Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00290

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Онгоцон-Ухаа баг Одын 17-12 тоотод оршин суух Боржгин овогтой Банзарын Дамдинжамц /РД:ЙИ76020211/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар баг Өвт 2-10-157 тоотод оршин суух Боржигон овогтой Шушмаагийн Зоригоо /РД:ЙИ75121515/-д холбогдох

“2.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дамдинжамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Дамдинжамц миний бие 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Бат-Өлзий сумын иргэн Зоригоотой автомашины наймаа хийж Delica нэртэй автомашиныг 5.000.000 төгрөгөөр наймаалцсан. Зоригоо нь 3.000.000 төгрөгийн үнэтэй гэрийн мод өгсөн ба үлдэгдэл 2.000.000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа тул иргэн Зоригоос 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Хариуцагч Ш.Зоригоо би нэхэмжлэгч Б.Дамдинжамцад 1.700.000 төгрөг өгөхөөр, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бичиг баримтаа аваад мөнгийг нь өгөхөөр тохиролцов. 300.000 төгрөг авахаас татгалзаж 1.700.000 төгрөг авахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Дамдинжамц нь хариуцагч Ш.Зоригоогоос “2.000.000 төгрөг гаргуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Шүүхээс зохигчид эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дамдинжамц нь хариуцагч Ш.Зоригоос 1.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Зоригоогоос 23.475 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 23.475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Дамдинжамцад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дамдинжамцаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 23.250 төгрөгийг Төрийн сангийн 101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Дамдинжамц /ЙР76020211/-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.                            

 

ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН