Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 936

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогч А.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б,

иргэний хариуцагч Ж.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Хд холбогдох эрүүгийн __ тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ регистрийн дугаартай, Б.Х.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Түмэн плаза” төвийн урд замд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 34 минутын орчимд Ж.У-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 73-67 УБД улсын дугаартай автомашиныг жолоодох явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /16 настай/ А.Эг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

“...2019 оны 8 дугаар сарын 2-ны өглөө 10 цаг 35 минутанд хорооллын Түмэн плазагийн гарцаар гарч байгаад хүн мөргөсөн. Миний буруутай үйлдлээс болж ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Охин маань осолд орсноос хойш шүүгдэгчийн ээж хохирол төлбөр төлөөд холбоотой байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Гэмтлийн хувьд хүнд гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаа. Эмч хэлэхдээ 3-6 сарын дараа хагалгаанд орно. Эмнэлгийн байнгын хяналтанд байгаа. Одоогоор эмчилгээ зогссон. Хөлний хагалгаанд орсон. Хавдар нь буугаагүй байгаа. 6 сарын дараа хадаасаа авахуулна. Тархины эмчийн байнгын хяналтанд байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ж.У мэдүүлэхдээ:

“...Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хгийн өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 34 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Түмэн плаза”-гийн урд замд Өөрийн ээж Уянгын эзэмшилийн Т.Приус маркийн 73-67 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед зорчих хэсгийн 3-р эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчиж явах үедээ явган хүний зохицуулагддаггүй гарц дээр явган зорчигч эмэгтэйг мөргөж осол гаргасан. Тэгээд замын хажуугаар явсан хүмүүсийг дуудлага дуудаарай, түргэн дуудаарай гэж орилсон. Тэгээд байж байтал түргэн ирээд мөргүүлсэн эмэгтэйг аваад гэмтэл явсан.

Би явган зорчигчийг мөргөөд машинаа зогсоож, явган зорчигч дээр гүйгээд очих үед явган зорчигч буюу мөргүүлсэн эмэгтэй уйлаад хэвтэж байсан. Тэгээд л би сандраад хажуугаар явсан хүмүүсийг дуудлага өгөөрэй би хүн дайрчихлаа гэж орилсон...” гэх мэдүүлэг /хх-н 52-54/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.Эгийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 34 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Түмэн плазагийн урд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж явтал 1, 2-р эгнээнд явсан автомашинууд зогсож өгөөд 3-р эгнээ рүү орох гэтэл гэнэт Т.Приус маркийн 73-67 УБД улсын дугаартай автомашин орж ирээд мөргөж би шидэгдэж газарт унасан. Тэгээд юу болсон эсэхийг санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Миний зам хөндлөн гарч явсан зам гарц, явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээтэй гэрэл дохиогүй, зохицуулагддаггүй гарц байсан. Осол гарах үед зам орчины байдал цаг агаар цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн сийрэг, зам эвдрэл гэмтэлгүй байсан.

Миний биед баруун хөлийн шагай хугарсан, толгойд гавлын ясны цууралт үүссэн, цус хуралт, харвалттай байна гэсэн. Намайг мөргөсөн автомашинд хэдэн зорчигч явсан эсэхийг би мэдэхгүйн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өгсөн:

“...Би осол хэргийн талаар хараагүй, харин осолд орсон гэж утсаар дуулаад гэмтлийн эмнэлэг дээр очсон. Манай охин А.Э “Түмэн плаза”-гийн урд явган хүний гарцаар гарч явах үед нь Т.Приус маркийн автомашин мөргөсөн талаар надад хэлж байсан. Миний охин А.Эгийн баруун хөл шагай орчимд хугарсан, Толгойн гавлын ясны цуурал, цус харвалт, гэсэн гэмтлүүд үүссэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад эмчилгээ хийлгээд гарсан. Одоо биеийн байдал эмчилгээ хийлгээд сайжирч байгаа боловч цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Жолооч гэмтлийн эмнэлэгт хэвтэж байх үеийн эмчилгээний зардал зэргийг төлж барагдуулж байсан, мөн эргэж тойрч байсан. Эмчилгээний зардал тухайн үед хэдэн төгрөг болсон эсэхийг сайн санахгүй байна, жолооч даатгалаас олж авна гээд баримтуудыг авсан байгаа. Барагцаагаар 1 сая орчим төгрөг болсон байх гэж бодож байна.

Одоо манай охин цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага байгаа, мөн сарын дараа үзүүлж эмчээс зөвлөгөө авна, тэр үед эмч маань ямар зөвлөгөө өгөхөөс цаашдын эмчилгээний зардал яригдах байх гэж бодож байна.Тэгэхээр одоогийн байдлаар яг тэдэн төгрөг болох байна гэж мэдэхгүй байна. Охины гэмтлийн зэрэг хүнд гарсан болохоор цаашид эмчилгээний үр дүнгээс шалтгаалж эдгэрэлтэнд нөлөөлөх байх.тиймээс зардал мөнгө хэр орохыг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг жолооч талаар гаргуулах хүсэлтэй байгаа. Яг одоо хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна. Бидэнд мөнгө хэрэггүй, гол нь охины маань бие эрүүл саруул байх хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ж.У-ын өгсөн:

“...Т.Приус маркийн 73-67 УБД улсын дугаартай автомашиныг миний хүү болох Б.Х хариуцаж жолоодож явдаг юм. Энэ машин миний нэр дээр боловч миний хүү Б.Х эзэмшиж жолоодож явдаг. Тиймээс Б.Хгийн нэр дээр жолоочийн хариуцлагын даатгал байгаа. Осол болсон өдөр 10 цаг 40 минутын үед манай хүү Б.Х Баянгол дүүргийн нутаг Түмэн плазагийн урд явган хүний гарц дээр явган зорчигч мөргөсөн талаар надад хэлсэн, тэгээд би утсаар энэ тухай дуулаад шууд осол хэргийн газарт очсон. Намайг осол хэргийн газарт очих үед мөргүүлсэн охин газарт хэвтсэн, уйлаад байж байсан. Мөн манай хүү Б.Х яахаа мэдэхгүй бололтой, сандарсан, уйлсан байдалтай байсан. Тэгээд намайг осол хэргийн газарт очоод байж байтал түргэн тусламж ирсэн. Хохирогчийн эмнэлэгт хэвтсэн төлбөр болон, эмчилгээний бусад зардал нийт 2.800.000 орчим төгрөгийг би төлж барагдуулсан. Миний хүү Б.Х нь одоогоор тогтсон ажил төрөл хийдэггүй учир эхийн хувьд би хохирлыг төлж барагдуулж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг мөн би хариуцаж барагдуулж өгөх болно. Одоо хохирогчийн биеийн байдал сайжирч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9572 тоот:

1. А.Эгийн биед зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны гадна, дотно хашлага ясны хугарал, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 30/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 60444 тоот:

1. Toyota маркийн Prius30 загварын 73-67УБД улсын дугаартай автомашины тоормосны аппарат, гар тормос, жолооны механизм, явах эд анги, дуут дохио, салхины шил, шил арчигч дугуй зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангаж байна.

2. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд шил зүүн талдаа гол хэсэгтээ цууралт үүссэн, копутны урд ирмэг хонхойж нугасаараа хойш болж гажсан, урд буфер гол хэсэгтээ эмбельмний хажуу талд хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Дээрхи эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой болно.

4. Уг тээврийн хэрэгсэлд ослоос өмнө үүссэн осолд нөлөөлөх эвдрэл, гэмтэлгүй болно.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба эвдрэл гэмтэлгүй стандартын шаардлага хангаж байна.

6. Энэхүү тээврийн хэрэгслийн шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба тоормос гишгэх үед автомашины хурд болон тоормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч зам дээр тоормосны мөр үүснэ.

7. Энэхүү зам тээврийн хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйлгүй болно гэх дүгнэлт /хх-н 37-41/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-13/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 55/,   

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Х нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Түмэн плаза” төвийн урд замд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 34 минутын орчимд Ж.У-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 73-67 УБД улсын дугаартай автомашиныг жолоодох явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /16 настай/ А.Эг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Хгийн “...Т.Приус маркийн 73-67 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед зорчих хэсгийн 3-р эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчиж явах үедээ явган хүний зохицуулагддаггүй гарц дээр явган зорчигч эмэгтэйг мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч А.Эгийн “...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 34 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Түмэн плазагийн урд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж явтал 1, 2-р эгнээнд явсан автомашинууд зогсож өгөөд 3-р эгнээ рүү орох гэтэл гэнэт Т.Приус маркийн 73-67 УБД улсын дугаартай автомашин орж ирээд мөргөж би шидэгдэж газарт унасан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн “...Манай охин А.Э “Түмэн плаза”-гийн урд явган хүний гарцаар гарч явах үед нь Т.Приус маркийн автомашин мөргөсөн талаар надад хэлж байсан. Миний охин А.Эгийн баруун хөл шагай орчимд хугарсан, Толгойн гавлын ясны цуурал, цус харвалт, гэсэн гэмтлүүд үүссэн...” гэх мэдүүлэг,

 

иргэний хариуцагч Ж.У-ын “...манай хүү Б.Х Баянгол дүүргийн нутаг Түмэн плазагийн урд явган хүний гарц дээр явган зорчигч мөргөсөн талаар надад хэлсэн, тэгээд би утсаар энэ тухай дуулаад шууд осол хэргийн газарт очсон. Намайг осол хэргийн газарт очих үед мөргүүлсэн охин газарт хэвтсэн, уйлаад байж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9572 тоот дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 60444 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас Б.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.Хг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно.

 

Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, насанд хүрээгүй хохирогч А.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Эд учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн хураагдсан 1 ширхэг Сидийг хэрэгт хавсарган үлдээж, В ангиллын 1275806 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн хураагдсан 1 ширхэг Сидийг хэрэгт хавсарган үлдээж, В ангиллын 1275806 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ