барилцаж авсан. Гэтэл шүүгдэгч над руу заазуур шидсэн. Миний баруун гарын бугалаг гэмтсэн. Би шүүгдэгчийг хашраах гэж цагдаад дуудлага өгсөн. Би эрүүгийн хэрэг үүснэ гэж бодоогүй. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баттогоогийн өгсөн: “... би нөхрөө “Яагаад архи уусан юм бэ?” гэж хэлэхэд над руу дайрч, хэл амаар доромжлон “Янхан, банзал, гичий” гэх зэргээр дуудаж, үснээс зулгаан, миний хөл рүү өшиглөсөн... сүүлийн 6-7 жил архи уудаг. Уухдаа 7 хоногт 2 удаа уудаг байсан. Уухаараа гайгүй байдаг байсан. Сүүлийн хэдэн сарын хугацаанд архи уухаараа элдэв муу үгээр хэл амаар доромжлоод байдаг болсон... Ц 4-5 хоногийн өмнө ажилдаа явлаа гэж найзын хамт гараад орой 16-17 цагийн орчим орж ирэхдээ архи үнэртүүлээд орж ирсэн. Тэгээд надаас “архи авч өг” гэхээр нь би “чадахгүй” гэтэл шүүгээн дотор байсан заазуур аваад шидэхэд миний зүүн бугалгыг иргүй талаараа оносон. Би босож ирээд бид хоёр барьцалдаж автал зүүн шанаа руу цохиод “Чамайг удаан амьдрахыг чинь харна, чамд хүнээр хараал хийлгэнэ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд Цыг аваад явсан. Би одоо гэртээ очихгүй ах эгчийндээ байгаа. 3 хүүхэд маань надтай байгаа... цаашдаа ер нь айдастай байна. Олон удаа энэ хүнийг өмгөөллөө, хүүхдүүд хүртэл ааваасаа айж байна. Ээж рүү нь заазуур шидэж байгаа юм чинь бүгд аавтайгаа байхыг хүсэхгүй байгаа. Нөхөр ч гэсэн тухайн өдөр нэг их согтуу байгаагүй. Гомдолтой байна. Одоо хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна....” гэх мэдүүлэг /хх.16-17, 22-28, 117-121/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхцэцэгийн өгсөн: “... хуурай дүү Баттогоогийнд уулзах санаатай 16 цаг болж байхад ирсэн нөхөр Ц нь халамцуу байсан. Тэгээд надаас “Нэг шил архи аваад өг” гэсэн. Би “Эхнэр чинь зөвшөөрвөл аваад өгье” гэхэд эхнэр Баттогоо нь “Хэрэггүй” гэсэн, бас эхнэрээсээ архи нэхээд байсан. Тэгээд шүүгээнд байсан заазуур аваад эхнэр рүүгээ шидсэн. Онох шиг болсон. Тэгээд Баттогоог хүзүүнээс нь боож, толгой руу нь цохьсон... эхнэр Баттогоог “Янхан, банзал, биеэ үнэлдэг” гэж орилоод байсан... өнгөрсөн 1 сард миний хажууд эхнэрээ зодоод цагдаад барьж өгч байсан. Архи уугаад агсам хүн байна лээ...” гэх мэдүүлэг /хх.125/,
Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаартай: “М.Ц нь хэрэг үйлдэх үедээ буюу F 70.1 “Оюун ухааны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. М.Цын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. М.Ц нь өөрийн оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн түвшинд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. М.Ц нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг өөрийн оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн түвшинд тайлбарлан мэдүүлэх чадвартай байна. М.Ц нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг өөрийн оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн түвшинд ухамсарлах чадвартай байна. М.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх.32-34/,
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8д-1/2325 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх.49-51/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1153 дугаартай шийтгэврийн хуулбар /хх.53-54/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1735 дугаартай шийтгэврийн хуулбар /хх.55-56/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.57, 112/,
Цагдаагийн байгууллагын хайлтын системийн лавлагаа /хх.58-67/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер О.Оргилсанаагийн илтгэх хуудас /хх.18/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер З.Ядамсүрэнгийн илтгэх хуудас /хх.115/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Цын яллагдагчаар өгсөн: “... би өөрийн гэм буруугаа хүлээж байна. Сүүлд нь эхнэр надад хэлэхээр нь би итгээгүй. Гэхдээ би тухайн үед согтуу байсан болохоор санахгүй байж магад. Гэхдээ эхнэртээ уурлахаараа юм шиддэг. Гэхдээ хутга шидэж байгаагүй. Харин энэ сүүлийн тохиолдолд заазуур шидсэн байна... гэртээ 16 цагийн үед согтуу ирээд эхнэр Баттогоог “Пиво аваад өг” гэсэн чинь эхнэр нэг лааз Сэнгүр пиво авч өгөхөөр нь би тэрийг нь уучихаад “дахиж архи ууна” гэсэн чинь эхнэр уурлаад түүнээс болж маргаан гарч би согтуу эхнэр Баттогоогийн хоолойг нь гараараа боосон чинь эхнэр уурандаа цагдаа дуудна гэхээр нь би айгаад гарч зугтаад маргааш нь шууд Хэнтий аймаг руу барилгын ажилд яваад 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн... би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ар гэртээ агсам согтуу тавьсан гэх шалтгаанаар Баянзүрх дүүргийн шүүхээр орж баривчлагдсан... би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.40-41, 142-143/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 8-236 тоотод өөрийн эхнэр Б.Баттогоод агсам тавьж, улмаар “Янхан, банзал, гичий” гэх зэргээр хэл амаар доромжилж, түүний үснээс зулгаах, толгой руу цохих, хөл рүү өшиглөх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, мөн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 3 дугаар хэсэг, 104 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Баттогоо руу заазуур шидэх, зүүн шанаа руу нь цохих зэргээр агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баттогоогийн өгсөн: “... би нөхрөө “Яагаад архи уусан юм бэ?” гэж хэлэхэд над руу дайрч, хэл амаар доромжлон “Янхан, банзал, гичий” гэх зэргээр дуудан үснээс зулгааж, миний хөл рүү өшиглөсөн... сүүлийн 6-7 жил архи уудаг. Уухдаа 7 хоногт 2 удаа уудаг байсан. Уухаараа гайгүй байдаг байсан. Сүүлийн хэдэн сарын хугацаанд архи уухаараа элдэв муу үгээр хэл амаар доромжлоод байдаг болсон... Ц 4-5 хоногийн өмнө ажилдаа явлаа гэж найзын хамт гараад орой 16-17 цагийн орчим орж ирэхдээ архи үнэртүүлээд орж ирсэн. Тэгээд надаас “архи авч өг” гэхээр нь би “чадахгүй” гэтэл шүүгээн дотор байсан заазуур аваад шидэхэд миний зүүн бугалгыг иргүй талаараа оносон. Би босож ирээд бид хоёр барьцалдаад автал зүүн шанаа руу цохиод “Чамайг удаан амьдрахыг чинь харна, чамд хүнээр хараал хийлгэнэ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд Цыг аваад явсан. Би одоо гэртээ очихгүй ах эгчийндээ байгаа. 3 хүүхэд маань надтай байгаа. ...цаашдаа ер нь айдастай байна. Олон удаа энэ хүнийг өмгөөллөө, хүүхдүүд хүртэл ааваасаа айж байна. Ээж рүү нь заазуур шидэж байгаа юм чинь бүгд аавтайгаа байхыг хүсэхгүй байгаа. Нөхөр ч гэсэн тухайн өдөр нэг их согтуу байгаагүй. Гомдолтой байна. Одоо хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх.16-17, 22-28, 117-121/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхцэцэгийн өгсөн: “... хуурай дүү Баттогоогийнд уулзах санаатай 16 цаг болж байхад ирсэн нөхөр Ц нь халамцуу байсан. Тэгээд надаас “Нэг шил архи аваад өг” гэсэн. Би “Эхнэр чинь зөвшөөрвөл аваад өгье” гэхэд эхнэр Баттогоо нь “Хэрэггүй” гэсэн, бас эхнэрээсээ архи нэхээд байсан. Тэгээд шүүгээнд байсан заазуур аваад эхнэр рүүгээ шидсэн. Онох шиг болсон. Тэгээд Баттогоог хүзүүнээс нь боож, толгой руу нь цохьсон... эхнэр Баттогоог “Янхан, банзал, биеэ үнэлдэг” гэж орилоод байсан... өнгөрсөн 1 сард миний хажууд эхнэрээ зодоод цагдаад барьж өгч байсан. Архи уугаад агсам хүн байна лээ...” гэх мэдүүлэг /хх.125/,
Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаартай: “М.Ц нь хэрэг үйлдэх үедээ буюу F 70.1 “Оюун ухааны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. М.Цын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. М.Ц нь өөрийн оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн түвшинд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. М.Ц нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг өөрийн оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн түвшинд тайлбарлан мэдүүлэх чадвартай байна. М.Ц нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг өөрийн оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн түвшинд ухамсарлах чадвартай байна. М.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх.32-34/,
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8д-1/2325 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх.49-51/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1153 дугаартай шийтгэвэр /хх.53-54/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1735 дугаартай шийтгэвэр /хх.55-56/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.57, 112/,
Цагдаагийн байгууллагын хайлтын системийн лавлагаа /хх.58-67/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер О.Оргилсанаагийн илтгэх хуудас /хх.18/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер З.Ядамсүрэнгийн илтгэх хуудас /хх.115/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Цын яллагдагчаар өгсөн: “... эхнэртээ уурлахаараа юм шиддэг. Гэхдээ хутга шидэж байгаагүй. Харин энэ сүүлийн тохиолдолд заазуур шидсэн байна... гэртээ 16 цагийн үед согтуу ирээд эхнэр Баттогоог “Пиво аваад өг” гэсэн чинь эхнэр нэг лааз Сэнгүр пиво авч өгөхөөр нь би тэрийг нь уучихаад дахиж архи ууна гэсэн чинь эхнэр уурлаад түүнээс болж маргаан гарч би согтуу эхнэр Баттогоогийн хоолойг нь гараараа боосон... би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ар гэртээ агсам согтуу тавьсан гэх шалтгаанаар Баянзүрх дүүргийн шүүхээр орж баривчлагдсан...” гэх мэдүүлэг /хх.40-41, 142-143/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баттогоогийн өгсөн: “... бид хоёр маргалдаад барилцаж авсан. Гэтэл шүүгдэгч над руу заазуур шидсэн. Миний баруун гарын бугалга гэмтсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тарчлаах шинжийн нэг үндсэн арга бол байнга зодох замаар бие махбодийн өвдөлт болон сэтгэцийн зовлон шаналал учруулан хүч хэрэглэсэн үйлдэл мөн. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт эрх зүйн эсрэг үйлдлийг гурав ба түүнээс дээш үйлдэхийг ойлгоно. Тарчлаах шинжтэйгээр байнга зодох нь зөвхөн хүч хэрэглэсэн үйлдлийг тодорхой үе шаттайгаар олон дахин үйлдэнэ гэсэн хэрэг биш, харин энэ нь хохирогчийн хувьд түүнийг зүгээр нэг бие махбодийн өвдөлт бус мөн түүнийг доромжилж, гутааж, сэтгэцийн зовлон зүдгүүрт оруулах байдлаар гэмт этгээдээс түүнтэй харилцах талаар тогтоосон зан үйлийн шугамын дотоод нэгдэл, тэдний уялдаа холбоо юм.
Харгис хэрцгий харьцаж догшин авирлах гэдэгт бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, балмад үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлсэн, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан, танхайрах явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан, эд хөрөнгө эвдэж хохирол учруулсан зэрэг үйлдлүүдийг хамааруулж болно.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт М.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.Цын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Баттогоо нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир М.Цыг энэ гэмт хэргийг улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Цын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
М.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Цд хорих ял оногдулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Мын Цыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч М.Цд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Цд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. М.Ц урьд нь цагдан хоригдсон хононггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР