Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 935

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Р.Эод холбогдох эрүүгийн ______ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Р.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Фламенго” баарны гадна иргэн Б.Ө-ыг жийж унагаах, толгойн тус газар нь цохих зэргээр зодож духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, тохойд цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э мэдүүлэхдээ:

“...Өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Р.Эын өгсөн:

“...2019 оны 9 дугаар сарын 23-нд хамаатны хүүхэд найз болох Б.Эы хамт жаахан таксийнд явж байгаад хороололд байдаг Фламенго гээд бааранд би үлдээд манай найз Э Б гэх нэг найзыг авч ирэх гээд яваад ирсэн. Энэ хооронд нэг шил пиво уугаад байж байхад Б орж ирэхээр нь би зөрөөд гадаа гарсан. Гадаа үүдээр гарах гэж байгаад нэг үл таних ахтай мөрлөлцөөд маргаан гарсан юм. Тэгээд нөгөө ах намайг баруун гараараа зүүн шанаанд цохихоор нь би зөрүүлээд хөлөөрөө жийгээд нөгөө ах шатруу хөл алдаад эргээд дайрахаар нь дахиад нэг удаа цээж рүү нь өшиглөсөн.  Тэгсэн нөгөө ах шат руу харуулдаад уначихсан. Газар унахаар нь үсдэж байгаад цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн. Гэтэл тэнд байсан нэг ах намайг салгаад би цаашаа машин дээр Э дээр очоод мань зодоон хийчихлээ явъя гэж хэлсэн. Тэгээд манай найз Б ирээгүй байсан болохоор Эыг ороод аваад иp гэж хэлсэн. Э буугаад Бтай нэг их удалгүй хүрээд ирсэн намайг явахад надтай муудалцсан ах шатны хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,           

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ө-ы өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сарын 22-нд орой Баянгол дүүрэг 8 дугаар хороо хороололд байдаг Фламенго гэх нэртэй бааранд орой амьд хөгжмийн тоглолт хийгээд гарах гээд явж байхад үүдэн дээр зогсож байсан нэг залуу намайг үүдэн дээрээс шууд хөлөөрөө жийсэн. Би яаж байгаа юм гээд өөдөөс нь явж очоод гараараа далайтал өөдөөс түлхэж унагаагаад цээж рүү өшиглөсөн. Тэгээд хэд хэдэн удаа гараараа нүүр толгой руу цохисон. Би зугатааж гүйж ороод цагдаа дуудаад баарны хамгаалагч О гэх залуутай хамт гараад иртэл нөгөө залуугийн найз нь гэх өндөр залуу намайг заамдаад түлхээд шатны хажуугийн хашлага дээгүүр түлхээд байсан. Би унахгүй гээд эрмэгээс нь зуураад байж байхад намайг газар нэг нь татаж унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Хамгаалагч ирээд жаахан гарахаар нь босоод зугтаасан юм. Тэгээд шууд цагдаагийн газар ирээд гомдол саналаа гаргасан. Надад ямар нэг санал гомдол байхгүй би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй. Тухайн үедээ жаахан шар хөдлөөд гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Бгийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 23-нд орой ажил тараад гэрлүүгээ явж байхад манай хамт ажилладаг Э надруу утсаар залгаад хороололд байна хүрээд ир гэсэн тэгээд манай найз машинтай яваа чамруу явуулъя гэхээр нь би яваад саппороо дээр явж байхад найз нь гэх залуу нэг саарал өнгийн приустэй ирээд намайг авсан. Намайг машинд ороход нэг 17 орчим насны нэг хүүхэд цуг машин дотор байсан тэгээд хороололд байдаг Өргөөгийн замын урд байдаг нэг бааранд орохоор болоод гадаа нь машинд жолооч нь үлдээд Э нөгөө хамт ирсэн хүүхэдтэй нь юм яриад үлдсэн. Би дотогшоо ороод сул суудал байгаа эсэхийг хараад нөгөө хэдээ хүлээгээд 5-10 минут болсон гэтэл нөгөө хэд маань ирэхгүй байхаар нь иргээд гарах гэтэл жолооч гээд найз нь үүдэнд надтай таараад явъя гээд хэлсэн. Би яасан гээд асуутал явъя гээд Э гадаа машинд байгаа гэхээр нь дагаад гараад ирэхэд үүдэнд нэг үл таних залуу цагдаа дуудна гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би жаахан сахилгагүй зан хөдлөөд чи муу яахаараа цагдаа дууддаг юм гээд цээжрүү нь нэг удаа гараараа түлхтэл нөгөө залуу улам чанга хашгираад байхаар нь чи яасан гэж цагдаа дууддаг юм гээд заамдаад түлхтэл хажуудаа байсан нэг хар малгайтай цамцтай залуу боль гээд татаж байгаа харагдсан. Би цаашаа алхтал манай найз нөгөө машины жолооч залуу намайг татаад аваад явсан. Бид нар машинд орсон чинь Э шүдээ зуугаад суугаад байхаар нь яасан гээд асуусан чинь саяны залуутай маргаад гээд зүүн шанаа нь хавдсан байсан. Тэгээд бид нар за за болъё гээд найз нь гэх жолооч залуугаар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эы өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сарын 23-нд орой манай хамаатны хүүхэд Э бид хоёр хамт явж байгаад салсан. Удаагүй байж байхад Эын найз Б гэх залууг нэгдүгээр хорооллоос аваад ирээч гэж байсан тэгээд би нэгдүгээр хороолол орж аваад хороолол 3-4-т байдаг Фламенго гэх нэртэй бааранд ирсэн. Тэгээд Б гэх залуу буугаад баарлуу орсон тэгээд байж байхад нэг их удаагүй би машинаа зогсоол дээр байрлуулж байхад Э өөдөөс гараад ирсэн. Тэгээд явъя би хүнтэй муудалцаад зодоон хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд би нөгөө найзаа дууд гээд хэлсэн чинь чи ор би болохгүй гээд байсан. Би ороод дуудах гээд явж байтал Б шатан дээр таарсан тэгээд нэг танихгүй хүнийг түлхээд байгаа харагдсан тэгэхээр нь би боль боль гээд цааш нь аваад гарсан тэгээд бид нар машиндаа суугаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11719 тоот: 

  1. Б.Ө--н биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, тохойд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

- Хохирогч Б.Ө-ы “...уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 56/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Фламенго” баарны гадна иргэн Б.Ө-ыг жийж унагаах, толгойн тус газар нь цохих зэргээр зодож духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, тохойд цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Р.Эын “...нөгөө ах намайг баруун гараараа зүүн шанаанд цохихоор нь би зөрүүлээд хөлөөрөө жийгээд нөгөө ах шатруу хөл алдаад эргээд дайрахаар нь дахиад нэг удаа цээж рүү нь өшиглөсөн.  Тэгсэн нөгөө ах шат руу харуулдаад уначихсан. Газар унахаар нь үсдэж байгаад цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,           

 

хохирогч Б.Ө-ы “...Би унахгүй гээд эрмэгээс нь зуураад байж байхад намайг газар нэг нь татаж унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Бгийн “...машинд орсон чинь Э шүдээ зуугаад суугаад байхаар нь яасан гээд асуусан чинь саяны залуутай маргаад гээд зүүн шанаа нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Эы “...би машинаа зогсоол дээр байрлуулж байхад Э өөдөөс гараад ирсэн. Тэгээд явъя би хүнтэй муудалцаад зодоон хийчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11719 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Эод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Р.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Ө-ыг эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Б.Ө- нь “...Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй. Тухайн үедээ жаахан шар хөдлөөд гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/, “...уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 56/ зэргийг харгалзан шүүгдэгч Р.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Р.Эод холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Р.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ