Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0532

 

“Т а ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т а ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаар шийдвэрээр: “Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.4, Татварын Ерөнхий хуулийн /2008 оны/ 63 дугаар зүйлийн 63.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан “Т а ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Татварын газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн 2019 оны эхний 10 сарын орлогыг бүрэн бүртгэх, татварын орлогын бүртгэлийн хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2019 оны татвараа төлөөгүй 6300 тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдож, татварыг төлүүлэх талаар тус тус хэлэлцэж, нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах данснаас 16,337,699 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үл маргах журмаар суутган авсан.

Гэтэл Нийслэлийн Татварын газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тус дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэгч байгууллагаас татварыг шууд суутган авах эрх хэмжээ олгосон эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тус тушаалаар татварын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн үнэн зөв байдлыг хангах, 2019  оны 10 дугаар сарын орлогыг бүрэн бүртгэх, татварын орлогод хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай ажлыг зохион байгуулахаар болсон.

Дээрх тушаал болон тус ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс түүнчлэн тус татварын хэлтсийн байцаагчид автотээврийн хэрэгслийн татварыг албадан суутган авах эрх хэмжээг олгосон эсэх нь тодорхойгүй буюу тус татварын хэлтсийн эрх хэмжээнд хамаарч байгаа болох нь нотлогдоогүй байна.

Гэтэл ажлын хэсгийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2019 оны татвараа төлөөгүй 6300 тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдож, татварыг төлүүлэх талаар хэлэлцэж, уг ажлын хүрээнд тухайн татварыг суутган авсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн гэх дүгнэлт хийж байгаа нь илт үндэслэлгүй.

Түүнчлэн Автотээврийн үндэсний төв дээрх бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан огноогоор тээврийн хэрэгслийн лавлагаа, марк, улсын дугаар, арлын дугаараар ирүүлсэн тээврийн хэрэгслийг “Т а ф” ХХК-ийн эзэмшилд байсан гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэнийг нотолж байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.

Тухайн авто машинууд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн нь тухайн автомашины шууд өмчлөгч болсон гэсэн үг биш. Зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулсан автомашинаар хангуулах бөгөөд энэхүү гэрээний дагуу тухайн автомашиныг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, барьцаалах эрх үүсдэггүй.

Гэтэл шүүхээс тус автотээврийн хэрэгслийг шууд эзэмшилд бий эсэхээс үл хамаарч татвар төлөгч байна гэдэг байдлаар дүгнэсэн нь илт үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Дараахь тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэнэ”, 42.1.1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд”, 88 дугаар зүйлийн 88.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэхээр байх бөгөөд тэмдэглэлд юуг тусгах талаар тодорхой хуульчилжээ.   

Анхан шатны шүүх “Т а ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлээд шийдвэр гаргасан боловч хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүйгээс хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь ...  шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан бөгөөд тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны шүүгчийн захирамж тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдсэн зэрэг процессын алдааг гаргасныг дурдах нь зүйтэй.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА