Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1724

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04506 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-нд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48 893 316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч     ХХХХ-т     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХХ” ХХК нь “ХХХ” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр №1 тоот “Нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч “ХХ” ХХК нь шатахуун нийлүүлэх, худалдан авагч “ХХХ” ХХК нь шатахуун хүлээн авч, төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. “ХХ” ХХК, “ХХХ” ХХК-ийн хүсэлтийн дагуу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, шаардлагатай шатахууныг “ХХХ” ХХК-д шилжүүлсэн. “ХХХ” ХХК нь гэрээний хугацаанд нийт 165 319 600 төгрөгийн үнэ бүхий шатахууныг авсан бөгөөд шатахууны төлбөрт 80 255 800 төгрөгийг төлж 85 063 800 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй. Манайх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны №102/ШШ2015/06622 тоот шийдвэрээр “ХХХ” ХХК нь гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. “ХХХ” ХХК-тай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №1 тоот гэрээний 4.2-т “Худалдан авагч шатахууны төлбөрийг худалдан авах шатахууны хэмжээгээр тооцон урьдчилан төлөх бөгөөд хэрэв худалдагч тал зөвшөөрвөл шатахуун хүлээн авсны дараа буюу хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан худалдагч талын дансанд шилжүүлж болно”, 4.3-т “Худалдан авагч тал аливаа нэгэн шалтгаанаар хугацаандаа төлбөрөө тохиролцон хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө” гэж тус тус заасан байдаг ба энэхүү гэрээний хугацаа дуусгавар болсон байдаг. ”ХХ” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/369 тоот зээлийн гэрээгээр ХААН банкнаас 1 тэрбум төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй авч сард үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрт 91 110 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ16/22 тоот зээлийн гэрээгээр ХААН банкнаас 50 000 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй авч сард үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрт 2 585 000 төгрөгийг одоо ч төлж байгаа бөгөөд манай компанийг их хэмжээний зээлтэй байхад шатахууны жижиглэн худалдаа хийж байсан эргэлтийн мөнгийг өгөхгүй 1 жил гаруй түгжиж компанийн санхүүгийн байдлыг доголдуулж хямралд оруулсан. Бид 1 жилийн хугацаанд 112 691 166 төгрөгийн алданги тооцсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 48 063 800 төгрөгөөр тооцсон. Иймд “ХХХ” ХХК-иас алданги 48 893 316 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХ” ХХК-тай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Манайх “ХХ” ХХК-иас авсан шатахууны үнийн дүнг төлнө. Гэхдээ “ХХ” ХХК-тай манайх ямар ч гэрээ хийж байгаагүй дандаа аман гэрээ хийж байсан. Шүүхийн шийдвэрээр 85 063 800 төгрөгийг төлөхөөс 32 000 000 төгрөгийг төлөөд байгаа. Үлдэх төлбөртөө машин, байр орон сууц оруулъя гэсэн санал тавьсан. Манайх гаднаас мөнгө авах гэж байгаа мөнгө орж ирэхээр өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХХ” ХХК-иас 48 893 316 төгрөг гаргуулахыг хүссэн “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 450төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны №102/ШШ2016/04506 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "ХХ” ХХК нь “ХХХ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 114 391 485 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №102/ШШ2015/06622 дугаар шийдвэрээр хариуцагчаас 85 063 800 төгрөг гаргуулахаар хангасан, харин алданги 29 327 685 төгрөг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч 32 000 000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. “ХХ” ХХК нь “ХХХ” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр №1 тоот “Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд заасны дагуу хариуцагч “ХХХ” ХХК-д 165 319 600 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хүлээлгэн өгсөн ба хариуцагчийн зүгээс 80 255 800 төгрөгийг шатахууны төлбөрт төлж, 85 063 800 төгрөгийн шатахууны төлбөрийг төлөөгүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №102/ШШ2015/06622 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа дуусаагүй ба Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1 дэх хэсэгт зааснаар алданги нь /анз/ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт "Үүргийг ... хугацаанд нь ... гүйцэтгэнэ", 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт "Үүргийг ... гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ" гэж тус тус заасан ба хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусаж байна" хэмээн дурдаж, хариуцагчаас 85 063 800 төгрөг гаргуулж, харин алданги 29 327 685 төгрөг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2015 оны №1 тоот гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусаж байх ба гэрээний хугацаа дуусгавар болсноор алданги шаардах эрх үүснэ хэмээн тайлбарлаж, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний дээрх заалтад дүгнэлт хийгээгүй ба зөвхөн дээрх асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэрээний чөлөөт байдлын зарчмыг ноцтой зөрчсөн. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан 2015 оны №1 тоот гэрээ, түүний 4.2, 4.3 дахь заалтууд нь хууль зөрчсөн, хуульд харшилсан зохицуулалтыг агуулаагүй ба нэхэмжлэгч, хариуцагчид нь дээрх нөхцөлийг сайн дурын үндсэн дээр тохиролцож, байгуулсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны №102/ШШ2015/06622 дугаар шийдвэрийг хүндэтгэж, шүүхийн шийдвэрт заасанчлан алданги гаргуулах шаардлагыг гэрээний хугацаа дуусгавар болсны дараа тус шүүхэд хандаж гаргасан боловч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. Гэрээгээр тохиролцож, гэрээнд тусгайлан, нарийвчлан заасан алдангийг дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад дүгнэлт хийхээс татгалзан шийдвэрлэснээрээ шүүхийн зүгээс буруу практик тогтоох үндсийг мөн бүрдүүлээд байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны №1 тоот гэрээнд гэрээний гол нөхцөл болох шатахууны үнэ, хэмжээг харилцан тохиролцоогүй гэж үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №102/ШШ2015/06622 дугаар шийдвэрийг юу гэж үзэх нь ойлгомжгүй. Шүүхийн зүгээс дээрх байдлаар өмнөх шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн, нотлох баримт болоод шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад хэт нэг талыг барьсан буруу дүгнэлт хийсэн нь тодорхой байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №102/ШШ2016/04506 дугаар шийдвэр нь дээрх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааныг бүрэн дүүрэн үнэлээгүй тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

           

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-аас алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…хариуцагч “ХХХ” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 01 тоот гэрээ байгуулж, дээрх гэрээний дагуу талууд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тооцоогоо нийлж “ХХХ” ХХК нь 85 063 800 төгрөгийн төлбөртэй болохоо баталж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн бичгийн баримт үйлдсэн байна. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2015/06622 дугаар шийдвэрээр хариуцагч “ХХХ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 85 063 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж алдангид нэхэмжилсэн 29 327 685 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. / хэргийн 28-29 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараа талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа алдангийг шаардаж болох талаар дүгнэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд алданги гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй. /хэргийн 1, 6 дугаар тал/

 

 Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.2-т “Худалдан авагч шатахууны төлбөрийг худалдан авах шатахууны хэмжээгээр урьдчилан төлөх бөгөөд хэрэв худалдагч тал зөвшөөрвөл шатахуун хүлээн авсны дараа буюу хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан худалдагч талын дансанд шилжүүлж болно”, 4.3-д “Худалдан авагч тал төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5%-иар алданги төлөх”-өөр тус тус тохиролцсон байна.

 

Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги шаардах эрхтэй байна.

 

            Анхан шатны шүүх алдангийн талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвтгөн өөрчилж, хариуцагч “ХХХ” ХХК-аас 48 893 316 төгрөгийг гаргуулан “ХХ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

 

            Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04506 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХХХ” ХХК-аас 48 893 316 төгрөг гаргулан нэхэмжлэгч “ХХ” ХХК-нд олгосугай” гэж,

2 дахь заалтын “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1….” гэсний дараа “хариуцагч “ХХХ” ХХК-аас 402 461 төгрөг гаргуулан “ХХ” ХХК-д олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 500 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                              ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО