Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 36

 

О.Баясгалан, Х.Батболд нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо,  ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга             Г.Намуунзул оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Баясгалан, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдлоор О.Баясгалан, Х.Батболд нарт холбогдох эрүүгийн 201611000494 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1942 оны 8 сарын 06-ны өдөр төрсөн, 75 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЬ42080615 регистрийн дугаартай, бие эрүүл, Хатагин овогт Очирхуягийн Баясгалан.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1973 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг "Хөл нуур" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЭ73100178 регистрийн дугаартай, Хатагин овогт Халзангийн Батболд.

О.Баясгалан, Х.Батболд нар нь бүлэглэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Танкийн саад" гэх газраас 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 сарын 12-ны өдрийн хооронд иргэн А.Сэлэнгээгийн эзэмшлийн 800 боодол өвснөөс 200 боодол өвсийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, улмаар 600000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хатагин овогт Очирхуягийн Баясгалан, Хатагин овогт Халзангийн Батболд нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Очирхуягийн Баясгаланг 2 жил 3 сарын хорих ялаар, ялтан Халзангийн Батболдыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.Баясгаланд оногдуулсан 2 жил 3 сарын, ялтан Х.Батболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Баясгаланд оногдуулсан 2 жил 3 сарын, ялтан Х.Батболдод оногдуулсан 2 жилийн хорих  ялыг тэнсэж, ялтан нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэм хорын хохиролд шүүгдэгч О.Баясгалан нь 600000 төгрөгийг, шүүгдэгч Х.Батболд нь 420000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан О.Баясгалангийн ЖЬ42080615 регистрийн дугаартай, ялтан Х.Батболдын ЖЭ73100178 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тэдэнд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ялтан О.Баясгалангийн эзэмшлийн "Газ-51" маркийн 20-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан О.Баясгалангийн эзэмшлээс хүрэн зүсмийн шүдлэн үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 2 сарын 13-ны өдрийн, ялтан Х.Батболдын эзэмшлээс ухаа халзан зүсмийн соёолон морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 сарын 19-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, ялтан О.Баясгалангийн эзэмшлээс "Газ-51" маркийн 20-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2017 оны  05 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Баясгалан давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч би дараах гомдлыг гаргаж байна.

Би ерөнхийдөө бусдын өвсийг зөвшөөрөлгүй авсан асуудлыг зөвшөөрч байна. ...Харин би машинаа ч үнэлээгүй. Байцаагч надаас хэдээр үнэлэх талаар асуугаагүй. Манай хүү л тэгж үнэлсэн гэж сүүлд нь хэлсэн. Үнэлгээг би зөвшөөрөхгүй байна. Миний машин 1967 оны загварын машин. Би өөрөө хуучин машины сэг, эд анги зөөж байж сонирхлоороо босгосон тэрэг. ...Харин зарж борлуулна гэж бодож байгаа ч үгүй. Сэлбэг хэрэгсэл нь олдохгүй, үйлдвэрлэдэг үйлдвэр нь ч болиод 40-д жил болж байгаа гэдэг. Тиймээс яагаад тийм өндөр үнэлснийг мэдэхгүй байна. Иймд машиныг үнэлгээг бодит байдлаар үнэлж чадаагүй нь надад болон цаашид бусдад ч төвөгтэй хохиролтой байна. Иймд машины үнэлгээг дахин хийлгэж үнэлүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч болон өмгөөлөгч миний бие үйлдсэн хэргийн талаар маргахгүй боловч шүүгдэгч Баясгалангийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох ГАЗ-51 маркийн ачааны автомашиныг өнөөгийн зах зээлийн ханшаар бодитойгоор үнэлээгүй. Мөн үнэлгээний комисс нь эд зүйлийн үнэлгээ хийх зөвшөөрөлтэй эсэх талаар хавтаст хэрэгт тусгагдаагүй. Үнэлгээнд зах зээлийн ханшаар гэсэн боловч 18 сая гэж үнэлсэн. Энэ нь зах зээлийн болон өртөгт хандлагаараа бодит үнэнд нийцэж байгаа зэрэгт дүгнэлт гаргаагүй нь Баясгаланд илт хохиролтой байх тул үнэлгээг бодитой зөв гаргах үүднээс хэргийг мөрдөн байцаалтад буцаан үнэн зөвөөр шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Баясгалан нь ганцаараа болон Х.Батболдтой бүлэглэн, машин механизм ашиглан, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “Танкийн саад” гэх газраас хохирогч А.Сэлэнгээгийн 200 боодол өвсийг хулгайлж 600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан; Х.Батболд нь О.Баясгалантай бүлэглэн, машин механизм ашиглан, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд, дээрх газраас, хохирогч А.Сэлэнгээгийн 140 боодол өвсийг хулгайлж 420,000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь хохирогч А.Сэлэнгээгийн мэдүүлэг /хх-ийн 25-26/,  гэрч Л.Нармандах, С.Төмөрбаатар нарын  мэдүүлэг/хх-ийн 29-31, 40-41/, О.Баясгалан, Х.Батболдын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63-65, 128-129/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл байхгүй тул “машины үнэлгээг дахин хийлгүүлэхээр хэргийг мөрдөн  байцаалтад буцааж өгнө үү” гэх шүүгдэгч О.Баясгалан, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Баясгалангийн өмчлөлөөс хураан улсын орлого болгосон нь үндэслэл бүхий болсон боловч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг “ялын зорилгыг хангах шаардлагад нийцүүлэн” хэрэглэхээр хуульчилсан тул уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн дээрх тээврийн хэрэгслийг хураах  эсэх асуудлыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  

            Хулгайлсан өвсийг зөөж тээвэрлэхэд хэрэглэсэн Газ-51 маркийн 20-65 ДОА улсын дугаартай автомашиныг О.Баясгалангийн өмчлөлөөс хураах нь энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай бус гэж үзлээ. Учир нь, уг хөрөнгө О.Баясгалангийн өмчлөлд үлдсэнээр дахин гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаж болзошгүй гэж үзэх үндэслэл бүхий шалтгаан тогтоогдохгүйгээс гадна шүүх О.Баясгаланд оногдуулсан ялыг тэнссэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Баясгалангийн өмчлөлд үлдээх нь түүнийг нийгэмд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар хохирол учруулахгүйгээр өөрийн амьжиргааны хэрэгцээг хангахад нь тустай гэж үзэв.  

            Иймд шийтгэх тогтоолоос О.Баясгалангийн тээврийн хэрэгслийг хураасан ба битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгон, 8 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан О.Баясгалангийн эзэмшлээс хүрэн зүсмийн шүдлэн үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 2 сарын 13-ны өдрийн тогтоол, Газ-51 маркийн 20-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн тогтоол, Х.Батболдын эзэмшлээс ухаа халзан зүсмийн соёолон морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, О.Баясгалан, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                            Ж.ДОЛГОРМАА

                        ШҮҮГЧИД                                 Б.СҮХГОМБО

                                                                          Л.НАРАНБАЯР