| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00296/И |
| Дугаар | 00306 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 00306
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Төмөр замын 264 дүгээр точикт оршин суух, 1956 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Заан овогт Төмөртогтохын Нямдаваагийн хүсэлттэй /РД: МР56022018/
Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Т.Нямдаваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1974 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд нормчингоор ажилд ороод 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдсан. 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаад буцаад Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд автомашины жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр группэд орсон. 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр группээс гарч 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн автогражид жолоочоор буцаж ажилд орсон. Тэгээд 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл жолоочоор ажилласан. Энэ ажилласан хугацааны ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, архивт байхгүй байгаа юм. Иймд миний Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Заан овогт Төмөртогтохын Нямдавааг Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1974 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл мод бэлтгэгчээр, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл автогражид жолоочоор, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл автын жолоочоор тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1974 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1974 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ¹ 104 дугаартай Т.Нямдавааг мод бэлтгэгчээр ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ¹ 120 дугаартай жолооч Т.Нямдавааг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ¹ 20 дугаартай жолооч Т.Нямдаваад Газ-66 машин хариуцуулах тухай тушаал, ¹ 481065 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх болон хамт ажиллаж байсан П.Бумжаа, З.Буянтогтох, Т.Нямдаваа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Т.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Заан овогт Төмөртогтохын Нямдавааг Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1974 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл мод бэлтгэгчээр, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл автогражид жолоочоор, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл автын жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.