| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00582/И |
| Дугаар | 695 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 695
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны,
Төлбөр төлөгч Ц.Баясгаланг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маамуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маамуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 7-7 тоотод оршин суух Цограашийн Баясгалангаас 6.000.000 сая төгрөг гаргуулан Намчингийн Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх албанд шилжиж ирснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад Ц.Баясгалан оршин суугаа хаягтаа байхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж байна. Иймд Ц.Баясгаланг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Төлбөр төлөгч Цограашийн Баясгалан нь олдохгүй 6 сар болж байгаа тул түүнийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Ц.Баясгаланг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Баясгалангаас 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч талууд давж заалдах гомдол гаргаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж уг шийдвэрт гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Ц.Баясгалан нь гүйцэтгэх баримт бичигт дурдагдсан хаяг болох Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 7-7 тоот хаягт 2016 оны 3 дугаар сараас хойш оршин суухгүй байгаа, утасны дугаараа өөрчилж, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 893 дугаар албан бичиг, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, гэрч Г.Цэрэнтогтохын “Манайх Ц.Баясгалангийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-7 тоот хаягт байрлах хашаанд айл буулгана гэх сургийг хүмүүсээс сонсоод уг хашаанд очиход эзэнгүй гэр байсан. Ингээд Ц.Баясгалангийн холын хамаатан болох Алтантогтох гэх хүнтэй очиж уулзсан. Тэгэхэд Алтантогтох Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-7 тоот хаягт байрлах хоосон хашаа байгаа, эзэн Ц.Баясгалан Улаанбаатар хот явсан байгаа, та нар уг хашаанд буух эсэхээ өөрсдөө мэдээрэй гэж хэлсэн. Би эхнэртэйгээ ярилцаад 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уг хашаанд гэрээрээ очиж буусан. Манайхыг Ц.Баясгалангийн хашаанд бууснаас хойш хашааны эзэн болох Ц.Баясгалан гэх хүн огт холбоо барьж байгаагүй, ирж уулзаж байгаагүй. Сургийн сонсоход Улаанбаатар хотод байдаг гэж сонссон” гэх мэдүүлэг, гэрч Н.Хишигжаргалын “Улаангом сумын 3, 9 дүгээр багууд хуваагдаж 12 дугаар баг болсон бөгөөд Ц.Баясгалангийн харьяалал нь 12 дугаар багт шилжсэн ба миний бие тус багийн Засаг даргын ажлыг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. Ажлаа хүлээж аваад айл өрхүүдээр явахад Ц.Баясгалан гэх айлын 7-7 тоот хашаанд очиход цоожтой гэр л байдаг байсан. 3 дугаар багийн өмнөх Засаг дарга нь уг айлыг хаягтаа байдаггүй, хот явсан сурагтай гэж хэлж байсан. Намайг ажлаа хүлээж авснаас хойш Ц.Баясгалан гэх айл хаягтаа оршин суухгүй байгаа болно” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 7-7 тоотод оршин сууж байсан, регистрийн дугаар ФБ66070499, Бууч овогт Цограашийн Баясгаланг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1966 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 7-7 тоот хаягт оршин сууж байсан, регистрийн дугаар ФБ66070499, Бууч овогт Цограашийн Баясгаланг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Баясгаланг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ