Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 966

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                          

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн _ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _  дугаарын регистртэй, Г.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн гадна талбайд зарагдаж байсан бараанаас ягаан өнгийн эмэгтэй хавар намрын пальтог хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Агийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн гадаа талбай дээр задгай худалдаа явагдаж байхаар нь тэндээс би нийт 150.000 төгрөгийн худалдан авалт хийснийхээ дараа гадуур өмсдөг хувцас байхаар нь тэр дундаас хямдарсан 90.000 төгрөгийн урт ягаан өнгийн цамц өмсөөд худалдагчаас нь энэ цамц хэд юм гэсэн чинь 90.000 төгрөг гэж хэлж байсан. Тэр үед надтай цуг явж байсан эгч утсаар яриад алга болчихоор нь нөгөө цамцаа өмссөн чигээрээ эгчийгээ хайж явж байгаад эгч дээрээ очиход манай нөхрийг харавчихсан эмнэлэг явж байна гэхээр нь би сандраад тэр чигтээ нөгөө өмссөн цамцтайгаа явчихсан. Тухайн үед өмсөж үзэж байгаад мөнгөө өгөхгүй мартчихсан байна лээ. Тэгээд аваад явчихсан. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Б-ийн өгсөн:

            “...Манай дэлгүүрээс тухайн үед ягаан өнгийн кашмерэн пальто хулгайд алдагдсан. Алга болсон даруйд Билэг их дэлгүүрийн гадаа байдаг камерыг шүүж харахад манай тэр пальтог нэг жирэмсэн эмэгтэй өмсөж байгаад шууд гараад явж байсан дүрс бичлэгт хадгалагдсан байсан. Тэгээд тэр үедээ шууд цагдаагийн байгууллагад хандсан. А гэх эмэгтэйгийн өмсөж явсан пальтог анх Бүгд найрамдах Хятад ард улсаас 1248 юань буюу Монгол мөнгөөр 486.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед манай пальтог авч явсан эмэгтэйгээс пальтогоо хүлээж авсан учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Т-гийн өгсөн:

            “...Би 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байхад Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг дэлгүүрийн хямдралтай худалдаанаас пальто хулгайд алдагдсан гэх гомдол, дуудлага ирсэн ба би тус дуудлагын хэргийн газар очсон бөгөөд тухайн газрын камерын бичлэгт үзлэг хийхэд Г овогтой А нь авсан болох нь машиных нь улсын дугаараар тогтоогдож Аг түүний утасны дугаараар нь залган дуудан 18 цаг 30 минутын орчимд хэлтсийн байрны зүүн талд ирүүлсэн ба машиных нь улсын дугаарыг санахгүй байна. Тоёота маркийн саарал өнгийн автомашины баруун талын арын хаалганаас Г.А нь ягаан өнгийн, ноосон материалтай эмэгтэй загварын пальто гаргаж ирсэн ба тухайн пальтоог хурааж авахад пальтоны ярьликийг тасдаад буцааж холбосон байдалтай байсан ба тухайн үед Г.Аг асуухад би таслаад буцааж холбосон юм гэсэн. Тэр үед Г.А нь тус пальтоны үнэ 480.000 төгрөгийг шууд төлж болох уу гэж асууж байсан. Би тэр пальтог хураан авч хохирогч гэх А.Баярцэцэгт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 77-78/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Э.Даваасүрэнгийн өгсөн:

            “...Би 198 дугаартай дүгнэлт буюу хохирлын үнэлгээг гаргахдаа мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоолыг хүлээж авахад ямар нэгэн хувцас хүлээж аваагүй. Харин хохирогч гэх эмэгтэйгээс ягаан өнгийн хавар намрын пальтог гаргуулан авч тухайн пальтог өөрийн нүдээр үзэж харан дүгнэлтийг гаргаж хохирлын үнэлгээг тогтоосон. Миний хувьд үнэлгээг гаргахдаа ямар нэгэн бичиг баримт үндэслээгүй, харин тэр пальтоны дээр нь зарагдаж байсан буюу худалдаж авсан үнэ байсан. Мөн би тэр пальтог өөрийн нүдээр харж, гараараа барьж үзсэн учраас үнэлгээг зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоож гаргасан. Тухайн пальто нь ягаан өнгийн, ноосон зузаан материалтай хавар намрын эмэгтэй загвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 79-80/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Эгийн өгсөн:

            “...2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Билэг их дэлгүүрийн гадаа хямдрал зарлагдсан. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гадаа талбай дээр өөрийн дэлгүүрийн худалдагч Б эгчтэй  хамт худалдаа хийж байсан. Тухайн өдрийн 13:00 цагийн үед хүмүүс нилээн бужигнаж байх үед би хүмүүст худалдаагаа хийгээд зарсан хувцасныхаа тооцоог хүмүүстэй хийж байгаад эргээд хартал манай гурван өлгүүрийн голын өлгүүрт өлгөсөн байсан ягаан өнгийн урт кашмерэн дотуур нь ягаан цамц өмсгөсөн байсан пальто алга болоод ягаан цамц нь ганцаараа үлдсэн байсан. Тэгээд пальтогоо алдсанаа мэдсэн. Тэр үед дэлгүүрийн ойролцоо цагдаагийн эргүүлийн машин явж байсан учраас цагдаа нарт хандаад цагдаагийн хэлтэст ирж өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 81-82/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Л-гийн өгсөн:

            “...Би 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай Билэг их дэлгүүрийн гадаа манай дэлгүүрийн хямдралтай худалдаа зохион байгуулагдаж байсан. Тухайн үед би гадаа талбайгаа хариуцаад хяналт тавиад явж байхад нэг эмэгтэй цээжин тус газраа ягаан өнгийн зүйл барьчихсан явж байсан. Тухайн үед би яагаад энгэртээ бариад яваад байгаа юм бол гэж бодоод араас дагаж байгаад машиных нь дугаарыг харчихаад буцаад талбай дээрээ очоод хяналтаа тавиад явж байхад Э гээд худалдагч ирээд ягаан өнгөтэй пальто хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би камер шүүхэд нөгөө миний харсан эмэгтэй тухайн алдагдсан гэх пальтог авч гарсан нь ил болсон....” гэх мэдүүлэг /хх-н 83/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.С-ийн өгсөн:

            “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн дүү Амраагийн хамт Билэг их дэлгүүрийн урд болж байсан гадаа худалдаа үзэж сонирхсон. Тэр хямдралаас манай дүү нэг ягаан өнгийн гадуур өмсдөг пальто авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 84/,

 

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 19/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 34/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн гадна талбайд зарагдаж байсан бараанаас ягаан өнгийн эмэгтэй хавар намрын пальтог хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Агийн “...надтай цуг явж байсан эгч утсаар яриад алга болчихоор нь нөгөө цамцаа өмссөн чигээрээ эгчийгээ хайж явж байгаад эгч дээрээ очиход манай нөхрийг харавчихсан эмнэлэг явж байна гэхээр нь би сандраад тэр чигтээ нөгөө өмссөн цамцтайгаа явчихсан. Тухайн үед өмсөж үзэж байгаад мөнгөө өгөхгүй мартчихсан байна лээ...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Б-ийн “...Манай дэлгүүрээс тухайн үед ягаан өнгийн кашмерэн пальто хулгайд алдагдсан. Алга болсон даруйд Билэг их дэлгүүрийн гадаа байдаг камерыг шүүж харахад манай тэр пальтог нэг жирэмсэн эмэгтэй өмсөж байгаад шууд гараад явж байсан дүрс бичлэгт хадгалагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Т-гийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байхад Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг Их дэлгүүрийн хямдралтай худалдаанаас пальто хулгайд алдагдсан гэх гомдол, дуудлага ирсэн ба би тус дуудлагын дагуу хэргийн газар очсон бөгөөд тухайн газрын камерын бичлэгт үзлэг хийхэд Г овогтой А нь авсан болох нь машиных нь улсын дугаараар тогтоогдож Аг түүний утасны дугаараар нь залган дуудан 18 цаг 30 минутын орчимд хэлтсийн байрны зүүн талд ирүүлсэн ба машиных нь улсын дугаарыг санахгүй байна...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.Эгийн            “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гадаа талбай дээр өөрийн дэлгүүрийн худалдагч Б эгчтэй  хамт худалдаа хийж байсан. Тухайн өдрийн 13:00 цагийн үед хүмүүс нилээн бужигнаж байх үед би хүмүүст худалдаагаа хийгээд зарсан хувцасныхаа тооцоог хүмүүстэй хийж байгаад эргээд хартал манай гурван өлгүүрийн голын өлгүүрт өлгөсөн байсан ягаан өнгийн урт кашмерэн дотуур нь ягаан цамц өмсгөсөн байсан пальто алга болоод ягаан цамц нь ганцаараа үлдсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.Л-гийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай Билэг их дэлгүүрийн гадаа манай дэлгүүрийн хямдралтай худалдаа зохион байгуулагдаж байсан. Тухайн үед би гадаа талбайгаа хариуцаад хяналт тавиад явж байхад нэг эмэгтэй цээжин тус газраа ягаан өнгийн зүйл барьчихсан явж байсан. Тухайн үед би яагаад энгэртээ бариад яваад байгаа юм бол гэж бодоод араас нь дагаж байгаад машиных нь дугаарыг харчихаад буцаад талбай дээрээ очоод хяналтаа тавиад явж байхад Э гээд худалдагч ирээд ягаан өнгөтэй пальто хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би камер шүүхэд нөгөө миний харсан эмэгтэй тухайн алдагдсан гэх пальтог авч гарсан нь ил болсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.С-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн дүү Амраагийн хамт Билэг их дэлгүүрийн урд болж байсан гадаа худалдаа үзэж сонирхсон. Тэр хямдралаас манай дүү нэг ягаан өнгийн гадуур өмсдөг пальто авсан байсан...” гэх мэдүүлэг, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ад  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Г.Ан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогчид 480.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 34 дүгээр талд эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн “...тухайн үед манай пальтог авч явсан эмэгтэйгээс пальтогоо хүлээж авсан учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 19/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргээ хүлээж гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ