| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1726/Э |
| Дугаар | 1784 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1784
2019 11 25 2019/ШЦТ/1784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эад холбогдох 1903 00987 0437 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дугаар сарын 11-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Авто ланд засварын төвд засварчин ажилтай, Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар баг, Наран гэх газар оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 10 дугаар гудамжны 8 тоотод түр оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхүдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Мын Э /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Э нь 2019 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Баясах” супермаркетын баруун талын замд Тоёота Ист маркийн 89-63 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Батхүүг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Ялгүй үлдээгээд өгөөч л гэж хүсье. Эхнэр маань жирэмсэн, 3 хүүхэдтэй. Ажлаа хийгээд байж байя. Тэнсэн харгалзах ял оногдуулна уу” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Батхүүгийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 22-ны 23 цагийн орчимд Сансарын тунелын орчим бааранд эхнэрийн хамт орсон. Хүүхэд утсаар холбоо бариад “хурдан ир” гэж хэлэхээр нь баарнаас гараад гэр лүүгээ харихаар явсан. Манай эхнэр түрүүлээд гарсан. Араас нь би гарсан. Би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явган хүний гарцаар гарсан. Цааш юу болсноо санахгүй байна. Нэг сэртэл Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Солонгын өгсөн: “... нөхөр Батхүүгийн хамтаар Баясах супермаркетын баруун талын явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар явсан. Манай нөхөр нэг хүнтэй таарч тамхиа асаан удаад байхаар нь би түрүүлж явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ зам хөндлөн гарах үед ард “тас” хийх чимээ гарахаар нь эргээд харахад манай нөхөр машинд мөргүүлчихсэн зам дээр хэвтэж байсан. Машин нь хажуу талд нь байсан... машины хөдөлгөөн бага байсан, явган хүний гарц байсан, гэрлэн дохио байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунбатын өгсөн: “... Баясах супермаркетын баруун талын зогсоол дээр хүн хүлээгээд зогсож байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явган хүний гарцаар энгэртээ хувцас ороогоод барьсан намхан нуруутай 50 орчим насны эмэгтэй хүн эхлээд гарсан. Тэр эмэгтэй гарсны дараа зүүн талд зогсоод агсам согтуу тавиад байсан залуу маш хурдтай явган хүний гарцаар гүйгээд гарч явсан... хойноос урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан хар өнгийн судлын автомашин явган хүний гарцан дээр тэр залууг мөргөхөд мөргүүлсэн залуу 16 метр хэртэй агаарт хөөрөөд газарт унасан. Дуу чимээгээр түрүүлээд гарсан эмэгтэй ажиглаж байснаа нөхрөө автомашинд мөргүүлснийг хараад нөхөр дээрээ очсон...” гэх мэдүүлэг /хх.25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10344 дугаартай: Ж.Батхүүгийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас доош зүүн нүдний ухархайн дээд хана, доод хана, гайморовын хөндийн урд хана, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн зулайн хэсгийн цусархаг няцрал, зүүн дух, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, 2 гарын сарвууны тохой, бугуй, 3-5-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Эын яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна... Би урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ маш тодорхой ярсан байгаа. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Э нь 2019 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Баясах” супермаркетын баруун талын замд Тоёота Ист маркийн 89-63 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Батхүүг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Батхүүгийн өгсөн: “... Би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явган хүний гарцаар гарсан. Цааш юу болсноо санахгүй байна. Нэг сэртэл Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Солонгын өгсөн: “... Манай нөхөр нэг хүнтэй таарч тамхиа асаан удаад байхаар нь би түрүүлж явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ зам хөндлөн гарах үед ард “тас” хийх чимээ гарахаар нь эргээд харахад манай нөхөр машинд мөргүүлчихсэн зам дээр хэвтэж байсан. Машин хажуу талд нь байсан... машины хөдөлгөөн бага байсан, явган хүний гарц байсан, гэрлэн дохио байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунбатын өгсөн: “... Тэр эмэгтэй гарсны дараа зүүн талд зогсож агсам согтуу тавиад байсан залуу маш хурдтай явган хүний гарцаар гүйгээд гараад явсан... хойноос урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан хар өнгийн суудлын автомашин явган хүний гарцан дээр тэр залууг мөргөхөд мөргүүлсэн залуу 16 метр хиртээ агаарт хөөрөөд газарт унасан. Дуу чимээгээр түрүүлэд гарсан эмэгтэй ажиглаж байснаа нөхрөө автомашинд мөргүүлснийг хараад нөхөр дээрээ очсон...” гэх мэдүүлэг /хх.25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10344 дугаартай: Ж.Батхүүгийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас доош зүүн нүдний ухархайн дээд хана, доод хана, гайморовын хөндийн урд хана, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн зулайн хэсгийн цусархаг няцрал, зүүн дух, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, 2 гарын сарвууны тохой, бугуй, 3-5-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Эын яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.42/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт М.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
М.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Э нь хохиролд 3.634.200 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Батхүү нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох М.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
М.Эад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төслөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн В, С ангиллын жолоочийн 738529 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Мын Эыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Эад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, М.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, М.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3.634.200 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Батхүү нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт хураагдаж ирүүлсэн В, С ангиллын жолоочийн 738529 дугаартай үнэмлэхийг М.Эад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
7. Хохирогч Ж.Батхүү нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Эаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР