| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00304/И |
| Дугаар | 146/ШШ2016/00291 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00291
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн-Овоо баг Өлийн 3-34 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, Гомбо овгийн Тогоогийн Уламбаяр /РД:ЙР84051101/-ийн хүсэлттэй,
Хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Уламбаяр, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Уламбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “....Т.Уламбаяр миний бие Н.Эрдэнэбаттай 2005 оны 08 дугаар сард гэр бүл болж хүү Эрхэмбаярыг төрүүлж өсгөсөн. 2010 оныг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан. Гэвч бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр Н.Эрдэнэбат нь 2016 оны 02 дугаар сард зуурдаар нас барсан. Хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул Н.Эрдэнэбат бид хоёрыг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Уламбаяр нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Т.Уламбаяр, Н.Эрдэнэбат нар 2005 оноос 2010 он хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан ба нөхөр Н.Эрдэнэбат нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ¹ 0000161920 тоот нас барсны гэрчилгээ, Хархорин сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Т.Энхчимэг, Т.Дэлгэрбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар Гомбо овгийн Тогоогийн Уламбаяр, Буяндэлгэр овгийн Найдангийн Эрдэнэбат нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН