Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00308

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн 2-14 тоотод оршин суух, 1956 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Гучит овогт Баасанжавын Нэмэхбаярын хүсэлттэй /РД:МЭ56111077/

Зүүнхараа дахь модны үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Батсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Нэмэхбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1972 оны 02 дугаар сараас тухайн үед Артель нэртэй байсан байгууллагад мужаанаар ажилд орж ажилласан. Намайг ороод удаагүй байхад тухайн байгууллага нь Нийтийн ахуй үйлчилгээний комбинат, Модны үйлдвэр гэж хоёр байгууллага болж хуваагдсан. Би Модны үйлдвэрт нь мужаанаар ажилд орж 1974 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Уг ажилласан жилүүдийн тушаал олдохгүй, архив байхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд миний 1972 оноос 1974 оны 08 дугаар сар хүртэл ажилласан 03 жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Гучит овогт Баасанжавын Нэмэхбаярыг Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1972 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1972 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зүүнхараа Артель үйлдвэрээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь Модны үйлдвэрийн захиргааны даргын 1972 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ¹ 95 дугаартай мэргэжлийн зэрэг ба зэргийн цалин олгох тухай тушаалын 1-д Б.Нэмэхбаярт мэргэжлийн 3 дугаар зэрэг олгосугай, мөн даргын 1974 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ¹ 16 дугаартай тушаалд Б.Нэмэхбаяр нь ардын цэрэгт нас бие тэнцэж явах болсон тул 1974.07.24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй гэснээр болон хамт ажиллаж байсан Д.Борхүү, Д.Дашдулам, Д.Нацагдорж нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Б.Нэмэхбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Гучит овогт Баасанжавын Нэмэхбаярыг Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1972 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Эрхэмбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.