Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 924

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.От холбогдох эрүүгийн 1905037961109 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ._ дугаарын регистртэй, П.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.О нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 байрны 135 тоотод гэртээ эхнэр Д.А-ыг заазуураар баруун гарын 4-р хурууны 1-р үенд зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Оын өгсөн:

“...Би тухайн үед Амарсайханы биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ухаарч байгаа. Хуушуур хийхээс болж Амарсайхантай маргалдсан. Хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А-ы өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр архи уусан. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бие жаахан муу байсан. Би гармаар санагдаад гарчихаад гэрт буцаад ороход манай нөхөр О намайг хуушуур хийчих гэсэн би чадахгүй гэсэн. Тэгээд дотор эвгүй болоод салхилаад балкон дээр зогсож байхад Отгоонбаатар миний араас бөгс рүү нэг удаа өшиглөсөн. О бид хоёр барилцаж аваад маргалдаад байж байхад О гал тогооноос заазуур авч ирээд миний гарыг зүсчихсэн. Тэгээд би маргалдаад цагдаа, эмнэлэг дуудна гээд цагдаа дуудсан. О надад эмчилгээ хийлгэх 100.000 төгрөг өгсөн эмчилгээнд таарсан. Өөрөө буруугаа ухамсарлаад ойлгох юм бол надад гомдол санал байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 62-63/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ц-гийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 18-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо 71-135 тоот гэртээ хүү О, эхнэр нь Амарсайхан охиных нь хамт амьдардаг. Би жижиг өрөөнд байсан. Би чих муутай болохоор юм сонсоогүй, Амарсайханы хуруунаас нь цус гарч ирсэн. Танай хүү гар зүсчихлээ гээд орж ирсэн. Би юун цус болчихсон юм бэ гэхэд манай ач охин Солонго аав ээжийн гарыг зүсчихлээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч О.С-ын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ээж Амарсайхан гарч яваад буцаж орж ирсэн. Тэгэхэд аав О хуушуур хийчих гэсэн. Тэгэхэд ээж хийхгүй гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад тэгээд аав гал тогооноос хутга аваад ирж ээж холдуулах гэсэн тэгэхэд аав ээжийн хурууг нь зүсчихсэн цус нь тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 10024 тоот: 

  1. Д.А--н биед баруун гарын 4-р хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 31/,

 

- хохирогч Д.А-ы “...миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 67/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.О нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 байрны 135 тоотод гэртээ эхнэр Д.А-ыг заазуураар баруун гарын 4-р хурууны 1-р үенд зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Оын “...Би тухайн үед Амарсайханы биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.А-ы “...О миний араас бөгс рүү нэг удаа өшиглөсөн. ...О гал тогооноос заазуур авч ирээд миний гарыг зүсчихсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Ц-гийн “...Би чих муутай болохоор юм сонсоогүй, Амарсайханы хуруунаас нь цус гарч ирсэн. Танай хүү гар зүсчихлээ гээд орж ирсэн. Би юун цус болчихсон юм бэ гэхэд манай ач охин Солонго аав ээжийн гарыг зүсчихлээ гэсэн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч О.С-ын “...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ээж Амарсайхан гарч яваад буцаж орж ирсэн. Тэгэхэд аав О хуушуур хийчих гэсэн. Тэгэхэд ээж хийхгүй гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад тэгээд аав гал тогооноос хутга аваад ирж ээж холдуулах гэсэн тэгэхэд аав ээжийн хурууг нь зүсчихсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 10024 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Д.А- “...миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 67/ гаргасныг харгалзан шүүгдэгч П.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.От холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос П.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ