Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0742/З |
Дугаар | 221/МА2020/0514 |
Огноо | 2020-09-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0514
“Э-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 , 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Э-У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031, XV-13211 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн эзэмшиж буй Дорноговь аймгийн Өргөн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумдын нутгийг дамнасан “Хартан овоо” нэртэй 12900.62 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-014031 тоот, Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг “Хар чулуут” нэртэй 10940.38 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-013211 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аргал уул” нэртэй 63524.87 гектар талбайг түүх соёлын зориулалтаар 60 жилийн хугацаагаар, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/11 дүгээр тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус авсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх үүргийг хүлээдэг. Хэрэв тогтоосон хугацаанд нь нөхөн олговрыг төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар зохицуулсан байдаг.
Дээр дурьдсан хуулийн дагуу нэхэмжлэгчийн хайгуулын ажилд гаргасан зардлыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 1 жилийн дотор төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд, эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалт юм. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээс бусад тохиолдолд тусгай хэрэгцээнд авсан үед талбай дүйцүүлэн олгох эрх зүйн боломжгүй юм.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх “Э-У” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Э-У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14031Х, 13211Х дугаар тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар 14031Х, 13211Х тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Ви Ти Ар” ХХК-д Дорноговь, Сүхбаатар аймгийн Өргөн, Баяндэлгэр сумын Хартан-Овоо нэртэй газарт 14031Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[1], мөн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Хар чулуут нэртэй газарт 13211Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг[2] тус тус олгожээ.
“Ви Ти Ар” ХХК-аас 14031Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 13211Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Э-У” ХХК-д тус тус шилжүүлсэн байна.
Үүний дараа хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газруудыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 01 дүгээр тогтоолоор[3] 60 жил, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 07/11 дүгээр тогтоолоор[4] 30 жилийн хугацаагаар тус тус тусгай хамгаалалтад авсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.14-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж тус тус заасан.
Тодруулбал хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй бол, Засгийн газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгох эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... Манай байгууллага нөхөн олговрын асуудлыг Засгийн газарт уламжилснаар ашигт малтмалын талбай олгоно гэсэн ойлголт байхгүй” гэж тайлбарладаг.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн хүсэж буйгаар тусгай зөвшөөрлүүдийг тусгай хамгаалалтад авснаар түүнтэй дүйцэх талбайг олгуулах тухай Ашигт малтмал, газрын тосны газраас Засгийн газарт уламжилж болох боловч талбай олгох эсэх асуудал нь Засгийн газрын бүрэн эрх байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тухайн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх учиртай.
Гэвч нэхэмжлэгч “Э-У” ХХК-д тусгай зөвшөөрөл бүхий талбайг олгох эсэх, энэхүү эрх нь Засгийн газарт байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нөхөн олговор буюу тусгай зөвшөөрөл бүхий талбайтай дүйцэх газар олгогдох эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тиймээс анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговорт дүйцэх талбай олгуулахаар Засгийн газарт уламжлахыг даалгасан нь үндэслэлгүй болжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.20-д ”Тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай зохицуулалтыг заасан байна.
Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсан бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг 1 жилийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд үйл ажиллагааг үргэлжлүүлэх явуулах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх байхаар хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Э-У” ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлснөөр 14031Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 13211Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгажээ.
Мөн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/2319 дүгээр албан бичигт “... Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна” гэж дурдсан байна.
Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар нэхэмжлэгч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хамгаалалтад авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай маргадаггүй.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан байгууллага нөхөн олговрыг олгоогүй бол хуульд зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь нэхэмжлэгчид байна.
Түүнчлэн энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/6200 дугаар албан бичгээр[5] мэдэгдсэн байх бөгөөд дээрх үндэслэлээр тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар 14031Х, 13211Х дугаартай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хугацаа болон тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг нөхөн тооцуулах зохицуулалт байхгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Э-У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031, XV-13211 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э-У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах, тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031, XV-13211 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтас 52-53 хуудас
[2] 1 хавтас 57-58 хуудас
[3] 1 хавтас 84-85 хуудас
[4] 1 хавтас 81-83 хуудас
[5] 1 хавтас 76-77 хуудас