Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1805

 

                                              

 

 

 

 

 

 2019          11           29                                    2019/ШЦТ/1805

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Гт холбогдох 1906 03858 1676 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1981 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Энержи ресурс” ХХК-Д тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х-Апартментын С блокын 27 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гын Г /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр X-Апартментын С блокын 27 тоотод буюу өөрийн гэртээ эхнэр Б.Алтанзаяаг сандлаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтанзаяагийн өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах X апартмент хотхоны С блок байрны 27 тоотод том хүү Тэмүүжин, бага хүү Азбилэг нарын хамт байсан. Гаднаас нөхөр Г, дүү Чинзоригийн хамт орж ирсэн. Тэгээд урд орой нь би найз охинтойгоо пиво ууж байгаад гэрт нь хоносон. Г “чи хаана хоноод ирж байгаа юм” гэхээр нь “найз охиныхоо гэрт хоносон” гэж хэлсэн. Тэгтэл Г “худлаа яриад бай” гэж хэлээд хуванцар сандал авч над руу шидээд миний чихний ар, толгой хэсэгт оносон. Сандлын хөл нь чихний ар хэсэгт онож язарсан байсан. Тэгээд юм урсаад байхаар нь гайхаад үзэхэд цус урсаж байсан. Цус урсаад суугаад байж байхад үсдэж үүд рүү чирээд гуя руу сандлаар цохисон. Дундуур хүү Тэмүүжин орж салгахад “чи хамгааллаа” гэж уурлаад байсан. Тэгээд эрэгтэй дүү цонх руу хараад “иймэрхүү юмнууд засардаггүй” гээд бушуухан явах минь гээд цүнхээ авч гараад явсан. Цагдаа дуудах гэхэд гар утас авч нуучихаад өгөхгүй байсан. Маргааш нь цагдаад хандсан... Нөхөр Г ... толгой, хөл, нуруу, гар луу сандлаар цохисон... Найз охиныдоо очиж хоносон гэх шалтгаанаар зодох болсон... урьд нь зодож байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй... Гэрлэлтийн баталгаатай. Хамт амьдраад 20 орчим жил болж байна. 8,16, 18 настай гурван хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Г.Гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Алтанзаяагийн биед зүүн чихэнд шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7699 дугаартай дүгнэлт /хх.19/,

Зөрчлийн арга хэмжээ авагдсан талаарх цагдаагийн мэдээлэл /хх.23-24/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ “10 буюу дунд зэрэг” гэсэн маягт /хх.33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хот руу явж манай ээж дээр очоод ирсэн. Эхнэр Алтанзаяатай хувцас угаах асуудал дээрээс болж бага зэрэг маргалдсан. Эхнэр Аптанзаяа уурлаад гэрээс гарч явсан байсан. 06 дугаар сарын 19-ний өдөр ажилтай явж байгаад өдөр 15 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр Алтанзаяа ирээгүй байсан. Би утсаар ярихад удалгүй очлоо гэсэн. Би гадуур гарчхаад буцаж гэртэй орж ирсэн. Тэгэхэд Алтанзаяа гэртэй ирсэн байсан. Би эхнэр Алтанзаяаг хоногоор хаагуур явж байгаа юм гэж хэлсэн. Том болсон хүүхдүүдтэй байж үлгэр дууриал үзүүлэхгүй гэж хэлээд маргалдсан. Маргалдаж байгаад уурандаа хуванцар сандал аваад шидэхэд Аптанзаяагийн зүүн чихний орчим оносон. Тэгээд цус гарчихсан байсан. Дахин маргалдаагүй... Гадуур хоносон гэж уурлаад цохисон. Өмнө нь намайг Солонгос улсад байхад бас хүүхдүүдээ орхин гадуур яваад байдаг байсан. Ер нь Алтанзаяа гадуур яваад байдаг, энэ асуудлаас болж маргалддаг... 20 жил хамт амьдарч байна. Гэрлэлтийн баталгаатай. 8, 16, 18 настай гурван хүүхэдтэй... Архи хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр X-Апартментын С блокын 27 тоотод буюу өөрийн гэртээ эхнэр Б.Алтанзаяаг сандлаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтанзаяагийн өгсөн: “... Тэгтэл Г “худлаа яриад бай” гэж хэлээд хуванцар сандал авч над руу шидээд миний чихний ар, толгой хэсэгт оносон. Сандлын хөл нь чихний ар хэсэгт онож язарсан байсан. Тэгээд юм урсаад байхаар нь гайхаад үзэхэд цус урсаж байсан. Цус урсаад суугаад байж байхад үсдэж үүд рүү чирээд гуя руу сандлаар цохисон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Г.Гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Алтанзаяагийн биед зүүн чихэнд шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7699 дугаартай дүгнэлт /хх.19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гийн яллагдагчаар өгсөн: “... Маргалдаж байгаад уурандаа хуванцар сандал аваад шидэхэд Алтанзаяагийн зүүн чихний орчим оносон. Тэгээд цус гарчихсан байсан... Гадуур хоносон гэж уурлаад цохисон...” гэх мэдүүлэг /хх.29/,

Зөрчлийн арга хэмжээ авагдсан талаарх цагдаагийн мэдээлэл /хх.23-24/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ “10 буюу дунд зэрэг” гэсэн маягт /хх.33/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Алтанзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд  “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Г.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Алтанзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Г.Гийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Гын Гийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Гт сануулсугай.

5. Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Алтанзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                   С.ӨСӨХБАЯР