Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 923

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Н.Анхбаяр,

  шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1905037931071 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Замчид гудамж 46 дугаар байрны 114 тоотод байрлах гэртээ хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан хамтран амьдрагч Д.Сийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед “зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, тархи доргилт, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бгийн өгсөн:

“...Би Д.Сийн биед халдсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардал өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 85-86/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Сийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагын үед гэртэй байж байгаад би нөхөр Бд хандан чи маргааш орой ажил тараад хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авчихаад гэрт хүргэж өгөөд фитнессдээ яваарай гээд хэлсэн чинь манай нөхөр надад хандан чи өөрөө ав чи юу хийх гээд байгаа юм би тэндээс түгжирч ирж чадахгүй гэхээр нь би нөхөртөө гомдоод би зунжингаа хүүхдээ хараад гэрт байлаа ганц өдөр би гэрээсээ гармаар байна гэсэн чинь уурлаад нөгөө өрөөрүү орсон. Тэгэхээр нь би гомдоллоод үгээ хэлсэн чинь цаад өрөөнөөс дуугүй бай янхан минь гэхээр нь би “хэрвээ янхан бол танай дүү ээж чинь бас адилхан за юу би эмэгтэй хүн” гэсэн чинь чи миний ээжийг юу гээд байгаа юм бэ гээд босож ирээд шууд миний нүүр лүү 2-3 удаа цохиж, тэгээд чих рүү нэг удаа цохиж чих аймар өвдсөн. Тэгээд намайг зодож байгаад гараад явах гэхээр нь би машиных нь түлхүүрийг авсан тэгсэн чинь надаас машиныхаа түлхүүрийг авах гэж миний гарнаас татаж байгаад буйдан дээр дарж унагааж нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж дараа нь дэр авч нүүрэн дээр дарж амьсгалахад хэцүү болгож байсан. Тэгэхээр нь би уг хүнийг холдуулах гэж зүүн гар луу нь цохисон бас хөлөөрөө жийсэн тэгээд би босоод цонхны тавцан дээр сууж байгаад шууд гэрийн цонхоор цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгсэн чинь удалгүй цагдаа нар орж ирээд цагдаагийн газар очсон.

2014 оноос эхлэж зодож эхэлсэн. 2014 оны 07-р capд намайг нялх биетэй хүүхэд хөхүүлж байхад гарнаас мушгиж гар бие хөлрүү цохиж нүддэг байсан тэгээд зодож зодчихоод гэрээс гараад явчихна намайг ганцааранг нь орхиод л явчихна. Тэгэхээр нь би ээжийндээ шууд яваад очсон. Дараа нь 2015 оны 11 сард намайг зодож хумс тэр чигээрээ унаж гуя болон бие минь хөхөрч байсан тухайн үед би ээжийндээ бас очиж байсан. Тухайн бүрт нь би цагдаад дуудлага өгч байгаагүй. 2017 онд намайг гэрээсээ хөөж зайл чамайг явангуут арын чинь хүн бэлэн байгаа шүү гэх зэргээр дарамталж элдвээр янхан гичий гэж хараадаг тэгэхээр нь би чамайг ингэж хэлж байгаа бол ээж чинь бас ийм шүү дээ чи ээжийгээ ингэж хэлж байна гэсэн үг гэж хэлэхээр шууд босож ирээд зодож эхэлдэг. 2018 оны 06-р сард бас шалихгүй юмнаас болж намайг зодож гар хөл болон нүүр хавдаж хөх няц болж байсан бас л хүүхдээсээ болж маргалдаж байсан.

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23-25, 89-90/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Нийн өгсөн:

“...Д.С нь миний төрсөн охин байгаа юм. Манай охины нөхөр Б.Б ширүүн догшин зантай анхны хүүхдээ төрүүлсэн цагаас авхуулаад зодож цохиод хөх няц болгочихоод хөөгөөд явуулчихдаг байсан. Манайд ирээд 1 сараас 2 сарын хугацаанд манайд амьдарч байсан. 2 дахь хүүхэд нь гараад гайгүй болчих байх гэж бодоход зан нь өөрчлөгдөөгүй дахиад л зодож нүддэг юм шиг байна лээ. Хааяа манай охин над руу залгаад Б.Б намайг зодоод байна гэж залгадаг хүүхдүүд нь цаана нь уйлаад байдаг. Би яг он сар өдөртэй нь хэлж мэдэхгүй байна. Ер нь л миний охин хөх няц болчихоод зодууллаа гэж хэлдэг. Том хүүхдээ 1 сартай байхад нь хүртэл зодчихсон байсан. Манай охины бие энэ тэндээ хөх няц болчихсон л байдаг байсан. Манай хүргэн Б.Б их зантай, хүн юм хэлэхээр тоохгүй, өөртөө маш итгэлтэй цагдаад хэлнэ гэхээр тэг тэг гээд байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай охины гар нь хөхөрсөн хацар нь хавдаж хөхөрсөн байсан. Тухайн үед сандлаар зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.А-гийн өгсөн:

“...Би Д.Сийн нагац эгч байгаа юм. Манай дүү Д.Сийн нөхөр Б.Б нь ар гэртээ халамжгүй хөндий харьцдаг. Том хүүхэд нь төрөөд удаагүй байхад дүү С-ийг цохиж зоддог байсан бөгөөд хөл гар нь хөх няц болчихсон бас хоолойг нь боох хүзүү амыг нь улайлгачихсан байсан. Ихэвчлэн оройн цагаар зоддог. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна, ер нь тогтмол зоддог юм билээ. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нүүр нь хавдаж хөхөрсөн, гар хөл нь бас энд тэндгүй хөхөрчихсөн байсан. Тухайн үед гэртээ зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-гийн өгсөн:

“...Би Д.Стэй найз нөхдийн холбоотой. Жил гарангийн өмнө намайг нөхөр зодоод байна гээд хэлж байсан. Тэрнээс хойш хааяа нүүр нь хавдчихсан, хөхөрсөн, гар хөл нь хөхөрсөн, нүүр нь зулгарсан гэмтлүүдийг учруулдаг байсан. Сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 01-нд зодуулахад нь би уулзаж хамт юм ярьж байгаад хүүхдийг нь авч үлдээд найз Д.Сийг шүүх эмнэлэг рүү явуулж байсан. С- сүүлд зодуулахдаа нүүр шанаа нь хөхөрсөн, гарынх нь мөр булчин хэсэг нь хөхөрсөн бас толгой нь аймар өвдөж толгой нь хавдчихсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,  

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 10590 тоот: 

  1. Д.С-н биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 39/,

 

  - Хохирогч Д.Сийн “...Бтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 94/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 53/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Замчид гудамж 46 дугаар байрны 114 тоотод байрлах гэртээ хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан хамтран амьдрагч Д.Сийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед “зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, тархи доргилт, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бгийн “...Би Д.Сийн биед халдсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Сийн “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө ... нөхөр Бд ... босож ирээд шууд миний нүүр лүү 2-3 удаа цохиж, тэгээд чих рүү нэг удаа цохиж чих аймар өвдсөн. Тэгээд намайг зодож байгаад гараад явах гэхээр нь би машиных нь түлхүүрийг авсан тэгсэн чинь надаас машиныхаа түлхүүрийг авах гэж миний гарнаас татаж байгаад буйдан дээр дарж унагааж нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж дараа нь дэр авч нүүрэн дээр дарж амьсгалахад хэцүү болгож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Нийн “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай охины гар нь хөхөрсөн хацар нь хавдаж хөхөрсөн байсан. Тухайн үед сандлаар зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.А-гийн “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нүүр нь хавдаж хөхөрсөн, гар хөл нь бас энд тэндгүй хөхөрчихсөн байсан. Тухайн үед гэртээ зодсон гэсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-гийн “...С- сүүлд зодуулахдаа нүүр шанаа нь хөхөрсөн, гарынх нь мөр булчин хэсэг нь хөхөрсөн бас толгой нь аймар өвдөж толгой нь хавдчихсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 10590 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

                               

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эд хөрөнгөд учирсан гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх, эвдэрсэн эд зүйлсийг солих, засах зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Д.С нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 89-90/ өгсөн байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар буюу гэр бүлийн хүрээнд бага насны хүүхдүүдийнхээ хажууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мөн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ