| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00318/И |
| Дугаар | 00687 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 00687
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Т.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух Төвсанаагийн Батсуурийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг түүний ар гэрийн зүгээс гаргасан ба эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр 2 дугаар шатны архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулах саналыг холбогдох материалын хамт хүргүүлэв” гэжээ.
Гуравдагч этгээд Т.Батсуурь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би удаа дараа архи ууж согтуурсан зүйл байхгүй. 1 жилийн өмнө 7 хоног эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан ба ойрын сар гаруй хугацаанд архи уугаагүй. Цаашид би архи уухгүй байж чадахаа амалж байна. Иймд албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн газрын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газар нь Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Цагдаагийн газар нь Т.Батсуурийн дүү Т.Батбаярын хүсэлтийн дагуу Т.Батсуурийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Батсуурийн эцэг Б.Төвсанаа, эх З.Цэдэв нараас мэдүүлэг авахад гэрч Б.Төвсанаа “Миний хүү Т.Батсуурь өөрөө албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас би Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Батсуурь өөрөө архинаас гарч чадна гэдгээ хэлж байгаа. Архинаас гарна гэдэг нь тухайн хүний ухамсрын асуудал. Т.Батсуурь 3, 4 жилийн өмнөөс архи ууж эхэлсэн. Архи уусан үедээ янз бүрийн зан ааш гаргаж, ночтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй” гэж, гэрч З.Цэдэв “Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Батсуурь өөрөө архинаас гарч чадна гэж хэлж байгаа. Цаашдаа бид хоёрын ажилд туслаад ажил хийгээд амьдарч чадна гэж бодож байна. Т.Батсуурь 3, 4 жилийн өмнөөс архи ууж эхэлсэн ч архи уусан үедээ янз бүрийн зан ааш гаргаж, ночтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй” гэх мэдүүлгүүдийг шүүхэд өгчээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гуравдагч этгээд Т.Батсуурийг согтуурах донтой эсэхийг тогтоолгохоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд Төвсанаагийн Батсуурь, 33 настай, эрэгтэй, онош: Хронический алкоголизм 3 /F10,4/-д дэмийрэл бүхий үгүйлэх хам шинжтэй гэсэн дүгнэлийг ирүүлжээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Т.Батсуурь нь согтуурах донтой боловч түүнийг зайлшгүй архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт болохгүй байна.
Мөн Увс аймаг дахь Цагдаагийн газар нь Т.Батсуурийг удаа дараа архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, захиргааны арга хэмжээ авагдаж байсан нь үнэн гэсэн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмын хамгаалах тасгийн тодорхойлолтыг ирүүлсэн боловч байнга архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчиж, саатуулагдсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Т.Батсуурь нь байнга архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчиж, саатуулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүний эцэг Б.Төвсанаа, эх З.Цэдэв нар нь Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Т.Батсуурийг албадан эмчилгээнд хамруулах тухай Увс аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ