| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 194/2025/0911/Э |
| Дугаар | ХШТ/2025/116 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар ХШТ/2025/116
О.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1120 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 958 дугаар магадлалтай, О.Д-д холбогдох … дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай, Б.Зулбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, … овогт О-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх О.Д-ийг “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар О.Д-д 14 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 150 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар О.Д-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 63,000,000 төгрөг, амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 8,969,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх О.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, О.Д-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял оногдуулж, өмгөөлөгч С.Номиндалайн гомдлоос “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг эс зөвшөөрч гаргасан хэсгээс бусад хэсгийг, мөн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч О.Д-ийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “…О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 380 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1425 дугаар захирамжаар нийт 3 удаа хэргийг прокурорт буцаасан байдаг.
Дээрх захирамжаар:
1.2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5376 дугаартай дүгнэлтээр амь хохирогч З.А-ын хумсанд биологийн мөр илрүүлэх шинжилгээ хийсэн бөгөөд “Зүүн гарын долоовор, ядам хурууны хумсан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоосон байна. Гэвч дээрх шинжилгээгээр тогтоосон цусны ДНХ хэнийх болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой.
2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/669 дугаартай дүгнэлтэд хэргийн газрын нөхөн үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрөнд шинжилгээ хийсэн гэж тэмдэглэсэн байна. Шинжилгээгээр гарын мөр хэнийх болохыг тогтоох ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай.
3.Гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч З.А, яллагдагч О.Д нараас өөр хүн хэрэг учрал болсон газарт байсан эсэх, хэрэв байсан болох нь тогтоогдвол үйлдэгдсэн гэмт хэрэг, болсон үйл явдлын талаар мэдэх эсэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд хамтран оролцсон эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Гэтэл дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүхээс О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоол гаргасан.
2.Талийгаач З.А-ын хумснаас авсан эдэд хийсэн шинжилгээгээр эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн талаар шинжээч М.Чингүүн мэдүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр О.Д-ийн ДНХ-ээс өөр эрэгтэйн ДНХ илэрсэн (2 хх 190-192) байхад энэ эрэгтэй хэн болохыг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд талийгаачийн гарын хумсан дээрх цуснаас илэрсэн ДНХ-тэй эрэгтэй хэн болохыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” гэсэн байдлыг тогтоох шаардлагатай ажиллагаа мөн болно. Шинжээч эмч Э.Чингүүн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “харьцуулсан шинжилгээ хийж хэний ДНК болохыг тогтоох боломжтой” /Зхх-125х/ гэж мэдүүлсээр байтал шүүх хэрэг бүрэн нотлогдсон гэж үзээд О.Д-ийг гэм буруутайд тооцож 11 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.
3.Хэрэгт авагдсан энгэрийн камерийн бичлэгт О.Д-ийн эхнэрээ архи уусан эсэхийг мэдэхгүй байгаа байдалтай хариулт өгч байгаа нь, мөн “би алгадчихсан юм болов уу” гэж 2 удаа хэлж байгаа нь бичигдсэн ба энэ бичлэг нь О.Д юу болоод өнгөрсөн болохыг гарцаагүй мэдэхгүй байгааг бүрэн нотолж байгаа төдийгүй, тус энгэрийн камерийн бичлэг нь О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “юу болсон байдлыг мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг үнэлэх эх сурвалж нь болж байгаа. Шүүх “...О.Д, З.А нар хоёулахнаа байсан, хүн орж ирээгүй...” гэсэн О.Д-ийн мэдүүлгийг (шийтгэх тогтоолын 18 тал) үнэлсэн атлаа түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “шөнө юу болсон, яагаад З.А-ын нас барсан болохыг мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “бүх насаар нь хорих ял оногдуулж болох” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг өмгөөлөгчгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй гэсэн заалтыг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс “хууль зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
4.Амь хохирогчийн цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр нас баралтын шалтгаан нь боолт, эсхүл дүүжлэлт эсэх нь эргэлзээтэй байхад дахин шинжээч томилох, туршилт хийх гэсэн мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн: 1.Нүүрэн дэх цэгчилсэн цус харвалт зөвхөн боолтын үед үүсдэг гэсэн мэдүүлгийг нягталж шалгах ёстой байсан. Цогцост хийсэн үзлэгээр ийм цус харвалт нүүрэнд илрээгүй байна (1хх 16-19). 2.Дүүжлэлтийн үед дүүжлэлтийн ором ташуу байдаг. Талийгаачийн хувьд, араас нь оруулж ирээд ардаа битүү орж ирэнгүүтээ урдаа зөрөлдөөд арагшаагаа нэг талын үзүүр дээшээ, нөгөө талынх нь уяаны дагуу татагдсан. ...уяаны зүүн талын үзүүр дээшээ чих рүүгээ чиглэсэн гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлэгтээ шинжээч талийгаачийн хүзүүнд ташуу ором гарсан болох талаар өөрөө мэдүүлсэн атлаа боолт гэж үзэж байгаа нь эргэлзээг үүсгэж байгаа. Бодит байдал дээр эхний ороолт нь маханд шигдээд, дараагийн ороолт нь дүүжлэлтийг нь зааж байгаа буюу ташуу чиглэлтэй байгаа. Иймээс амь хохирогч З.А боолтын улмаас, эсхүл дүүжлэлтийн улмаас нас барсан уу гэсэн эргэлзээ бодитой үүсэж байна. Мөн шинжээч эмч С.Эрдэнэцэцэг “...амь хохирогчийн хүзүү хэсэгт үүссэн боолтын ормыг тогтоох боломжгүй. Аль ч байрлалаас үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг дахин гаргуулах боломжтой...,” (3 хх 19-20) гэж мэдүүлж байжээ. Ийм байхад шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний 2695 шинжээчийн дүгнэлтэд “боолт, бүтэлт, дүүжлэлтийн алинаар үүссэн болох” талаар асуулт мөрдөгч, прокурор огт тавиагүй (1хх 50-61) атлаа нэмэлт шинжээчийн дүгнэлт гараагүй, дахин шинжээчийн дүгнэлт гараагүй асуултад шинжээч С.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг (2 хх 23-24) авч, өгч байгааг үнэлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/958 дугаар магадлалд “Хүнийг санаатай алах” гэсэн гэмт хэргийн үйл баримт хэрэгт байгаа бүхий л нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “Тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч миний давж заалдах шатны шүүхэд гаргасан “эдээс илэрсэн ДНК хэнийх болохыг тогтоолгох, нас барсан шалтгааныг тодорхой болгох...” гэсэн хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой, ойлгомжтой тайлбарлаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй тогтоохтой холбогдуулан талийгаач З.А-ын нас барсан шалтгааныг эргэлзээгүйгээр тогтоох (боолт, дүүжлэлт алин болох, гадны хүчний үйлчлэлээр үүссэн эсэх), гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, /маргасан эсэх, 22 цагт унтсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг, 23 цагт ээжтэйгээ ярихад “...аав чинь унтаж байна…” гэх охин Д.М-ийн мэдүүлэг/ шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, туршилт хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Иймд … дугаартай эрүүгийн хэрэгт дээрх үндэслэл бүхий нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/958 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “… Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч О.Д-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай гэж дүгнээд ял оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь бүх насаар хорьж болзошгүй гэмт хэрэгт өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож болохгүйгээс гадна дээрх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэгт авагдсан. Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй байхад шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой.
Өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1425 дугаартай захирамжид “...амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тодруулж, хэргийн материалаар дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулж, боломжтой тохиолдолд дахин шинжилгээ хийлгэх...” гэж заасан байдаг ба энэ талаар шинжээч эмчээс асууж мэдүүлэг авахад хэргийн материалаар дахин шинжилгээ хийх боломжтой гэж хариулт өгсөн байхад дахин шинжилгээ хийлгэхгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1120 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/958 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг хэлсэн саналдаа “Энэ хэрэг гараад 3 жилийн хугацаа болсон. Амь хохирогчийн хуруун дээр байсан цусыг тогтоох, өөр эрэгтэй хүн үйлдсэн байж болзошгүй гэсэн шалтгаанаар энэ хэрэг өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч нар оролцож дүгнэлтээ тайлбарласан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нар “энэ хэргийг дүүжилсний улмаас уу, боолтын улмаас уу” гэж маргадаг боловч дүүжлэгдсэн зүйл байхгүй. Амь хохирогчийг хэвтээ байхад нь тоононы чагтага уяагаар боомилж амь насыг нь хохироосон. Мөн шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед “тоглоод боомилчихсон, тэгсэн чинь үхчихсэн байна лээ” гэж мэдүүлсэн. Гэтэл хүн алж, боомилж, боож тоглоно гэсэн ойлголт байхгүй.
Мөн давж заалдах шатны шүүх “гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Ийнхүү үзэж байгаа шалтгаан нь амь хохирогч болон шүүгдэгч нар гэр бүлийн баталгаагүй байсан тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзсэн. Гэвч амь хохирогч болон шүүгдэгч нар нь 17 настай хүүхэдтэй бөгөөд 17-18 жил хамт амьдарсан. О.Д нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, нэг ч удаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э хэлсэн саналдаа “Би тэвчээртэйгээр 3 жил хүлээж байна. Би О.Д-ийг надаас уучлалт гуйх болов уу, охиноо бодож үзэх болов уу гэж өнөөдрийг хүртэл хүлээсэн. Энэ хэргийг олон удаа буцаахад би дуугүй л байсан. Одоо дуусгамаар байна. 10 гаруй жил хамт амьдрахад нь зовлонг нь хамт туулалцсан. Би хэнийг нь ч гадуурхаж байгаагүй, маш их гомдолтой байна” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.А-тай маргалдан түүний хоолойг уяагаар боож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг шинжлэн судалж, хэлэлцүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, тавьж буй асуудлыг няцаан үгүйсгэж буй болон баталж байгаа баримтуудын талаар тодорхой дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “байнга” гэсэн тооны давтамж, ойлголт хамаарахгүй хэдий ч энэ хэргийн нөхцөл байдлаас авч үзэхэд шүүгдэгч О.Д нь амь хохирогч З.А-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс “Хувийн таарамжгүй байдлаас шалтгаантай гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд дунд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх учиргүй” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хэргийн тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Энэ хүрээнд дүгнэлт гаргаж байна. Харин анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 63,000,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.
Учир нь, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тодорхой хуульчлан заасан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгатай бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байхад хоёр шатны шүүх “хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай, Б.Зулбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн О.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Прокуророос О.Д-ийг 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00:00 цагийн үед ... дүүргийн ... дүгээр хороо, ... ... дүгээр гудамжны ... тоот гэртээ согтуугаар хамтран амьдрагч З.А-тай гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргалдаж, улмаар түүний хоолойг уяагаар боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ... дүүргийн ... дүгээр хороо, ... ... дүгээр гудамжны ... тоот гэртээ эхнэр З.А-ын хоолойг уяагаар (гэрийн чагтага) боож алсан болох нь хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 13-18 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2695 дугаар болон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаартай дүгнэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 50-61 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 33-36 дахь тал), шинжээч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19, 2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал), цагдаагийн ажилтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 172-177 дахь тал), шүүгдэгч О.Д-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч О.Д нь гэр бүлийн хамаарал бүхий З.А-тай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоолойг нь уяагаар боож алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, О.Д-ийг ахуйн шинжтэй маргааны улмаас хувийн сэдэлтээр эхнэрээ хоолойг нь уяагаар боож алсан гэж дүгнэн, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар О.Д-д 11 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын “Шүүгдэгч О.Д-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй, мөн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй”, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалайгийн “Амь хохирогч З.А-ын хумсан дээрх цуснаас илэрсэн ДНХ-тэй эрэгтэй хэн болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, шүүх О.Д-ийн “… хоёулахнаа байсан, хүн орж ирээгүй...” гэсэн мэдүүлгийг үнэлсэн атлаа түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “шөнө юу болсон, яагаад З.А-ын нас барсан болохыг мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг үнэлээгүй, мөн амь хохирогч нас барсан шалтгаан нь боолт, эсхүл дүүжлэлт эсэх нь эргэлзээтэй байхад дахин шинжээч томилох, туршилт хийх ажиллагааг хийгээгүй, мөн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай гаргасан гомдлуудыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.
4.1.Мөрдөгч нь О.Д-ийг сэжигтнээр асууж, мэдүүлэг авахдаа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15:57 цагт эхэлж, 02:25 цагт дууссан гэж хугацааг тэмдэглэсэн баримт хавтаст хэрэгт (1 дүгээр хавтасны 105-107 дахь тал) авагджээ.
Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:30 цагт О.Д-д сэжигтний эрх үүрэг болон баривчлах талаар танилцуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал), 18:46 цагт сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоолыг прокурорт танилцуулж (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал), 19:20 цагт ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид О.Д-ийг хүлээлгэн өгсөн зэрэг ажиллагаа хийгджээ. Мөн “яллагдагч О.Д-ийг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцож, эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авч, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сэжигтнээс авсан мэдүүлгийн он, cap, өдрийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэж техникийн алдаа гаргасан болно” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Дээрх баримтуудаас үзэхэд мөрдөгч нь О.Д-ийн сэжигтнээр мэдүүлэг өгсөн огноог бодит байдлаас зөрүүтэй бичсэн нь техникийн шинжтэй алдаанд хамаарч байх бөгөөд уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.2.Шүүгдэгч О.Д нь анх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйлгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэснээс гадна түүнд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан (1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал) хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй байх тул түүнээс сэжигтнээр мэдүүлэг авсан ажиллагаа болон уг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарахгүй байна гэж үзлээ.
4.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Э.Чингүүний 5376 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн З.А-ын зүүн гарын долоовор, ядам хурууны хумсан дээр цус илэрсэн, бусад хумсан дээр цус илрээгүй. Хумсан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал), анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “Энэ хүний хумснаас эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц гарсан. Хумсан дээр байгаа цусыг устөрөгчийн ислэл гэх бодисоор илрүүлдэг. Энэ тохиолдолд зөвхөн цус л илэрнэ. Малын цус байвал ДНХ илрэхгүй” (3 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал) гэх мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагджээ.
Амь хохирогч З.А-ын амь насыг О.Д-оос өөр хүн хохироосон гэж үзэх үндэслэл бүхий сэжиг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрт О.Д, З.А нараас өөр хүн байгаагүй болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул амь хохирогчийн хумснаас авсан дээжинд илэрсэн цус хэнийх болохыг тогтоох зорилгоор хэргийг дахин прокурорт буцаах шаардлагагүй, энэ талаар өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
4.4.Амь хохирогч З.А нь боолтын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан, уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2695 дугаартай дүгнэлт болон шинжээч С.Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлгийг (1 дүгээр хавтаст хэргийн 50-61 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал) няцаан үгүйсгэх, шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шинжээч томилох болон дүгнэлт гаргах ажиллагаанд хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзлээ.
4.5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, шүүгдэгч О.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзэх, шүүгдэгчээс өөр хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс давах болон хяналтын журмаар ижил агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх гомдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох талаар өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой уг хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Д-ийг 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байхад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 63,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай, Б.Зулбаяр нарын “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1120 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар О.Д-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 63,000,000 /жаран гурван сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 958 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай, Б.Зулбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ