Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00289

 

  Зохигчийн эвлэрлийг баталж

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум Хайрхан, 3 дугаар багт оршин суух Мөнгө овогтой Алтангэрэлийн Анхбаяр /РД:ЙГ82012218/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Дөрөлж гэх газар оршин суух Торгууд овогтой Дамдинсүрэнгийн Доржсанжаа /РД:ЙГ68031737/-д холбогдох

“5 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн А.Анхбаяр би 2015 оны 10 дугаар сарын  дунд үед иргэн Д.Доржсанжаагийн Fronter маркын автомашиныг 14.5 сая төгрөгөнд тооцон худалдаж авахаар тохирсон. Энэ үнэнд оруулсан Баян-Өндөр сумын Дөрөлжид байх өөрийн өмчлөлт саравчаа 2.5 сая төгрөгөнд тооцох, хавар ноолуурын үеэр үлдсэн мөнгийг нь өгөхөөр ярилцсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 08-ны үеэр намайг Баян-Өндөр суманд явж байтал дүүтэйгээ элбэж зодчихоод машинаа аваад явсан. Иймд Д.Доржсанжаагаас 5 сая төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Нэг сая төгрөгийг машины элэгдэл хорогдолд хаслаа...”гэжээ.

Нэхэмжлэгч А.Анхбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.Отгонбаяраас татгалзсан хүсэлт гаргасан бөгөөд  зохигчид эвлэрлийн гэрээ гэрээндээ “... 1./ нэхэмжлэгч Анхбаяр би Доржсанжаагаас 5.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгөөсөө татгалзаж байна. 2./ үлдсэн 4 сая төгрөг дээр харилцан тохирч эвлэрч байна. 3./ 4 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр хүлээн авлаа...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Анхбаяр нь хариуцагч Д.Доржсанжаагаас 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээ 1.000.000 төгрөг болгон багасгасныг хариуцагч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. 

Шүүхээс зохигчид эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Анхбаяр нь хариуцагч Д.Доржсанжаагаас 4.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Доржсанжаагаас 47.475 төгрөг, нэхэмжлэгч А.Анхбаяраас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд  2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр улсын төсвийн 5556458111 тоот дансанд төлсөн 94.950 төгрөгнөөс 47.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Доржсанжаад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.                            

                       

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН