| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00658/И |
| Дугаар | 0094 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 0094
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 8-3 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ЧК64010881, Хөхөлдөй овогт Хөхдөйн Уранчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би 8 жилийн дунд сургууль төгсөөд 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр орж улмаар 1995 он хүртэл ажилласан. Тухайн үед ажиллаж байхдаа жимсний мод, нарийн ногоо тарих, арчлах, хурааж авах зэрэг ажлуудыг хийж байсан. Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байна, шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн хариу өгсөн юм. Миний Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч уг дэвтэрт бичигдсэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн мөн ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт архиваас олдохгүй байна. Миний бие ажилласан жил, тэтгээрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1995 оны 1 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 6 жилийг нөхөн тооцуулж авсан. Иймд миний 1980 оны 6 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Бадамханд, Х.Рэнцэнсамбуу нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Уранчимэг нь 1980 оны 6 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн 1980-1995 оны баримтыг шүүн үзэхэд Хөхдөй овогтой Уранчимэгтэй холбоотой баримт гаргаагүй нь үнэн болно” гэжээ.
Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн захиргаанаас 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Х.Уранчимэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1980 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр авч ажиллуулав, 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаантолгойн чацарганы аж ахуйн цэцэрлэгчний үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 805 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1991-1994 онд Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар лавлагаанд: “”Улаантолгойн чацарганы аж ахуй” УҮГ нь 1996 оны 4 дүгээр сарын 25-нд “Увс чацаргана” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Бадамханд, Х.Рэнцэнсамбуу нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Бадамхандын “Миний бие нь 1979 оноос 1995 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Х.Уранчимэг нь 1980 онд Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орж, 1994 оныг дуустал ажиллаж байсан. Тухайн үед цэцэрлэгчин нь чацарганы талбайн чацарганы мод услах, арчлах, зэрлэг түүх зэрэг ажлуудыг хийдэг байсан ба өвлийн улиралд талбайн чацарганаа хураадаг байсан. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргаар, С.Дэчинпил, Болоож, Ц.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Х.Рэнцэнсамбуугийн “Миний бие нь 1982 оноос 1999 он хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд хөдөө аж ахуйн механикчаар ажиллаж байсан. Намайг 1982 онд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажилд орох үед Х.Уранчимэг нь тус байгууллагад цэцэрлэгчнээр ажиллаж байсан ба 1995 он хүртэл ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас ажлаас гарч байсан. Х.Уранчимэг нь чацарганы моднуудыг суулгаж, хамгаалж, усалгаа, арчилгаа хийдэг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Х.Уранчимэг нь 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Улаантолгойн чацарганы аж ахуйн цэцэрлэгчнээр ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч нь 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Х.Уранчимэг нь 1980 оны 6 дугаар сарын 05-наас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан болох нь түүнд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн захиргаанаас 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 805 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар лавлагаа, гэрч Б.Бадамханд, Х.Рэнцэнсамбуу нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Уранчимэгийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 6 дугаар сарын 05-наас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр 14 жил 6 сар 25 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Уранчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2048 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хөхөлдөй овогт Хөхдөйн Уранчимэгийн 1980 оны 6 дугаар сарын 05-наас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр 14 /арван дөрөв/ жил 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Уранчимэг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ