Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 35

 

 Т.Хүрэлхүүд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо,  ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Намуунзул

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Т.Энхболд

 Хохирогч                                            Т.Бямбацэцэг

 Шүүгдэгч                                            Т.Хүрэлхүү нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Хүрэлхүү, түүний өмгөөлөгч Т.Энхболд нарын давж заалдах гомдлоор Т.Хүрэлхүүд холбогдох эрүүгийн 201711000087 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ямаат овогт Төмөрийн Хүрэлхүү, Улаанбаатар хотод 1969 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /ЛЮ69062113/, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Баяннуурын 6-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 08 сарын 14-ний өдрийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл.

Т.Хүрэлхүү нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд согтуугаар "Ниссан Санни" маркийн 20-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хиймэл нуур"-ын хойд талын автомашины замаар замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…", мөн дүрмийн 2.5-ын /в/-д "зам тээврийн ослын тухайн цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2.7-ын /а/-д заасан "жолооч согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 9.1-д заасан "...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...", 9.2-д заасан "…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Т.Бямбацэцэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ямаат овогт Төмөрийн Хүрэлхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас согтуурсан үедээ, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Төмөрийн Хүрэлхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Т.Хүрэлхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Т.Хүрэлхүүд оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 3 ширхэг хагарч бутарсан хуванцар эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ялтан Т.Хүрэлхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 2000000 төгрөг, шүүхийн шатанд 1000000 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч нь баримтгүй нэхэмжилсэн цаашид хийлгэх эмчилгээний зардал /гэм хор/-ын 6-7 сая төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Т.Хүрэлхүүгийн эзэмшлээс Багануур дүүргийн 5-р хороо, 13 дугаар гудамжны  01 тоотод байршилтай 700 м2 газар, уг газар дээрх 24 м2 гражтай 90 м2 талбайтай 14 сая төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууц, "Nissan sanny" маркийн 20-22 ДОР улсын дугаартай 2500000 төгрөгийн үнэ бүхий автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 07, 2017 оны 04 сарын 12-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Т.Хүрэлхүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг 2017 оны 05 сарын 22-ны өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Т.Хүрэлхүүгийн ЛЮ69062113 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг нэн даруй, №57744 дугаартай жолоочийн үнэмлэх, АЯ 0336780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Хүрэлхүү давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч би дараах гомдлыг гаргаж байна.

Би мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн бөгөөд хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшин харамсаж улмаар хохирогчтой биечлэн уулзаж уучлалт гуйж сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нотлох баримт бүхий 2583420 төгрөг нэхэмжилснээс тухайн үед 2000000 төгрөг төлж, шүүхийн шатанд 1000000 төгрөг нийт 3000000 төгрөгийг төлж барагдуулсан.

Шинжээчийн 58 тоот дүгнэлтээр хохирогчид учирсан дагзны төвгөр ясны цуурал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна, харин бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн. Иймд миний зүгээс өөрт тохирсон ажил хийж цаашдын эмчилгээ, эмийн мөнгийг төлөх хүсэлтэй байна.

Миний хувьд 2015 онд бусдад зодуулж гавал тархины хүнд гэмтэл авсан бөгөөд 60 хувь хөдөлмөрийн чадвар алдсанаар групп тогтоосон 2016 онд группын хугацаа дуусаж эмчийн хяналтад байдаг болсон. Тархи толгой өвддөг, эмчилгээг сар бүр хийлгэдэг. Хүн харахад эрүүл саруул мэт боловч өвчиндөө болоод зовиур шаналгаатай явдаг юм. Миний хувьд хохирогчид гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, цаашид эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар хорих ялыг биечлэн эдлэх боломжгүй зэрэг нөхцөлийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Т.Хүрэлхүү нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн бөгөөд хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшин харамсаж улмаар хохирогчтой биечлэн уулзаж уучлалт гуйж сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлсэн болно. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нотлох баримт бүхий 2583420 төгрөг нэхэмжилснээс тухайн үед 2000000 төгрөг төлж, шүүхийн шатанд 1000000 төгрөг нийт 3000000 төгрөгийг төлж барагдуулсан.

Зам тээврийн осолд Т.Хүрэлхүү буруутай боловч хохирогч Т.Бямбацэцэг усны тэрэг түрэн засмал замаар урсгал сөрж явсан хохирогчийн хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн.

Шинжээчийн 58 тоот дүгнэлтээр хохирогчид учирсан дагзны төвгөр дайрсан хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна, харин бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн тул миний үйлчлүүлэгчийг биечлэн хорих ял эдлүүлэхгүйгээр тэнсэж ажил хөдөлмөр хийж хохирогчид эмчилгээний зардал төлөх боломжоор хангах

Т.Хүрэлхүү нь 2015 онд бусдад зодуулж гавал тархины хүнд гэмтэл авсан бөгөөд хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсанаар групп тогтоолгон 2016 онд группын хугацаа дуусаж эмчийн хяналтад байдаг болсон. Тархи толгой өвддөг, эмчилгээг сар бүр хийлгэдэг. Хүн харахад эрүүл саруул мэт боловч өвчиндөө болоод зовиур шаналгаатай явдаг юм байна.

Иймд Т.Хүрэлхүү нь хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн осол гарахад хохирогчийн хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн, цаашид эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар хорих ялыг биечлэн эдлэх боломжгүй зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Т.Хүрэлхүү нь  2017 оны 02 сарын 09-ний өдөр 20 цагийн орчим “Ниссан санни” маркийн 20-22 дор улсын дугаартай суудлын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-ын “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино” гэх заалт, мөн дүрмийн 2.5-ын /В/-ийн “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ” гэх заалт, мөн дүрмийн 2.7-ийн /а/-ийн “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалт, мөн дүрмийн 9.1-ийн “жолооч хөдөлгөөний эрчим,, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалт, 9.2-ийн “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчин, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн нутаг Хиймэл нуурын хойд талын зам дээр устай тэрэг түрж явсан явган зорчигч Т.Бямбацэцэгийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн бие махбодид “дагзны төвгөр дайрсан далд хугарал” бүхий хүнд гэмтэл учруулсан; түүнчлэн уг зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Бямбацэцэгийн мэдүүлэг /хх-ийн 44-45, 226/, ослыг харсан насанд хүрээгүй гэрч А.Халиунцэцэг, З.Солонго, гэрч Б.Одгэрэл нарын мэдүүлэг /хх-ийн 47-52/, хохирогчийн биед учирсан гэмтэл болон ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 58-73/ зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Хүрэлхүү болон түүний өмгөөлөгч Т.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан “шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй боловч  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус зааснаар түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Тухайлбал, “жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” үйлдэл нь шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэж хуульчлагдсан боловч тухайн хуулиас баривчлах ял хасагдсан тул шүүгдэгч Т.Хүрэлхүүг баривчлах ялаас чөлөөлөх, түүнчлэн “жолооч согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан” үйлдэл нь шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдахдаа хорих ялын доод хэмжээг 6 сараар тогтоож ялыг хөнгөрүүлсэн байх тул Т.Хүрэлхүүд 1 жилийн хугацаатай оногдуулсан хорих ялыг шинэ хуульд нийцүүлэн багасгаж, хорих ялыг 6 сараар тогтоохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолд дор дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

А/ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Шүүгдэгч Ямаат овогт Төмөрийн Хүрэлхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас согтуурсан үедээ, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ямаат овогт Төмөрийн Хүрэлхүүг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилсүгэй.

Б/ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Шүүгдэгч Төмөрийн Хүрэлхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 /зургаан/ сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

В/ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

Г/ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Т.Хүрэлхүүд оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг   “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Хүрэлхүүд оногдуулсан 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Хүрэлхүүг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялаас чөлөөлж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Хүрэлхүүгийн энэ шийтгэх тогтоолын дагуу 2017 оны 05 сарын 22-ны өдрөөс 2017 оны 05 сарын 24-ний өдрийг дуустал цагдан хоригдсон 64 хоногийг энэхүү магадлалаар оногдуулсан 6 сарын хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                       Ж.ДОЛГОРМАА                          

                         ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                     Л.НАРАНБАЯР

 

 

 

 

 

/