Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00294

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 1 дүгээр багт оршин суух Боржигин овогтой Аюурын Ганбатын /РД:ЙС56113013/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Ганбат нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ганбат миний бие нь 1972 оноос эхлэн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд мал маллаж байгаад 1974-1977 онд Ардын армийн 110 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1977 оноос нэгдэл хувьчлагдаж хоньчноор ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архиваас цалингийн лавлагаа авсан 1979-1990 оны цалин бүрэн ба 1977, 1978, 1991 оны цалингийн лавлагаа гараагүй. Би ямар нэгэн байдлаар ажил тасалж байгаагүй болно. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Манайх нэн ядуу өрх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... 1974 онд цэрэгт яваад 1977 онд цэргээс халагдаж ирээд Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сараас эхлэн малчнаар ажиллаж 1990 оныг дуустал ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Ганбат нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

А.Ганбат нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 539 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Пунцаг овогтой Лувсанцэрэнгийн Данзан нь “...1971 оноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. А.Ганбат нь 1974 онд цэрэгт яваад 1977 оны намар цэргээс халагдаж ирээд Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. А.Ганбат нь бод мал маллаж байсан. А.Ганбат нь 1990 оныг дуустал буюу “Энхтайван” нэгдлийг татан буугдах үе хүртэл ажиллаж байсан юм. Бид хоёр айл сааахалт байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Араан овогтой Рэнчингийн Отгон нь “...Би 1985 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. А.Ганбат манайхтай айл саахалт байдаг байсан. Ганбат нь Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд үхэр хариулдаг байсан. Намайг “Энхтайван” нэгдэлд малчнаар  ажилд ороход Ганбат нь малчнаар ажиллаж байсан юм. А.Ганбат нь 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Бид хоёр айл саахалт байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар А.Ганбат нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч А.Ганбат нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогтой Аюурын Ганбат нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч А.Ганбат нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА