| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00581/И |
| Дугаар | 00684 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 00684
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15-01 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО84102606, Борлууд овогт Жигдэнгийн Наранцэцэг,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15-01 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО84080773, Булгадар овогт Нямаагийн Багабиш нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.017.066,18 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 17.028.066,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Жигдэн овогтой Наранцэцэг нь тус банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1250015802 тоот зээлийн гэрээг байгуулан 17.500.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20,88%-ийн хүүтэйгээр хашаа байшин худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай буюу 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, Буянт хороолол 6-4 тоотод байрлалтай 70 м.кв талбайтай, хувийн орон сууц, дэлгүүр /ГД:000200961, Ү-1520002144/, 732.7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрын хамт /ГД-000285243, Г-152000555/ барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2015 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарааас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь хүүхэд гаргасан тул ажлаас гарсан, нөхөр Багабиш нь Тэс суманд мал махны худалдаа эрхэлж байгаа мал зарагдахгүй байгаагаас болж орлогогүй болсон, хөөрөг зарсан мөнгө орж ирээгүй, худалдан авсан хашаа байшин нөхрийн нэр дээр байгаа хашаагаа зарж зээлээ төлнө зэрэг тайлбар хэлж санаатайгаар бизнесийн орлогоороо зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Жигдэн овогтой Наранцэцэг болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Нямаа овогтой Багабиш нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 16.378.632,87 төгрөг, зээлийн хүү 638.208,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,32 төгрөг, нийт 17.017.066,18 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материалыг нотариатаар баталгаажуулсны зардал 11.000 төгрөг зарцуулсан тул нийт 17.028.066,18 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.017.066,18 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 17.028.066,18 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Наранцэцэг, Н.Багабиш нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.017.066,18 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 17.028.066,18 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.017.066,18 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 17.028.066,18 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.090 төгрөгийн тал хувь болох 121.545 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 121.545 төгрөг, хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нараас 121.545 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.017.066,18 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 17.028.066,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 121.545 /нэг зуун хорин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөг, хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нараас 121.545 /нэг зуун хорин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 121.545 /нэг зуун хорин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Наранцэцэг, Н.Багабиш нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, Буянт хороолол 6-4 тоотод байрлалтай, 70 м.кв талбайтай, 3 өрөө, гэрчилгээний 000200961 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520002144 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууц, дэлгүүр, 732.7 м.кв талбайтай, нэгж талбарын 191900555 дугаартай, гэрчилгээний 000285243 дугаартай, улсын бүртгэлийн Г-1520000555 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ