Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 972

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                          

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Хд холбогдох эрүүгийн _ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _  дугаарын регистртэй, Г.Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах И Март үйлчлүүлж төв дотор хохирогч Т.Цын эзэмшлийн 776.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Пи-20 маркийн гар утсыг хулгайлж түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ:

“...тэр үед ахын бие муудсан аргагүй эрхэнд би тэр утсыг авсан. Эм тарианы мөнгө байхгүй болоод авсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Хгийн өгсөн:

“...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би дээрх тогтоолд дурдсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд гомдол санал байхгүй, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 103-104/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Цын өгсөн:

            “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-нд 3,4 дүгээр хороололд байрлах И март үйлчлүүлж төвөөр үйлчлүүлж яваад хүнсний нарийн боовны тасаг дээр явж байгаад шар өнгийн жижиг гар цүнхнээсээ Huawei Р20 загварын гар утсаа хулгайд алдсан. Би 2018 оны 6 сард Макс молл үйлчлүүлж төвийн гар утасны үйлчлүүлж төвөөс 849.000 төгрөгөөр авч байсан. Анх авсан үнээрээ үнэлнэ. Алдсан гар утсаа эргүүлж авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Гэхдээ миний утсыг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 6/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Т-ын өгсөн:

            “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.Ц нь хэлтэс дээр ирээд би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах И март үйлчлүүлж төв дотор явж байхдаа өөрийн барьж байсан Huawei Р20 загварын гар утсаа хулгайд алдсан. Одоо хүртэл цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй, тухайн үед И март худалдааны төвийн менежер ажилтан намайг нийслэлийн цагдаагийн газар очиж уулзаа тэнд хулгайд алдагдсан утсыг олдог юм гэж хэлж байсан юм. Тухайн үед миний ажил амжихгүй болохоор ерөөсөө ирж чадсангүй, надад И март үйлчлүүлж төвийн хяналтын камерын бичлэг байгаа  та үзэх үү гээд надад үзүүлсэн. Тэгээд камерын бичлэгийг үзэхэд бичлэг дээр Г.Х хулгай хийж байгаа камерын бичлэг байсан. Тэр өдрөө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангай 80-10 тоотод оршин суух Ганбат овогтой Хүрэлтуяагийн гэрийн хаягаар орж Г.Хг гэрээс нь авчирч мэдүүлэг авсан. Г.Х нь тухайн хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,  

 

  - эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 18/,

  - эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 19-20/,

  - камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 95-98/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 23/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах И Март үйлчлүүлж төв дотор хохирогч Т.Цын эзэмшлийн 776.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Пи-20 маркийн гар утсыг хулгайлж түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Хгийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би дээрх тогтоолд дурдсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.Цын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-нд 3,4 дүгээр хороололд байрлах И март үйлчлүүлж төвөөр үйлчлүүлж яваад хүнсний нарийн боовны тасаг дээр явж байгаад шар өнгийн жижиг гар цүнхнээсээ Huawei Р20 загварын гар утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Д.Т-ын “...камерын бичлэгийг үзэхэд бичлэг дээр Г.Х хулгай хийж байгаа камерын бичлэг байсан...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Г.Хд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 63 дугаар талд хохирогч Т.Цын “...Алдсан гар утсаа эргүүлж авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Гэхдээ миний утсыг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 18/ зэргээр хохирогчид учирсан хохирол төлөгдсөн гэж үзэхээр байх тул шүүгдэгч Г.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагт эдлүүлэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тусгай ажил хийлгэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ