Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 941

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн ___ тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч , хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ регистрийн дугаартай, Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний орой 21 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт 25-р эмийн сан, “KFC” хоолны газрын урд замд “Блюбус” ХХК-н эзэмшлийн “Хьюндай Аеро Сити 540” маркийн 76-32 УНИ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-д заасан Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б, Б.Б нарыг мөргөж Б.Бгийн эрүүл мэндэд нь хүнд, Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Би Батболд ахын хүүхдийг мөргөсөн нь үнэн. Би үнэхээр их гэмшиж байна. Би Батболд ахаас уучлалт гуйсан. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулах ялыг хөнгөвчилж өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Эмч нар цус нь шимэгдэж байгаа тул цаашид хагалгаанд орохгүй байж болно гэж хэлсэн. Одоо хүүхдийн минь толгой өвдөж байгаа. Миний хүүхэд 7 настай...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Бын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 01-ний орой 21:04 цагийн үед би Улаан хуарангаас Мах импекс чиглэлийн 40 дугаартай, баазын 4-032 баазын дугаартай Хуандай аеро сити маркийн автобус жолоодоод Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө Төмөр замын их сургуулийн уулзвар нэвтрээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байтал сандлын хажууд тавьсан байсан цэвэр ус унахаар нь хөл доороос унасан усаа аваад буцаад өндийтөл явган хүний гарцаар дугуй түрсэн хүүхэд замын хойноос урагшаа чиглэлтэй ороод ирсэн би тормосоо гишгээд /тормосоо огцом гишгэж чадаагүй хойно хүүхэдтэй хүн сууж явсан болохоор уначих байх гэж бодоод тормосоо огцом гишгээгүй/ хүүхдийг мөргөөд зогссон. Хүүхэд мөргүүлээд газарт унасан. Би автобуснаас буугаад хүүхэд дээр очиход хүүхэд унадаг дугуйныхаа хажууд унасан байсан ба автобусанд сууж байсан хүмүүсээс цагдаа, түргэн тусламж дуудаарай гэж хэлээд зогсож байтал түргэн тусламж ирээд хүүхдийг аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн.

Би хүүхдийг эмнэлэгт хэвтэх хугацаанд байнга эргэж тойрч эмчилгээнд гарсан төлбөр мөнгийг нь тухайн бүрт нь төлж байсан бөгөөд эмчилгээнд нь 1 сая төгрөг зарцуулсан байна лээ. Мөн хүүхдийн цаашдын эмчилгээнд 2.500.000 төгрөг төлж хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-н 32, 56-57/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний орой 21:04 минутын үед би 7 настай хүү Баярбаясгалангийн хамт хүүхдээ салхилуулаад манай хүү унадаг дугуй унаад гадуур явж байгаад буцаж гэрлүүгээ харих санаатай Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн “КFС” түргэн хоолны газрын урд талын гэрлэн дохиотой явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гээд гэрлэн дохио хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахад манай хүү аав ногоон гэрэл асчихлаа гэж хэлэхэд нь би баруун гар талдаа хүүхдийнхээ дугуйны гарнаас нь бариад манай хүү дугуйн дээрээ суугаад зам хөндлөн алхаад гартал миний зүүн гараас 1-р эгнээгээр нэг автобус орж ирээд бид хоёрыг мөргөсөн. Мөргүүлээд манай хүү бид хоёр үсрээд унасан би хүүхэд дээрээ яваад очтол манай хүү ухаан алдсан сэрэхгүй байсан ба хамраас нь цус гарч байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай хүү сэрсэн ба нэг мэдэхэд түргэн тусламж болон замын цагдаа ирсэн байсан. Тэгээд би хүүхдээ аваад түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэг дээр очсон. Манай хүүгийн баруун зулай яс, чамархай, зулайн заадас, суурь ясны их далавч, суурийн хөндийд яснуудын хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа мөн баруун ташаа, баруун тохой, шагайн үений зулгаралт гэмтлүүд учирсан байсан. Ослоос хойш гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 8-р сарын 14-нд эмнэлгээс түр гаргасан.

Миний биед Цээжний зүүн талд 6-р хаврага хуралттай, зүүн ташаа өвдөгт цус хурсан, баруун тохой зулгарсан байсан. Жолооч хүүхдийн эмчилгээнд гарсан зардлыг тухай бүрд нь төлж байсан баримт нь өөрт нь байгаа ойролцоогоор жолооч 700.000 орчим төгрөг зарцуулсан. Жолооч хүүхдийн цаашдын эмчилгээнд 2.500.000 төгрөг өгсөн учраас цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9562 тоот:

1. Б.Б-гийн баруун зулай яс, чамархай, зулайн заадас, суурь ясны эх далавч, суурийн хөндийн яснуудын хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун ташаа, баруун тохой, шагайн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 34/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн

            1.Aerо city-540 маркийн цагаан цэнхэр өнгөтэй, 76-32УНИ улсын дугаартай автобусны баруун хойд талын тоормосны зөрүү нь стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн байна.

2. Уг автобусны баруун хойд талын тоормосны зүрүүн стандарт заасан хэмжээнээс хэтэрсэн зэрэг зөрчилтэй байна.

3. Уг автобусны эвдрэл гэмтэл нь ослын өмнө үүсэн байх магадлалтай байна.

4. Уг автобусны хойд тоормосны зөрүү нь осолд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

5. Уг автобусны тоормос нь хийн дамжуулгат тоормосны системтэй бөгөөд  бүрэн ажиллахгүй байна.

6. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь хийн, хийн-шингэн дамжуулгатай АВS системтэй бөгөөд тоормос гишгэх үед зам дээр мөр үүсэх эсэхийг нарийн тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-н 42-46/, 

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-9/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/

            -оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 64/  зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний орой 21 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт 25-р эмийн сан, “KFC” хоолны газрын урд замд “Блюбус” ХХК-ны эзэмшлийн “Хьюндай Аеро Сити 540” маркийн 76-32 УНИ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-д заасан Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

шүүгдэгч Н.Бын “...Төмөр замын их сургуулийн уулзвар нэвтрээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байтал сандлын хажууд тавьсан байсан цэвэр ус унахаар нь хөл доороос унасан усаа аваад буцаад өндийтөл явган хүний гарцаар дугуй түрсэн хүүхэд замын хойноос урагшаа чиглэлтэй ороод ирсэн би тормосоо гишгээд /тормосоо огцом гишгэж чадаагүй хойно хүүхэдтэй хүн сууж явсан болохоор уначих байх гэж бодоод тормосоо огцом гишгээгүй/ хүүхдийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “...манай хүү аав ногоон гэрэл асчихлаа гэж хэлэхэд нь би баруун гар талдаа хүүхдийнхээ дугуйны гарнаас нь бариад манай хүү дугуйн дээрээ суугаад зам хөндлөн алхаад гартал миний зүүн гараас 1-р эгнээгээр нэг автобус орж ирээд бид хоёрыг мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9562 тоот дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас Н.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Н.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол эмчилгээний зардал хохирлын төлбөрт 2.500.000 төгрөг, эм тарианы төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн гэж талууд шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хавтаст хэрэгт авагдсан авагдсан хохирлын баримтын хүрээнд хохирол төлөгдсөн гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж үүрэг хүлээлгэж, тэнсэн харгалзах ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан В, C, D ангиллын 135699 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан В, C, D ангиллын 135699 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ