Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00302

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Майнд Тэч ХХК-ний нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум, Агро сахар ХХК-д холбогдох

            101807835 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох 200 га газраас зээлийн өр төлбөрийг хангуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Майнд Тэч ХХК нь Агро сахар ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ¹ 004 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 287000 төгрөгийн үнэ бүхий 80 уут нийт 22960000 төгрөгийн үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн Trapper сортын рапсын үрийг зээлээр нийлүүлсэн. Үүнээс 8024350 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр нь 14935650 төгрөг болж байна.

Зээлийн ба барьцааны гэрээний гол зохицуулалт нь Майнд Тэч ХХК нь Агро сахар ХХК-д рапсын үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг Майнд Тэч ХХК-д буцаан худалдах, Агро сахар ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг Майнд Тэч ХХК-д нийлүүлээгүй гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу Агро сахар ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 400 тн ургацыг Майнд Тэч ХХК-д тушаах ёстой байсан. Үүнээс Агро сахар ХХК нь 22844 тн ургацыг нийлүүлсэн. 377156 тн ургацыг гэрээнд заасны дагуу нийлүүлээгүй болно.

Агро сахар ХХК нь гэрээний 2.2-д заасан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс 8024350 төгрөгийг ургацаараа төлсөн. Үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 7467825 төгрөг, талууд гэрээгээр тохиролцсон 400 тн ургацаас манай компанид тушаагаагүй 377156 тн ургац болж байгаа ба гэрээний 5.3-д заасан торгууль 79202760 төгрөг болж байна.

Мөн Агро сахар ХХК нь манай компаниас тариалалтын ажилд дэмжлэг хүсэж 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг шатахууны дэмжлэг авсан, үүний төлбөрийг бүрэн төлсөн.

Иймд 2015 онд зээлээр авсан рапсын төлбөрийн үлдэгдэл 15137250 төгрөг, алданги 7467825 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 79202760 төгрөг, нийт 101480835 төгрөгийг Агро сахар ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан Агро сахар ХХК-ний өмчлөлийн 000059850 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, Г-1307000284 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутагт байрлах 200 га газраас зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-ийг төлөөлж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18-76 тоотод оршин суух, 1961 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Майнд Тэч ХХК-д дотоод хяналтын ажилтан ажилтай, Сартуул овогт Хаянгийн Жаргалсайханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ¹004 тоот гэрээгээр Германы траппер сортын рапсын үрийг нэг бүр нь 287000 төгрөгийн үнэтэй нийт 80 уут 22960000 төгрөгийн үрийг Агро сахар ХХК нь зээлээр авсан. Үүнээс 8024350 төгрөгийг төлсөн. 14935650 төгрөг үлдэж байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж дуусах гэрээ байсан юм. Агро сахар ХХК нь 22844 тн ургац нийлүүлж 377156 тн ургацыг нийлүүлээгүй. Одоо үндсэн төлбөрийн 15137250 төгрөг, алданги 7467825 төгрөг, торгууль 79202760 төгрөг, нийт 101807835 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг гэрээний барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Агро сахар ХХК-ний захирал Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34-36 тоотод оршин суух, 1963 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Боржигон овогт Дорлигжавын Батсайханаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай Агро сахар ХХК нь 1994 онд байгуулагдсан. 230 га эргэлтийн талбайтай. Ер нь бол Баруунхараад тосны үйлдвэр байгуулагдсаныг мэдээд хурал зөвөлгөөнд нь суугаад рапс тарьж болох юм байна гэж бодоод гэрээ байгуулсан. Тэгээд 2015 онд рапс тариалсан боловч ургац алдаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй юм. Тухайн үед Майнд Тэч ХХК-ний захирал Ганзоригт рапс муу ургасан талаар танилцуулж газар дээр нь үзүүлж байсан. Тэгээд яаж ийж байгаад 40 гаран тн рапс авсан учир Майнд Тэч ХХК-д мэдэгдэж машин дуудаж ачиж явуулсан. Гэтэл хорогдол гэж хасагдаад 22 тн рапс өгснөөр тооцогдсон. Би Майнд Тэч ХХК-ний захиралтай нэхэмжлэлийн талаар уулзаж ярилцахад 25 сая төгрөгөөр тохиръё гэснийг нь манайх зөвшөөрөөгүй юм. Одоо би зээлийн үлдэгдэл 15137250 төгрөгийг төлөх саналтай байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац алдсан тул алданги, торгуулийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Үндэслэх нь:

 

            Хариуцагч Агро сахар ХХК нь Майнд Тэч ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэг бүр нь 287000 төгрөгийн үнэтэй 80 уут, нийт 22960000 төгрөгийн үнэтэй Герман улсад үйлдвэрлэсэн траппер сортын рапсын үрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөх хугацаатайгаар Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах Агро сахар ХХК-ний газрын услалтын системийг барьцаалан авсан зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ¹ 004 тоот зээлийн ба барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч Агро сахар ХХК-иас зээлээр авсан рапсын төлбөрийн үлдэгдэл 15137250 төгрөг, алданги 7467825 төгрөг, торгууль 79202760 төгрөг, нийт 101807835 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Агро сахар ХХК нь 2015 онд Монгол улс даяар тэр дундаа газар тариалангийн нийт бүс нутгаар гангийн байдалтай зуссан учраас ургац алдан хохирол амссан нь байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас алданги 7467825 төгрөг, торгууль 79202760 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь ¹ 004 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Агро сахар ХХК-тай барьцааны гэрээ байгуулж 200 га газар биш 200 га газрын услалтын системийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК хариуцагч Агро сахар ХХК-ний хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ¹ 004 дугаартай зээлийн ба барьцааны гэрээний 6 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийг заасан ба 6.2-д “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгох ба энэ байдлыг тухайн орон нутаг, засаг захиргааны эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн талууд тохиролцон гэрээний үүргийг биелүүлэх хугацааг сунгана” гэж заажээ.

Гэтэл хавтаст хэрэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар тухайн орон нутаг, засаг захиргааны эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт байхгүй, мөн ургац алдсан талаар эрх бүхий байгуулагаас томилсон комиссын акт байхгүй байгаа тул хариуцагчийн алданги, торгуулийг төлөхгүй гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Харин Агро сахар ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон боловч уг зөрчилд алданги, торгууль гэсэн хариуцлагыг давхардуулж тооцох боломжгүй гэж үзэн нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-ний нэхэмжлэлээс торгууль 79202760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан ба нэг үүргийн зөрчилд нэг хариуцлагыг давхар тооцож хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь нэхэмжлэлдээ гэрээний үндсэн төлбөр 15137250 төгрөг, алданги 7467825 төгрөг, торгууль 79202760 төгрөгийн нийлбэрийг 101807835, 101480835 гэх мэтээр зөрүүтэй бичсэнийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заажээ. 

Иймд нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-ний гэрээний үүргийн төлбөр 15137250 төгрөг, алданги 7467825 төгрөг, бүгд 22605075 төгрөгийг хариуцагч Агро сахар ХХК-ийс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч 101807835 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 666990 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агро сахар ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 270975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Агро сахар ХХК-иас гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 15137250 төгрөг, алданги 7467825 төгрөг, бүгд 22605075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 79202760 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Агро сахар ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох газрын услалтын системээс хангуулахыг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 666990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агро сахар ХХК-иас 270975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.