Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 982

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                          

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Ад холбогдох эрүүгийн 1905018051119 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын орчимд таксинд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ий халааснаас Самсунг А-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Б-д 576.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Би бааранд ороод гарч яваад нэг хүнтэй таксинд хамт суусан. Тухайн үед би согтуу байсан учраас гар утсыг нь авсан эсэхээ санахгүй байна...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Агийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр найз О-ий хамт хороололд байрлах Си нэртэй бааранд ороод хүний 4 орчим Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво уусан. Тэгээд байж байтал найз О-э гэнэт алга болсон байсан. Тэгээд би баарнаас гарсан чинь нэг залуу такси барих гээд гадаа зогсож байхаар нь чи хаашаа явах юм бэ би дөхөөд бууя гэсэн чинь тэг тэг гээд үл таних залуу бид хоёр арын суудал дээр хамт суусан. Хажууд сууж байсан залуугийн халаасанд нь гар утас харагдахаар нь мэдэгдэхгүй аваад Хорооллын эцэс орчим ТҮЦ-с тамхи авъя гэж хэлээд буугаад шууд гэртээ харьсан. Өөрийн төрсөн хүү болох Гэрэлт-Одод гар утсыг бариулж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ий өгсөн:

            “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн орчимд Хорооллын Си гээд нэртэй шөнийн клубд найз Г-ийн хамт ороод Экс 0,5 литрийн архи хувааж уугаад бүжиглэж байгаад 03 цагийн орчимд гэртээ харихаар баарнаас гарсан. Манай найз Г-э намайг такси зогсоож өгөөд өөрөө гэртээ харих гээд замын урагшаа гараад явсан. Тэгээд би таксиндаа суух гэтэл нэг танихгүй эмэгтэй ирээд чи хаашаа явах гэж байгаа юм гэхээр нь би 1-р хороолол орно гэсэн чинь нөгөө охин зүг нийлэх юм байна хамт суугаад явж болох уу гэхээр нь би тэгээ тэг гээд Си баарны гаднаас хөдлөөд явж байгаад Хорооллын эцсийн буудал дээр ирж байх үед би тамхи авах гээд таксины жолоочид хэлээд эргэсэн. Тэгээд түцний гадаа очтол түц хаалттай байхаар нь буцаж эргээд Тэс шатахуун түгээх колонкийн хажууд надтай хамт таксинд суусан эмэгтэй би бие засмаар байна гээд буусан. Тэгээд 2-3 минут орчим хүлээсэн. Тэгээд нөгөө эмэгтэй машинд суухгүй байхаар нь машины хаалга онгойлгоод хартал өөр тийш явж байсан. Тэгэхээр нь би таксины жолоочид заза энэ эмэгтэй суухгүй юм шиг байна гэж хэлээд хөдлөөд 1-р Хороолол 11-р байр буюу гэрийнхээ гадаа ирээд ээжтэйгээ утсаар ярих гээд халаасаа үзэхэд утас байхгүй байсан. Тэгээд суусан таксиныхаа дотор гар утсаа хайж үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь таксины жолооч залуугийн утсыг гуйгаад өөрийнхөө дугаар руу залгатал дуудаад авахгүй байсан. Тэгээд би таксины жолооч залуугийн утсаар найз Г-э рүү залгаад найз нь утсаа алга болгочихлоо хүрээд ирээч гэсэн. Манай найз удалгүй ирээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан гар утас KRKA төлөөлөгчийн газар буюу манай ажлаас 2019 оны 3 сарын үед ажиллагсдаа тавьж өгсөн гар утас, 720.000 төгрөгийн үнэтэй. Самсунг А-6 маркийн 2018 оны загварын 2 симтэй гоулд өнгөтэй гадуураа хар өнгийн гэртэй хойд талдаа шанаага тулсан эрэгтэй хүний зурагтай гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Г-ын өгсөн:   

            “...Ээж А 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед ээж нь хүүдээ гар утас өгье чи Хороололд хүрээд ир гээд бид хоёр Хорооллын Өргөө кино театрын замын урд талд байрлах KFC хоолны газрын гадаа уулзаад ээжийн байрлаж амьдардаг газар луу хамт явсан. Тэгээд ээж надад урд тал нь хар өнгөтэй, ар тал нь шар өнгийн, ногоон хүний зурагтай гэртэй, дэлгэц нь кодтой самсунг А-6 маркийн гар утас гаргаж ирээд миний хүү кодыг нь гаргуулаад авчих гээд надад өгсөн. Тэгээд би ээжийн өгсөн гар утсыг Теди төв ороод кодыг нь тайлуулаад хажуу талд нь юнител байхаар нь тэндээс 88845357 гэсэн дугаар аваад шууд Говьсүмбэр аймаг руу явсан. Тэгээд нөгөө гар утсаа 2019 оны 4 дүгээр сарын 27-ноос хойш 3 сар гаран хэрэглэж байгаад Сайншандаас Чойр луу явж байгаад вагондоо унтаад Улаанбаатарт ирсэн чинь миний хэрэглэж байсан гар утас алга болчихсон байсан. Тэгтэл 2019 оны 10 сард цагдаагаас дуудаад би ирсэн. Манай ээж надад хэлэхдээ ломбарднаас авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

           

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 28-29/,

            - хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 62/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын орчимд таксинд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ий халааснаас Самсунг А-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Б-д 576.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Агийн “...би баарнаас гарсан чинь нэг залуу такси барих гээд гадаа зогсож байхаар нь чи хаашаа явах юм бэ би дөхөөд бууя гэсэн чинь тэг тэг гээд үл таних залуу бид хоёр арын суудал дээр хамт суусан. Хажууд сууж байсан залуугийн халаасанд нь гар утас харагдахаар нь мэдэгдэхгүй аваад Хорооллын эцэс орчим ТҮЦ-с тамхи авъя гэж хэлээд буугаад шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Б-ий “...1-р Хороолол 11-р байр буюу гэрийнхээ гадаа ирээд ээжтэйгээ утсаар ярих гээд халаасаа үзэхэд утас байхгүй байсан. Тэгээд суусан таксиныхаа дотор гар утсаа хайж үзтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

            насанд хүрээгүй гэрч А.Г-ын “...Ээж А 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед ээж нь хүүдээ гар утас өгье чи Хороололд хүрээд ир гээд бид хоёр Хорооллын Өргөө кино театрын замын урд талд байрлах KFC хоолны газрын гадаа уулзаад ээжийн байрлаж амьдардаг газар руу хамт явсан. Тэгээд ээж надад урд тал нь хар өнгөтэй, ар тал нь шар өнгийн, ногоон хүний зурагтай гэртэй, дэлгэц нь кодтой самсунг А-6 маркийн гар утас гаргаж ирээд миний хүү кодыг нь гаргуулаад авчих гээд надад өгсөн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Д.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 62 дугаар талд хохирогч Б.Б- нь “...Самсунг галакси А-6 маркийн хар өнгийн утас орлуулж, дүйцүүлэн хүлээн авлаа. Ямар нэг гомдол саналгүй...” тухайгаа хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд бичсэн байх тул шүүгдэгч Д.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналыг гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ