| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1768/Э |
| Дугаар | 1808 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1808
2019 11 29 2019/ШЦТ/1808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч М.Хандармаа /ҮД:1160/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Од холбогдох 1906 03837 2146 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 8 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, хуучнаар Найрамдалын районы шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Сийн О /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.О нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхоны 33в байрны 73 тоотод оршин суух иргэн Л.Лхагвасүрэнгийн гэрт очиж 1.000.000 төгрөг зээлээд, түүнийг унтсан үеэр нь 1.050.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөт-9 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч мобайл банкаар нь нэвтрэн, 1.500.000 төгрөг шилжүүлэн авч нийт 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Лхагвасүрэнгийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр миний танил болох О нь манай гэрт ирсэн бөгөөд тухайн үед надад “банкны зээлийн хүү төлөх хугацаа болчихсон 1.500.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн ба “1.500.000 төгрөг зээлэх боломжгүй байна, 1.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө ХААН банкны данснаас Оын охиных нь данс руу буюу 5447281000 гэх данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд төд удалгүй О явсан ба хэсэг хугацааны дараа манайд ахиж ирсэн бөгөөд 1 шил “Болор” архи авчирсан. Тэгээд би өглөө 9 цагийн үед сэртэл О байхгүй байсан. Тэгээд би ХААН банкны лавлах утас руу залгаад хамгийн сүүлд хийсэн гүйлгээний мэдээллийг асуухад миний данснаас 5334027325 гэх данс руу 1.000.000 төгрөг, 5334048539 гэх данс руу 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Тэгээд би Оын 96625839 гэх дугаар луу залгаад утсаар ярьтал “би чиний данснаас мөнгө авсан удахгүй өгнө” гэж хэлсэн. Тэгээд тэгж ярьснаас хойш одоог хүртэл надтай холбогдоогүй бөгөөд гар утас нь холбогдохгүй байгаа юм... Би Од 1.000.000 төгрөг зээлэхдээ гар утсаараа мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Тухайн үед Од мобайл банкныхаа нууц үгийг харуулж байгаад 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Тийм болохоор намайг унтаж байх хойгуур миний гар утсаар мобайл банкыг маань ашиглаад шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
ХААН банкны 5374124311 тоот дансны хуулга /хх.15-90/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.121-125/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Сод-Эрдэнийн өгсөн: “2019 оны 05 сарын сүүлээр хадам ээжийн төрсөн дүү гэх О эгч нөхрийн хамт хотод ажлаар ирсэн юм, тэгээд О эгч нөхөр нь сураггүй алга болчихлоо гээд хамт гадуур хайсан юм. Тэгээд олдохгүй байж байгаад нөхөр нь 2 хоногийн дараа ирээд тэгээд согтуу манайд эгчийг хүргэж өгсөн, тэгтэл орой нь эгч рүү залгаад нэг хүн дуудсан, тэр айлд очихоос өмнө эгч “шартаад байна, 100 татмаар байна” гэхээр нь бид хамт Номин их дэлгүүр замын урд нэрийг нь санахгүй байна, очвол мэднэ, паб руу ороод 100 гр архи аваад хувааж уугаад гарсан юм. Тэр эгчийг дуудаад байсан хүн нь Батхуяг ахын хуучин эхнэр нь байсныг сүүлд мэдсэн, тэр хоёр хоорондоо баахан юм ярьж байснаа дараа нь “осолд орсон машиныг чирж авчрах хэрэгтэй байна, үүнд 1.000.000 төгрөг хэрэгтэй” гэж яриад намайг “данс олоод ирээч” гэхээр нь би гарч эхлээд орсон пабын зөөгч залуугийн дансны дугаарыг аваад О эгчид өгсөн, тэгээд тэр данс руу хэрхэн яаж мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд удалгүй гэрээс нь гарч нөгөө паб руу очоод О эгч тэр зөөгч дээр өөрөө очиж мөнгөө авсан, тэр газар би 100 гр архи авч уусан, надад өөр мэдэх зүйл байхгүй. Би эгчийн хамт гэрээс нь гарах гэсэн чинь хаалга нь хаагдахгүй байсан, тэгэхээр нь гар утас нь алга болчихож магадгүй тэгж байгаад авна биз гэж хоорондоо ярилцаж байгаад гар утсыг нь эгч аваад гарсан юм. Тэгээд бид замдаа нөгөө пабаар ороод мөнгөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.115-116/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Очирваанийн өгсөн: “Тухайн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо буюу Номин их дэлгүүрийн эсрэг талд байрлах “Тэлмүүн” пабд барменаар ажилладаг байсан ба тус өдрийн 03 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй хүн орж ирээд нэг залуугийн ширээн дээр сууж байсан, тэгээд хаах дөхөж байхад текен дээр ирээд “чиний карт чинь байгаа юу” гэж асуугаад “хамт явж байгаа залуудаа мобайл банкны нууц кодоо мэдэгдмээргүй байна” гэж хэлж байсан. Тэгээд “шинэ утас авсан чинь ажиллуулж мэдэхгүй байна, миний дүү өөрийн ХААН банкны данс руу нэг сая төгрөг шилжүүлж тооцоогоо аваад үлдэгдлийг нь аваад ир” гэсэн юм. Тэгээд би гарч Хавдар Судлалын Үндэсний Төвд байрлах АТМ-с мөнгийг нь авч буцан ажил дээр орж ирээд тооцоогоо авчихаад уг хүнд үлдэгдэл мөнгийг нь өгөх гэхэд хамт сууж байсан эрэгтэйд 500.000 төгрөг өгчих гэхээр нь тоолж өгчихөөд үлдэгдлийг нь уг эмэгтэйд өгсөн. Уг хоёр хүн хэсэг сууж байгаад манай байгууллага 04 цагт хаахад гарцгаасан. Тэрнээс өөр зүйл бол би сайн мэдэхгүй байна. Уг эмэгтэй нэг Самсунгийн шинэ гар утас гаргаж ирээд ХААН банкны мобайл банк руу ороод *1917# гэж ороод кодоо хэлээд надаар шилжүүлүүлсэн юм. Уг хүний барьж орж ирсэн гар утас нь цэнхэр өнгийн Самсунгийн гар утас байсан би ямар загвартай гэдгийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.117-118/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Оргихбаярын өгсөн: “Тухайн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо буюу Номин их дэлгүүрийн эсрэг талд байрлах “Тэлмүүн” пабд зөөгчөөр ажилладаг байсан ба тус өдрийн 02 цаг өнгөрч байхад нэг настайвтар хүн орж ирээд 100 гр архи захиалж авсан тэгээд “хүн орж ирэхийг хүлээж байна, орж ирэхээр нь тооцоогоо хийе, чиний данс руу 500.000 төгрөг шилжүүлнэ, тэндээс тооцоогоо авч үлдэгдлийг нь АТМ-с аваад өгчих, болох уу” гэж асуусан. Тэгээд 03 цаг өнгөрч байхад нэг хүүхэн орж ирээд шууд “дансаа хэл” гэсэн, тэгээд уг эмэгтэй “шинэ гар утас авсан, гар утасныхаа менюг ойлгохгүй байна” гэсэн тэгээд уг эмэгтэйд өөрийн дансаа хэлж өгөхөд миний ХААН банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ATM гарч Хавдарын Судлалын Үндэсний Төвийн ATM орж мөнгийг нь авч орж ирээд мөнгийг нь өгсөн юм. Удалгүй уг эмэгтэй “эгч нь шинэ гар утас авсан ойлгохгүй байна, гэж хэлэхээр нь ахыг дуудаад уг гар утсыг нь үзүүлсэн юм. Тэгээд ярьж байгаа зүйлийг нь сонсоход уг эмэгтэй ахын данс руу мөн 1 сая төгрөг шилжүүлж АТМ-с гаргуулж авсан. Уг эмэгтэйг уг залуу утсаар ярьж дуудсан байх, тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. Хүлээж байсан эмэгтэй нь орж ирэхдээ согтуу орж ирсэн, тэгээд хаах дөхөж байсан болохоор тийм их зүйл зарж борлуулаагүй. Манай байгууллагаар үйлчлүүлсэн эмэгтэй миний данс руу мөнгө шилжүүлүүлж АТМ-с гаргуулж аваад орж ирэхэд уг эрэгтэй надаас мөнгөө авч шууд халаасандаа хийсэн. Уг эмэгтэй гаднаас орж ирээд суухад хүлээж байсан залуу нь намайг дуудаад миний данс руу 500.000 төгрөг эмэгтэйгээр шилжүүлүүлсэн юм. Уг эмэгтэй манайд үйлчлүүлж байсан нэг эрэгтэй хүний сууж байсан газар очиж суусан. Залуу нь намхандуу, мяраалаг хүн байсан юм. Уг эмэгтэйг хүлээж байсан залуу нь манай эгч гэж хэлж байсан тэрнээс өөр зүйл яриагүй. Эмэгтэй нь гаднаас орж ирэхдээ согтуу байсан ба эрэгтэй нь гайгүй байсан, уг эмэгтэйг орж ирсний дараа 400гр архи уусан, нийт 600 гр архи уусан, өөрийгөө авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх.119-120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Оын яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр нөгөө паб руу дахин ороод зөөгч залуугаар данснаас нь шилжүүлсэн 1 сая төгрөгөө гаргуулж аваад нөгөө залууд “дансаар чинь мөнгө оруулж гаргасан болохоор баярлалаа” гээд мөнгө өгсөн, хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.106-108/,
Хохирол нөхөн төлсөн баримт /хх.166/,
С.Оын эрүүл мэндийн талаарх шинээр гаргасан 1 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.О нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхоны 33в байрны 73 тоотод оршин суух иргэн Л.Лхагвасүрэнгийн гэрт очиж 1.000.000 төгрөг зээлээд, түүнийг унтсан үеэр нь 1.050.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөүт-9 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч мобайл банкаар нь нэвтрэн, 1.500.000 төгрөг шилжүүлэн авч нийт 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Тэгээд би өглөө 9 цагийн үед сэртэл О байхгүй байсан. Тэгээд би ХААН банкны лавлах утас руу залгаад хамгийн сүүлд хийсэн гүйлгээний мэдээллийг асуухад миний данснаас 5334027325 гэх данс руу 1.000.000 төгрөг, 5334048539 гэх данс руу 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Тэгээд би Оын 96625839 гэх дугаар луу залгаад тусаар ярьтал би чиний данснаас мөнгө авсан удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд тэгж ярьснаас хойш одоог хүртэл надтай холбогдоогүй бөгөөд гар утас нь холбогдохгүй байгаа юм... Би Од 1.000.000 төгрөг зээлэхдээ гар утсаараа мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Тухайн үед Од мобайл банкныхаа нууц үгийг харуулж байгаад 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Тийм болохоор намайг унтаж байх хойгуур миний гар утсаар мобайл банкыг маань ашиглаад шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
ХААН банкны 5374124311 тоот дансны хуулга /хх.15-90/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.121-125/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Сод-Эрдэнийн өгсөн: “... Тэр эгчийг дуудаад байсан хүн нь Батхуяг ахын хуучин эхнэр нь байсныг сүүлд мэдсэн, тэр хоёр хоорондоо баахан юм ярьж байснаа дараа нь “осолд орсон машиныг чирж авчрах хэрэгтэй байна, үүнд 1.000.000 төгрөг хэрэгтэй” гэж яриад намайг “данс олоод ирээч” гэхээр нь би гарч эхлээд орсон пабын зөөгч залуугийн дансны дугаарыг аваад О эгчид өгсөн, тэгээд тэр данс руу хэрхэн яаж мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд удалгүй гэрээс нь гарч нөгөө паб руу очоод О эгч тэр зөөгч дээр өөрөө очиж мөнгөө авсан, тэр газар би 100 гр архи авч уусан, надад өөр мэдэх зүйл байхгүй. Би эгчийн хамт гэрээс нь гарах гэсэн чинь хаалга нь хаагдахгүй байсан, тэгэхээр нь гар утас нь алга болчихож магадгүй тэгж байгаад авна биз гэж хоорондоо ярилцаж байгаад гар утсыг нь эгч аваад гарсан юм. Тэгээд бид замдаа нөгөө пабаар ороод мөнгөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.115-116/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Очирваанийн өгсөн: “... нэг эмэгтэй хүн орж ирээд нэг залуугийн ширээн дээр сууж байсан, тэгээд хаах дөхөж байхад текен дээр ирээд “чиний карт чинь байгаа юу” гэж асуугаад “хамт явж байгаа залуудаа мобайл банкны нууц кодоо мэдэгдмээргүй байна” гэж хэлж байсан. Тэгээд “шинэ утас авсан чинь ажиллуулж мэдэхгүй байна, миний дүү өөрийн ХААН банкны данс руу нэг сая төгрөг шилжүүлж тооцоогоо аваад үлдэгдлийг нь аваад ир” гэсэн юм. Тэгээд би гарч Хавдар Судлалын Үндэсний Төвд байрлах АТМ-с мөнгийг нь авч буцан ажил дээр орж ирээд тооцоогоо авчихаад уг хүнд үлдэгдэл мөнгийг нь өгөх гэхэд хамт сууж байсан эрэгтэйд 500.000 төгрөг өгчих гэхээр нь тоолж өгчихөөд үлдэгдлийг нь уг эмэгтэйд өгсөн... Уг эмэгтэй нэг Самсунгийн шинэ гар утас гаргаж ирээд ХААН банкны мобайл банк руу ороод *1917# гэж ороод кодоо хэлээд надаар шилжүүлүүлсэн юм. Уг хүний барьж орж ирсэн гар утас нь цэнхэр өнгийн Самсунгийн гар утас байсан би ямар загвартай гэдгийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.117-118/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Оргихбаярын өгсөн: “... уг эмэгтэй “эгч нь шинэ гар утас авсан ойлгохгүй байна, гэж хэлэхээр нь ахыг дуудаад уг гар утсыг нь үзүүлсэн юм. Тэгээд ярьж байгаа зүйлийг нь сонсоход уг эмэгтэй ахын данс руу мөн 1 сая төгрөг шилжүүлж АТМ-с гаргуулж авсан... Манай байгууллагаар үйлчлүүлсэн эмэгтэй миний данс руу мөнгө шилжүүлүүлж АТМ-с гаргуулж аваад орж ирэхэд уг эрэгтэй надаас мөнгөө авч шууд халаасандаа хийсэн. Уг эмэгтэй гаднаас орж ирээд суухад хүлээж байсан залуу нь намайг дуудаад миний данс руу 500.000 төгрөг эмэгтэйгээр шилжүүлүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.119-120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Оын яллагдагчаар өгсөн: “... Бид хоёр нөгөө паб руу дахин ороод зөөгч залуугаар данснаас нь шилжүүлсэн 1 сая төгрөгөө гаргуулж аваад нөгөө залууд “дансаар чинь мөнгө оруулж гаргасан болохоор баярлалаа” гээд мөнгө өгсөн, хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.106-108/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар С.Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Л.Лхагвасүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
С.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Л.Лхагвасүрэн нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир С.Оыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
С.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Сийн Оыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 3.3 дахь заалтад тус тус зааснаар, С.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, С.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР