Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 916

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр,

  шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /0695/,

  хохирогч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш.Уд холбогдох эрүүгийн ___ тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Ш.У.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.У нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13б байрны хойд талын гражны орчим иргэн Н.Т-г автомашин холдуул гэж хэлсний учир маргалдан түүний гаран тус газар нь дорцовоор цохиж, түүний биед “зүүн гарын богтос ясны далд зөрөөгүй хугарал, бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.У мэдүүлэхдээ:

“...Өнгөрсөн жилийн 6 сард эгчийндээ нүүж ирсэн, тэрнээс хойш эмээ, өвөөтэйгээ хамт амьдардаг байсан. Энэ ахыг өөрийнхөө өвөөтэй адилхан төстэй болохоор нь дотно сэтгэл төрөөд гражны үүдэнд машинаа тавьдаг байсан, шөнийн ажилдаа ядраад ирэв үү гэх мэтчилэн олон удаа доромжилж байсан, тэр болгонд нь юм хэлж байгаагүй, тухайн үед утсаа авсан чинь нэг минутын дараа 11 цаг 50 минутын үед дуудлага орж ирсэн, дуудлагаа авсан чинь гражны үүднээс машинаа зайлуулаач пизда минь гэж хэлсэн. Би гараад машинаа холдуулах гэтэл тэр хооронд 15 минут л болсон, гараад ирсэн өвөө миний араас дайраад, тэр үед манай ээж хавдартай олон жил өвдөж байгаа болохоор стресстээд, тухайн үед сэтгэл санаа тогтворгүй байсан, маргалдсан. Уг нь цохъё гэж бодоогүй, хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т мэдүүлэхдээ:

“...Манай эхнэр өвдгөндөө мэс засал хийлгэж, гэртээ байдаг. Би эхнэрээ асардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 11 цагийн үед би эхнэрээ Зайсанд байдаг эмнэлэгт хүргэж өгөх гээд машинаа гражнаас гаргах гэтэл шүүгдэгч Ш.У нь гражны хаалгыг таглаад машинаа тавьсан байсан. Урьд нь Ш.У нь гражны хаалга хааж тавьдаг байсан. Би тэр бүр хэлээд байдаггүй. Тэгээд би машинд наасан дугаар руу залгахад утсаа аваагүй. Би гэр рүү орчихоод буцаад гарч ирэхэд машинаа холдуулаагүй байсан. Би дахин залгахад утсаа аваад намайг хөгшин зөнөг, энэ газар нийтийн өмчлөлийн газар, машинаа хаана тавих нь ямар хамаатай юм бэ гэж доромжилсон. 10-20 минут хүлээсний дараа гарч ирэхээр нь би “чи ямар сонин хүн бэ, өглөөнөөс эхлэн чамайг гуйлаа” гэж хэлэхэд үл тоон машиндаа орж суучихаад нэг гартаа утас бариад нөгөө гараараа над руу салаавч гаргасан. Би тэгэхэд нь “чи хөгшин, настай хүн рүү салаавч гаргадаг нь ямар учиртай юм бэ” гэж хэлээд хаалга руу нь цохиход машиныхаа араас дугуй эргүүлдэг түлхүүр гаргаж ирээд “чи машинаа гаргаад ир, машиныг чинь эвдээд өгье” гэж дайрсан. Тэгтэл барьж байсан төмөр түлхүүрээр миний гар руу цохисон. Ундармааг намайг үнэхээр цохино гэж бодоогүй байтал цохисон. Удалгүй манай 6 дугаар байранд амьдардаг хөгшин боль гэж хэлэхэд бүр дийлдэхгүй байхаар нь хорооны цагдаа руу очоод ирэхэд Ундармаа явчихсан байсан. Хорооны цагдаагийн зөвлөсний дагуу эмнэлэгт очиж зургийг нь авахуулахад миний гар хугарсан байсан. Миний хувьд сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон тул гомдолтой байна. Нийт 5.600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Угийн өгсөн:

“...би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Тухайн үед би жаахан уураа тэвчихгүй тэр өвөөгийн биед халдсан асуудалдаа гэмшиж байна. Би тэр өвөөгийн гар утас руу өдөр болгон уучлалт гуйсан мессеж бичиж байгаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Тгийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12:00 цагийн үед гэрээсээ гараад гражнаасаа машинаа гаргах гэхэд 76-76 дугаартай цагаан өнгийн приус маркийн машин таглаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь би 99849775 гэсэн дугаар тавьсан байхаар нь тэр дугаар луу нь залгахад нэгэн эмэгтэй утсаа авахаар нь машин гарах гэсэн юм гэхэд хөгшин зөнөг минь наадах чинь нийтийн эзэмшлийн газар юм чинь би машинаа тавилгүй яадаг юм, чиний хувийн эзэмшлийн талбай биш гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйд за ах нь гэрлүүгээ ороод буцаад ирнэ, би яаралтай эмнэлэгт хүн хүргэх болохоор, чи машинаа гаргачихсан байгаарай гэж хэлээд гар  утсаа тасалсан. Тэгээд 20 орчим минут болоод гэрээсээ гарч граж дээрээ иртэл надтай утсаар ярьсан эмэгтэй 76-76 дугаартай авто машинаа холдуулаагүй байсан. Тэгээд 10 орчим минут хүлээсэн чинь нөгөө 76-76 дугаартай автомашины жолооч бололтой нэг эмэгтэй гарч ирээд автомашиныхаа жолооч талынхаа хаалгыг онгойлгон машиндаа суусан. Тэр үед би нөгөө эмэгтэйд чамтай ярьснаас хойш 30 гаран минут боллоо, би яаралтай ажилтай байсан, яагаад одоог хүртэл машинаа холдуулаагүй юм гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй машиндаа суусан байхдаа зүүн гартаа гар утсаа бариад утсаар яриад байсан бөгөөд баруун гараараа надруу салаавч гаргасан. Тэр үед би тэр эмэгтэйд хандан чи настай хүн рүү салаавч гаргадаг нь яаж байгаа юм бэ гэж хэлээд тэр эмэгтэйн машиных нь жолооч талын хаалга руу нь баруун гараараа зөөлөн цохисон.

Тэр үед нөгөө эмэгтэй машинаасаа буун арагш яваад машиныхаа ард талын багажийг онгойлгон, дотроос нь нэмэх тэмдэгтэй адил гагнаж хийсэн дороцов гарган ирээд миний гражийн үүдэнд очоод чи машинаа гаргаад ир, би чиний машиныг эвдэнэ гэж хэлээд гартаа барьсан дроцовоор нэг удаа гражийн хаалгыг цохисон. Тэгээд намайг цохих гээд дайрч байхад нь би өөрийн зүүн гараараа цохиулахгүй гэж хаах үед миний зүүн гарын шуу орчим нэг удаа намайг цохисон. Би өөрийн биед учирсан гэмтэлд би өөрөө өндөр настай учраас энэ гэмтэл нь хэр удаан эдгэхийг мэдэхгүй байна, мөн манай хөгшин саяхан хагалгаанд орсны улмаас гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа, ганц би хөгшинөө асардаг байтал миний байгаа байдал ийм болчихоор цаашид хөгшин бид хоёр учраа олохгүй байгаа учраас би 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд тэр эмэгтэй миний биед халдсан эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан учир эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.О-ийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би цагийг нь санахгүй байна гэрээс гараад хороо орох санаатай явж байхад манай хорооны 13/5 байрны хойд талд байрлах тоосгон гражууд дунд манай байрны гуравдугаар орцонд амьдардаг Т- гэх хөгшин үл таних охинтой хэрэлдээд зогсож байсан. Т- миний машиныг цохисон гээд тэр хоёр маргаж байсан. Тэгээд намайг харж байхад нөгөө охин гартаа нэмэх тэмдэг хэлбэртэй төмөр бариад Т-г цохих гэж дайраад байж байхад би тэр хоёр дээр очиж тэр охинд миний дүү чиний машинд эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй бол явах гэж байгаа бол яв, харин Т- чи хаашаа явах гэж байсан яв гээд хэлсэн чинь тэр охин үнэхээр их ууртай, уурлаад Т-г цохих гэж дайрч байгаад миний мэдэхээр 2 удаа цохих үйлдэл гаргаад Т-гийн гар орчим цохих шиг болсон. Тэр үед би уг нь тэр хоёрын голоор ороод салгаж байхад тэр охин намайг та хойшоо болж бай наадахыг чинь алаадахъя шоронд орсон ч яадаг юм гээд гартаа барьсан төмрөөр намайг давуулан гарыг нь цохьчихлоо гэж бодсон. Тэр хоёрыг салгаад Телеубайг аваад хороо явж байхад зүүн гараа бариад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12069 тоот: 

  1. Н.Т-н биед зүүн гарын богтос ясны далд зөрөөгүй хугарал гэмтэл тогтоолоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт болно.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 23/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ш.У нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13б байрны хойд талын гражны орчим иргэн Н.Т-г автомашин холдуул гэж хэлсний улмаас маргалдан түүний гаран тус газар нь дорцовоор цохиж, түүний биед “зүүн гарын богтос ясны далд зөрөөгүй хугарал, бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ш.Угийн “...би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Тухайн үед би жаахан уураа тэвчихгүй тэр өвөөгийн бид халдсан асуудалдаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Тгийн “...намайг цохих гээд дайрч байхад нь би өөрийн зүүн гараараа цохиулахгүй гэж хаах үед миний зүүн гарын шуу орчим нэг удаа намайг цохисон...” гэх мэдүүлэг,

гэрч Г.О-ийн “...тэр охин үнэхээр их ууртай, уурлаад Т-г цохих гэж дайрч байгаад миний мэдэхээр 2 удаа цохих үйлдэл гаргаад Т-гийн гар орчим цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12069 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ш.Уг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.Тн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар хохирлын нийт 61.700 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирогч 306.000 төгрөгийг гарган өгсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.Уд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол хор уршиг нь хүндэвтэр зэрэгт тохирно гэж үзэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уд 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцовыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ