| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1798/Э |
| Дугаар | 1820 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1820
2019 12 03 2019/ШЦТ/1820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Б.Галбулган,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Бд холбогдох 1906 06010 2649 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Жем Интернэйшнл” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн Жалгын 1 дүгээр гудамжны За тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Оийн Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн Жалгын 1 дүгээр гудамжны За тоотод Н.Төмөрбаатарын элэг, толгой руу нь өшиглөж, толгой руу нь мөргөн зодож, зүүн доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Төмөрбаатарын өгсөн: “... Тэгээд би ээжийг тавиулах гээд байж байхад хадам дүү О.Б хажууд хамар хашаанд байдаг гэрээсээ гарч ирээд эгчийгээ өмөөрөөд миний элэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би элгээ хамгаалаад доошоо тонгойсон чинь миний зүүн нүдний орчим өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалсан чинь миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би тэндээс зугтаж гараад гадаа хашааны гадаа зогсож байгаад цагдаад дуудлага өгчихөөд хадам ээж, эхнэр, хадам дүү нарыг хадам ээжийн хашаанд орохоор нь гэртээ орох гээд хашаандаа орсон чинь хадам дүү Б дахиж хүрч ирээд миний толгой руу мөргөсөн. Би дахиж хашаанаас гарч зугтаад гадаа байж байгаад орсон. Тэгээд удалгүй цагдаа хүрч ирсэн... Миний зүүн нүд рүү хадам дүү Б өшиглөж, толгой руу олон удаа мөргөсөн. Эхнэр бид хоёр маргалдахад зууралдаад байсан тэрнээс биш эхнэр бол гэмтэл учруулаагүй. Хадам ээж намайг цохиогүй. Намайг тоос сорогчны ишнээс нь бариад авахад охиныг нь цохино гэж бодоод намайг бариад байсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... Би ерөөсөө нэг ч хүн цохиж гар хүрээгүй... Хадам дүү О.Б учруулсан. Надад бол өс хонзонгийн зүйл байхгүй. О.Б л надад өс санадаг байж магадгүй. Хадам дүү О.Бтай урд өмнө маргалдаж байсан... Бд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.7-8/,
“... Надад өмнө өгсөн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй байна... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Соёлмаа бид хоёр муудалцаад, хашаан дотор маргалдаж байтал манай хадам ээж Оюунчимэг хашаанд орж ирээд Соёлмаа бид хоёрын маргааныг зогсоогоод, миний гарыг бариад зогсож байтал хажуу хашаанаас манай хүргэн дүү Б орж ирээд миний нүүрэн тус газар буюу зүүн нүдэн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөсөн... Намайг ганцхан Б л зодсон... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би Бд гомдолгүй байна...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Бын гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хрооны нутаг дэвсгэрт байрлах Жалгын 1-За тоотод Хүргэн ах Төмөрбаатартай маргалдаж улмаар Төмөрбаатар надад хандаж “чи битгий хуцаад бай, муу дөрвөдийн шээс минь” гэж хэлээд миний зүүн талын чихэн тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Төмөрбаатарыг зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, өмсөж байсан савхин куртикийг нь доогуур хэсгээр нь сөхөөд толгой дээгүүр нь тохож, доошоо толгойг нь дарж байгаад хөлийх нь ар шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Нэг харахад Төмөрбаатарын зүүн талын хөмсгөн тус газраас нь цус гарч байсан. Би тухайн гэмтлийг Төмөрбаатарын биед учруулсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оюунчимэгийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ байж байтал манай 4 настай зээ уйлаад орж ирсэн. Гэрт орж ирээд ээж аав хоёр зодолдоод байна гэхээр нь би зээгээ дагуулаад хүргэн Төмөрбаатарын гэрт ортол Төмөрбаатар Соёлмаа хоёр хэрэлдэж маргалдаад байсан. Би Төмөрбаатарыг гэрээс нь түлхээд гаргатал, гадаа хашаан дотор Төмөрбаатар намайг түлхээд унагаасан. Тэгсэн миний хүү болох Б хүрч ирээд намайг өмөөрч Төмөрбаатарын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд би Төмөрбаатараас Быг салгаад гэр лүүгээ аваад орсон. Тэгсэн Төмөрбаатар цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Соёлмаагийн өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Төмөрбаатартай маргалдсан. Тэгсэн миний төрсөн дүү Б намайг өмөөрч Төмөрбаатартай маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон..., Төмөрбаатарыг Баас өөр зодож цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12232 дугаартай:
“1. Н.Төмөрбаатарын биед зүүн доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээр гэмтэл нь мохоо зйүлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Бын яллагдагчаар өгсөн: “Би тайлбарласан хуулиудыг ойлгож мэдлээ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхээ эдлэхгүй. Надад асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... Би монгол хэлээр уншиж бичиж чадна... Би Эрүүгийн 1906060102649 дугаартай хэрэг үүссэн тогтоолтой танилцлаа. Би энэ яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Надад энэ тогтоолтой холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй. Би уг тогтоолтой санал нийлж байна... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна... Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл баихгүй. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх.67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн Жалгын 1 дүгээр гудамжны За тоотод Н.Төмөрбаатарын элэг, толгой руу нь өшиглөж, толгой руу нь мөргөн зодож, зүүн доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Төмөрбаатарын өгсөн: “... Тэгээд би ээжийг тавиулах гээд байж байхад хадам дүү О.Б хажууд хамар хашаанд байдаг гэрээсээ гарч ирээд эгчийгээ өмөөрөөд миний элэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би элгээ хамгаалаад доошоо тонгойсон чинь миний зүүн нүдний орчим өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалсан чинь миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би тэндээс зугтаж гараад гадаа хашааны гадаа зогсож байгаад цагдаад дуудлага өгчихөөд хадам ээж, эхнэр, хадам дүү нарыг хадам ээжийн хашаанд орохоор нь гэртээ орох гээд хашаандаа орсон чинь хадам дүү Б дахиж хүрч ирээд миний толгой руу мөргөсөн... Миний зүүн нүд рүү хадам дүү Б өшиглөж, толгой руу олон удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.7-8, 10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Бын гэрчээр өгсөн: “... Тэгэхээр нь би Төмөрбаатарыг зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, өмсөж байсан савхин куртикийг нь доогуур хэсгээр нь сөхөөд толгой дээгүүр нь тохож, доошоо толгойг нь дарж байгаад хөлийх нь ар шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Нэг харахад Төмөрбаатарын зүүн талын хөмсгөн тус газраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оюунчимэгийн өгсөн: “... Тэгсэн миний хүү болох Б хүрч ирээд намайг өмөөрч Төмөрбаатарын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Соёлмаагийн өгсөн: “... Тэгсэн миний төрсөн дүү Б намайг өмөөрч Төмөрбаатартай маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон... Төмөрбаатарыг Баас өөр зодож цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12232 дугаартай:
“1. Н.Төмөрбаатарын биед зүүн доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээр гэмтэл нь мохоо зйүлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Бын яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.67/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар О.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Н.Төмөрбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна
Иймд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
О.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Н.Төмөрбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч О.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
О.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Оийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжинямд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Бд сануулсугай.
5. О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Төмөрбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР