Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2017/0419/З |
Дугаар | 709 |
Огноо | 2017-09-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 709
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, “ИЭХ ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй “Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ИЭХ ” ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”ИЭХ ” НҮТББ нь анх 2013 оны 06 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх, сувилал сургалтын үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулагдсан.
Манай ТББ нь 2013 оны 06 дугаар сараас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга А.Ганболд, Засаг дарга Х.Б нарт хандан сувиллын зориулалтаар газар эзэмшихээр хүсэлт гарган хөөцөлдсөний эцэст 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Засаг даргын А/403 дугаар захирамжаар Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Халгайтын аманд 18671301697965 дугаар бүхий 15000 м.кв газрыг эзэмшиж ашиглахаар газрын эрхээ авсан.
Уг газрын төлбөрийг 2014 оноос хойш цаг тухай бүрд нь бүрэн төлж байсан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дүүргийн Засаг даргын А/25 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасан байна. Уг захирамжийн талаар газар эзэмшигч манай байгууллагад Засаг даргын Тамгын газар болон Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдээгүй бөгөөд харин ч газрын албаны мэргэжилтнүүд улирал бүр газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсны дагуу 2015 онд газрын эрх хүчингүй болсноос хойш газрын төлбөрийг улирал бүр төлсөөр ирсэн. Гэвч 2016 оны 03 дугаар сард газрын эрх хүчингүй болсныг манай байгууллагад холбогдох хүмүүс нь мэдэгдсэн юм.
“ИЭХ ” НҮТББ-ын УЗ-ийн дарга С.Э нь нуруу нугасны гэмтэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан. Үйлдвэрлэлийн осолд өртөж хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, өөрийн олон жилийн туршлагаасаа зааж зөвлөх, тэдэнд бага ч гэсэн тус нэмэр болох зорилготойгоор амарч сувилах сувилал байгуулахаар тус газрыг авсан. Манай ТББ нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд тухайн газарт өөрийн хөрөнгө мөнгөний бололцоонд тулгуурлан улирлын чанартайгаар 2-5 гэр барьж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сувилал сургалтын үйл ажиллагаа явуулж байсан.
Дээрх газрын эрхийг хүчингүй болгосон захирамж гарснаас хойш С.Э нь газрын эрхийг сэргээх тухайн асуудлыг тухайн хариуцагч газартай холбогдон хөөцөлдсөн боловч нааштай хариу авч чадахгүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр таалал төгссөн.
Манай “ИЭХ ” НҮТББ нь үйл хэргийг нь үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа цааш явуулах хүсэлтэй байгаа болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу:
1. 2015.02.04-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргасан боловч манай байгууллагад мэдэгдэлгүй 2016 оныг дуустал газрын төлбөрийг төлүүлсэн. 2016 оны 03 дугаар сард Налайх дүүргийн газрын албанаас мэдэгдэж нэхэмжлэл гаргах хугацааг алдагдуулсан.
2. Ямар ч үндэслэлгүйгээр газрын эрхийг цуцалсан.
Иймд манай “ИЭХ ” НҮТББ-ын газрын эрхийг сэргээж үйл ажиллагаа явуулахад маань тусална гэж найдаж байна.” гэв.
Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ИЭХ ” НҮТББ нь Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар дүүргийн 1 дүгээр хорооны Халгайтын ам гэх газар сувиллын зориулалтаар 15000 м.кв газрыг эзэмшжээ. Газар эзэмшихдээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмшүүлэхээр заасан байна. Гэтэл “ИЭХ ” НҮТББ-ын эзэмшсэн газар нь 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.
Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны А/25 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “ИЭХ ” НҮТББ-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт “... энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”-д заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүйгээр газар эзэмших эрх олгосон гэрчилгээг хүчингүй болгохоор тусгасан байна.
Дээрх 2 үндэслэл нь “ИЭХ ” НҮТББ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшсэн, мөн зохих журмын дагуу газар эзэмшээгүй байгаа нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон байна.
Дүүргийн Засаг даргын 2015 оны А/25 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”-д заасныг баримтлан гаргасан нь хуульд нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд “ИЭХ ” ТББ-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “ИЭХ ” ТББ нь Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ тодорхойлсон.
Налайх дүүргийн Засаг дарга нь дээрх маргаан бүхий захиргааны актаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр “ИЭХ ” НҮТББ-д газар эзэмших эрх олгосон гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл буюу хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа болон ноцтой зөрчсөн, нийтийн ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй зэрэг тохиолдлуудад Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай. Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь зохицуулалт нь газар шинээр эзэмшихээр хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай харилцаа бөгөөд захиргаанаас нэгэнт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээ олгосон тохиолдолд хариуцагчийн үндэслэл болгож буй дуудлага худалдаа, төсөл шалгаруулаагүй хариуцагчийн хэрэгжүүлээгүй үүргийг эгүүлэн хэрэглэхгүй бөгөөд хариуцагчийн өөрийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хууль бус юм.
Хоёр. Анх Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар захирамжаар “ИЭХ ” НҮТББ-д сувиллын зориулалтаар 15000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж 0003005.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар ... бүрдэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 31.1.3-т ”Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэр гаргах эрх хэмжээтэй юм.
Улсын Их Хурлын 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг баталсан бөгөөд өнөөг хүртэл Баянзүрх, Налайх дүүргүүдийн хилийн цэс өөрчлөгдөөгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны А/402 дугаар захирамжаар олгосон нэгж талбарын 186771301697965 дугаар бүхий газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах газар болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/1552 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу Налайх дүүргийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар захирамжаар “ИЭХ ” НҮТББ-д нэгж талбарын 18671301697965 дугаар бүхий өөр дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагддаг газар эзэмшүүлэхээр гаргасан шийдвэр нь илт хууль бус захиргааны акт болно.
Нөгөө талаар “ИЭХ ” НҮТББ-ын Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Газрын албанд “... газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт багтаж байгаа тул дараа давхцал гарсан тохиолдолд маргаан үүсгэхгүй...” гэх баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч нь маргаан бүхий газар нь өөр дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч болох талаар таамаглаж байсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын газрын харилцаанд эдлэх эрх, хариуцах үүргийг зохих хуулиудаар нарийн зааглан тогтоосоор байтал “ИЭХ ” НҮТББ-д өөр дүүрэгт харъяалагдах газрыг Налайх дүүргийн Засаг дарга эзэмшүүлсэн илт хууль бус шийдвэрээс гарах эрх зүйн үр дагаврууд болох газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, газрын төлбөр авах, уг газартай холбоотой аливаа бусад шийдвэрүүд нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
”ИЭХ ” НҮТББ нь Налайх дүүргийн Засаг даргын илт хууль бус 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар захирамжийн улмаас 2013 оноос 2015 оныг дуустал газрын төлбөрт нийт 1,200,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх үнийн дүнг хариуцагчаас гаргуулан авах эрхтэйгээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагад тус дүүргийн газар нутагт сувиллын зориулалтаар газар эзэмшүүлэх боломжтой гэж тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “ИЭХ ” НҮТББ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ