Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 947

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн _ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 12-ны 06 цагийн орчим Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 14 дүгээр вагоны 8 дугаар местэнд зорчин явахдаа иргэн Д.Г-гийн гээгдүүлсэн эд зүйлийг завшиж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.А-ы өгсөн:

“...Би Улаанбаатар хотод байгаа эхнэр Бямбаагийн Б, охин А.Г нарыг Бүгд найрамдах Солонгос улс руу гаргаж өгөх гээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 14 дүгээр вагоны 41 дүгээр местэнд билет бичүүлэн 18 цагийн орчим 10 литр сүү, 10 литр айраг, адууны 4,5 килограмм мах, ямааны өрөөл мах аван суусан. Вагонд сууж авч явсан эд зүйлээ 14 дүгээр вагоны зооринд хийчихээд местэн дээрээ гаран унтсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчим галт тэрэг Улаанбаатар хотод ирж зогсон би ачаа ихтэй байсан тул хүмүүс бууж дууссаны дараа зооринд байсан эд зүйлсээ аван буусан. Зоорины харалдаа купе талын местэн дээр хар саарал өнгийн жижиг цүнх байхаар нь цуг бариад буусан. Буугаад Вокзалын ард байрлах К-циркл дэлгүүрийн харалдаа очин цүнхийг нээж үзтэл бор шаргал өнгийн Даалинтай хөөрөг, хувцас зэрэг байхаар нь Даалинтай хөөргийг аваад өмднийхөө халаасанд хийсэн. Ачаагаа аваад Автобусны буудал орох гээд явж байтал Эрдэнэт хотын зүс таних залуу ганц юм аваад өгчих гэж гуйхаар нь би өөрт байсан 5.000 төгрөгийг өгөхөд дээрээс нь нэмж Вокзалын ард байрлах К-циркл гэдэг дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи худалдаж аван хажуу талд нь байрлах Улаанбаатар өртөөний хашаанд орон хувааж уусан. Ингэж суухдаа би тэд нартай уг хөөргөөр нөгөө хүмүүстэй тамхилсан. Архиа ууж дуусаад автобусны буудал руу ачаагаа нэг нэг цүнхээр нь бариулан хүргүүлсэн. Автобусны буудал дээр очтол нэг залуу гүйж ирэн энэ миний цүнх байна гэсэн. Тэгэхээр нь би эзэн нь мөн юм уу чи гэтэл цүнхээ онгойлгож үзээд энд хөөрөг байх ёстой хаана байна гэхээр нь өмдний халааснаасаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Г-гийн өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэрэгний 14-р вагоны 8-р местэнд билет бичүүлэн суусан. Хоёр саванд хувааж савласан 40 литр айргаа вагоны зооринд хийж, хувцас эд зүйлээ хийсэн жижгэвтэр цүнхээ местэн дээрээ авч суусан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны 06 цагийн орчим Улаанбаатар хотод галт тэрэг зогсоход 2 савтай Айргаа буулгачихаад цүнхээ мартаснаа санаад эргээд вагонд ороод энд байсан цүнх харсан уу гэж асуутал зооринд цуг тээш хадгалсан хүн аваад буусан гэж хэлсэн. Ингээд гадаа хаалган дээр буун хүлээгээд байж байтал 3 эрэгтэй хүний нэг нь үүрчихсэн явж байсан нэг нь хамт вагонд ирсэн хүн мөн байсан. Ингээд би тэр хүмүүс дээр очиж миний цүнх байна гэтэл үүрсэн явсан хүн нь үгүй чиний цүнх биш гэхээр нь би булааж аван цүнхээ задлаад үзтэл дотор нь байсан тортой боорцог, ааруул гэх мэт зүйл нь миний авч явсан цүнх мөн байсан. Харин 2018 оны 02 сард Дүнжингарав худалдааны төвөөс 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан Зүү ороож урласан бор өнгийн даалинтай 2014 онд Аав Д нь хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд байрлах Хар-Сувд худалдааны төвөөс 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан хүрэн бор өнгийн Даваа толгойтой алтан нуухтай мөнгөн хажтай ясан халбагатай дунд гарын хөөрөг байхгүй байсан. Нөгөө хүнээс асуутал юун хөөрөг тийм юм байгаагүй гэхээр нь хажуугаар явж байсан хүнд цагдаа дуудаад өг би энэ 3 хүнийг алдмааргүй байна гэж хэлсэн. Цагдаа ирэхэд надтай цуг вагоноор зорчин ирсэн хар дугуй малгайтай 50 орчим насны хүн заза май гээд өмдний баруун талын халааснаасаа миний хөөрөг даалинг гаргаж өгсөн. Шалгаад үзэхэд миний хөөрөг, Даалин бүрэн бүтэн байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 4-5/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.П-ын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Сайншанд-Улаанбаатар чиглэлийн суудлын 258-р галт тэргэнд үүрэг гүйцэтгэж ирээд Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв буудал дээр цагдаагийн ахлах ахлагч Д.Лхагвацэндийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад нэг залуу гүйж ирээд хулгайд эд зүйл алдчихлаа цагдаа хэрэгтэй байна гэж дуудлага өгсөн. Ингээд яваад очтол иргэн Г нь суудлын 274-р галт тэргэнд саарал өнгийн цүнхээ алдсан гэснийг Д овогтой А нь дунд гарын шар өнгийн хөөргийг халааснаасаа гаргаж Гд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Жын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Төв аймгийн Жаргалантаас камаз маркийн машинд төмөр ачиж Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв буудлын баруун талд байрлах Алтаннамар гэдэг ногоо зардаг газар авч ирэн Вокзалын ард талд байрлах К-циркл гэдэг дэлгүүрт ороод зогсож байтал цэрэгт хамт байсан Т гэх залуу А гэх залуутай цуг орж ирэн бид нар дундаасаа мөнгө нийлүүлэн 14.000 төгрөгөөр 0,75 литрийн Хараа архи худалдаж аваад Вокзалын зүүн талд байрлах Улаанбаатар өртөөний хашаан дотор орон уусан. Энэ үед А Улаан толгойтой бор шар өнгийн хөөргөөр тамхилж байсан. Ингээд байж байтал нэг цагдаа ирэн энд архи уудаг газар биш гэхээр нь гарах гэтэл А өөрийн авч явсан ачаанаас надад саарал өнгийн цүнхийг өргөчих гэхээр нь би өргөөд гадагшаа гартал нэг залуу гүйж ирэн миний цүнх байна гэхээр нь юу яриад байгаа юм энэ хүний цүнх гэж А-ыг заатал нөгөө залуу цүнхээ булааж аван онгойлгож үзээд энд байсан миний хөөрөг алга байна гэтэл А байхгүй гэсэн гэхээр нь сая тамхилаад байсан хөөрөг чинь энэ хүний хөөрөг юм бишүү гаргаж өг гэж хэлтэл А бор даалинтай хөөргийг кармаанаасаа гаргаж өгөн чи цүнхээ вагонд орхиод явсан байна би вагоноос авч гаран хөөргийг халаасласан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Т-ын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Вокзалын ард талын саадан дотор хоночихоод 07 цагийн орчим Вокзал ортол урьд таних Бэк гэдэг залуу тааран шараа тайлчих гээд Вокзалын зүүн хойд талд байрлах К-циркл гэдэг дэлгүүрт ороод зогсож байтал вагоноос буугаад явж байгаа гэх А гэгчтэй Бек мөнгө нийлүүлж 14.000 төгрөгөөр 0,75 литрийн Хараа архи худалдаж аваад Вокзалын зүүн талд байрлах Улаанбаатар өртөөний хашаан дотор орон уусан. Энэ үед нэг цагдаа ирэн энд архи уудаг газар биш гэхээр нь гартал нэг залуу гүйж ирэн миний цүнх байна гээд Бекийн үүрч явсан А-ы цүнхийг булааж аван онгойлгож үзээд энд байсан миний хөөрөг алга байна гэтэл А байхгүй гээд зугтах гээд байж байтал П гэдэг цагдаа ирэн барьж автал А бор даалинтай хөөргийг халааснаасаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

 

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 22-23/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 12-ны 06 цагийн орчим Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 14 дүгээр вагоны 8 дугаар местэнд зорчин явахдаа иргэн Д.Г-гийн гээгдүүлсэн эд зүйлийг завшиж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.А-ы “...цүнхийг нээж үзтэл бор шаргал өнгийн Даалинтай хөөрөг, хувцас зэрэг байхаар нь Даалинтай хөөргийг аваад өмднийхөө халаасанд хийсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Г-гийн “...би тэр хүмүүс дээр очин миний цүнх байна гэтэл үүрч явсан хүн нь үгүй чиний цүнх биш гэхээр нь би булааж аван цүнхээ задлаад үзтэл дотор нь байсан тортой боорцог, ааруул гэх мэт зүйл нь миний авч явсан цүнх мөн байсан. ...надтай цуг вагоноор зорчиж ирсэн хар дугуй малгайтай 50 орчим насны хүн заза май гээд өмдний баруун талын халааснаасаа миний хөөрөг даалинг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.П-ын “...иргэн Г нь суудлын 274-р галт тэргэнд саарал өнгийн цүнхээ алдсан гэснийг Д овогтой А нь дунд гарын шар өнгийн хөөргийг халааснаасаа гаргаж Гд өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч С.Жын “...А өөрийн авч явсан ачаанаас надад саарал өнгийн цүнхийг өргөчих гэхээр нь би өргөөд гадагшаа гартал нэг залуу гүйж ирэн миний цүнх байна гэхээр нь юу яриад байгаа юм энэ хүний цүнх гэж А-ыг заатал нөгөө залуу цүнхээ булааж аван онгойлгож үзээд энд байсан миний хөөрөг алга байна гэтэл А байхгүй гэсэн гэхээр нь сая тамхилаад байсан хөөрөг чинь энэ хүний хөөрөг юм бишүү гаргаж өг гэж хэлтэл А бор даалинтай хөөргийг кармаанаасаа гаргаж өгөн чи цүнхээ вагонд орхиод явсан байна би вагоноос авч гаран хөөргийг халаасласан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Т-ын “...нэг цагдаа ирэн энд архи уудаг газар биш гэхээр нь гартал нэг залуу гүйж ирэн миний цүнх байна гээд Бекийн үүрч явсан А-ы цүнхийг булааж авч онгойлгож үзээд энд байсан миний хөөрөг алга байна гэтэл А байхгүй гээд зугтах гээд байж байтал П гэдэг цагдаа ирэн барьж автал А бор даалинтай хөөргийг халааснаасаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.А-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-д 1.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 22-23/-аар тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Г-гийн “...Даалин бүрэн бүтэн байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 4-5/ өгснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бөхжа овогт Дгийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ