| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00315/И |
| Дугаар | 00309 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 00309
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, 3 дугаар хэсгийн ¹ 01 тоотод оршин суух, 1956 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Бөсүд овогт Хайдавын эрхэмбаярын хүсэлттэй /РД:МО56091013/
Зүүнбүрэн сумын болон Шаамар сумын худалдаа бэлтгэлийн ангид ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Х.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Эрхэмбаяр миний бие нь 1977 оны 01 дүгээр сараас 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнбүрэн сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1986 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 10 дугаар сарын 01 хүртэл Шаамар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн эрхлэгчээр томилогдон ажилласан. 1990 оны 10 дугаар сард шаамарын Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж ажилгүй болсон бөгөөд миний бие 2016 оны 09 дүгээр сард 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан хугацааны тушаал байхгүй болж үрэгдэж алга болсон тул миний 1977 оноос 1990 онд улсад ажилласан 13 жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Эрхэмбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Тост өргөө хотхоны 4-6 тоотод оршин суух, 1958 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, Боржигон овогт Цийлаагийн Цогзолмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Х.Эрхэмбаяр нь 1977 оны 01 дүгээр сараас 1986 оны 08 дугаар сарын 01 хүртэл Зүүнбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Шаамарын Худалдаа бэлтгэлийн ангид томилогдон 1990 оны 10 дугаар сарын 01 хүртэл түхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Шаамарын Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 оны 10 дугаар сард татан буугдахад Х.Эрхэмбаяр нь ажилгүй болсон. Х.Эрхэмбаяр нь 2016 оны 09 дүгээр сард 60 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон ажиллаж байсан хугацааны тушалууд олдохгүй байгаа юм. Одоо Х.Эрхэмбаяр нь элэгний хорт хавдар гэсэн оноштой Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж хэвтрийн дэглэм сахиж байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй болсон. Иймд Х.Эрхэмбаярын ажилласан хугацааг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Бөсүд овогт Хайдавын Эрхэмбаярыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түүхий эдийн эрхлэгчээр, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Сэлэнгэ аймгийн Худалдааны байгууллагын 90 жилд зориулан бэлтгэн гаргасан Сэлэнгийн худалдааныхан номын хоёрдугаар, гуравдугаар номуудад авагдсан фото зураг, бичиж үлдээсэн байдал, мөн хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ авахуулсан фото зураг болон ¹ 520854 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан Ж.Цэндхүү, Л.Даваасүх, Ж.Нармандах, Г.Лхагвасүрэн, Д.Црэндэжид, С.Пэрэнлэй нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Бөсүд овогт Хайдавын Эрхэмбаярыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түүхий эдийн эрхлэгчээр, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Эрхэмбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.