Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 984

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн ___ тоот хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ регистрийн дугаартай, Т.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Тээврийн дээд сургуулийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин 0,70% согтолттой үедээ Тоёота Чейзер маркийн 19-69 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.А-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шөнө 3 цагийн үед хөдөөнөөс юм тосох гээд найзынхаа машиныг гуйж авсан. Тэгээд юмаа тосож авчихаад хэдэн найзуудтайгаа уулзаж архи уусан. Төмөр замын сургуулийн урд талын уулзвар дээр явж байхад хориглосон улаан гэрэл асаад зүүн тийш эргэх нэмэлт гэрэл ассан байхад нь би улаан гэрлээр явсан. Тэгэхэд гэнэт хүн гараад ирэхээр нь би баруун гар талруугаа дараад толиороо тухайн явган зорчигчийг шүргэсэн. Тэгээд уг хохирогчийг Гэмтэл рүү авч яваад үзүүлсэн. Эмнэлэг дээр очоод цагдаа дуудсан. Өглөө 8 цагт ослын газар цагдаагийн бүрэлдэхүүн хэмжилт хийсэн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Б-ийн өгсөн:

“...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Зам тээврийн осол гарахад тээврийн дээд сургуулийн урд талын уулзварын гэрэл дохио нэмэлтээр зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн. Гэрэл дохио асчихсан чигээрээ хоёр талдаа явах урсгалыг хориглосон улаан гэрэл дохио асчихсан байхад би уулзвар руу нэгдүгээр эгнээгээр гэрэл дохио зөрчиж нэвтрэх үедээ зам тээврийн осол гаргасан. Би явган зорчигчийг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгааг анзаарч хараагүй. Нэг мэдэхэд автомашины зүүн талаас гарч ирсэн ба тэр үед би машиныг баруун тал руугаа дарж явган зорчигчийг толиороо шүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.А-ын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 24-ний өглөө үүрээр би Богд ар хороололд байдаг хүүгийнхээсээ гараад Тээврийн сургуулийн урд замаар урдаасаа хойшоо гарч байгаад нэг машинд мөргүүлсэн. Би машинд мөргүүлээд газарт хэвтэж байхад машинаас 3 залуу бууж ирээд өргөөд машиндаа суулгаад намайг аваад гэмтэл рүү авч очиж үзүүлсэн. Осол хэрэг гарах үед миний баруун хөл өсгий шилбэ хэсгээрээ хугарсан байсан...уг авто машиныг намхан шар залуу буюу намайг мөргөсөн гээд байгаа залуу жолоодож явсан. Осол гарах үед миний тархинд цус харвасан байсан. Эмнэлэгт хэвтэж байхад толгой эргээд сууж чадахгүй болохоор нь толгойгоо КТГ-т харуулахад цус харвасан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-ын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажууд найз нарынхаа хамт хоол идсэн. Тэгээд тэндээсээ гараад Их Монгол гэдэг газар ороод найз Л, Б нар хамт сууцгаасан. Уг газарт Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж байгаад шөнө дуудлагын жолооч дуудахаар болоод нэг пиво ууж байгаа харагдсан. Тэгээд 05 цаг өнгөрч байхад Блью скай дээр очоод нэг хэсэг байж байгаад эргээд явж байснаа санаж байна. Би нилээд согтуу байсан ба нэг сэртэл Б би хүн шүргэчихлээ гэхээр нь л сэрсэн. Тэгээд бид 3 нөгөө хүнийг аваад гэмтэл рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-н 23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Б-гийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн найзууд болох Б, Э, Л, У нар циркийн хойд талын Их Монгол кафед байна гэхээр нь яваад очиход найз Б хөдөөнөөс мах ирснийг мэдээд очиж авна гээд ганцаараа явсан. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ойролцоогоор 30-40 минут болсон ба яг цагийг нь тодорхой санахгүй байна. Удалгүй Б бид нар ирсэн ба Б-ийг ирснээс хойш цаг гарангийн дараа тухайн газраас гарцгаасан. Тухайн үед Б хэдэн пиво уусныг анзаарч хараагүй. У, Л нар бид нартай хамт яваагүй гэр гэрлүүгээ тусдаа явцгаасан. Э бид хоёр Бтэй хамт явсан ба Б тухайн үед цагаан өнгийн Тоёота чейзэр 90 маркийн авто машиныг жолоодоод хажуугийн суудалд буюу зөв талын урд суудалд Э суугаад Б-ийн хойно буюу буруу талын хойд суудалд суугаад циркийн хойд талын Их Монгол кафены гаднаас хөдлөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын баруун талын гэрлэн дохион дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчиж явахдаа Б явган хүний гарцан дээр авто машиныхаа зүүн талын толиороо шүргэсэн.

Б тухайн уулзвар руу нэвтэрч ороход зүүнээс баруун чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн гэрэл дохио ассан байсан ба хоёр талын чигээрээ явах урсгалыг хориглосон улаан гэрэл дохио асчихсан зөвхөн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн нэмэлт ногоон гэрэл дохио асчихсан байсан. Тухайн уулзвар руу орж явган зорчигчийг шүргэх үед би явган хүний гэрлэн дохиог харахад явган хүний улаан гэрэл дохио асчихсан байсан. Осол гарсны дараа Б машинаас буугаад шүргүүлж газар унасан явган зорчигч дээр очоод биеийн байдлыг асууж гэмтлийн эмнэлэг рүү авч яваад эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-н цагдаагийн ажилтанд тухайн ослын талаар хэлж дуудлага мэдээлэл өгсөн. Бид нар гэмтлийн эмнэлэг дээр үзүүлж байхад замын цагдаа нар ирж ослын газарт очиж хэмжилт хийгээд Б-ийн унаж явсан автомашиныг журмын хашаанд саатуулсан...” гэх  мэдүүлэг /хх-н 28/,      

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10286 тоот:

1. О.А-ын биед баруун шилбэний шаант, тахилзуурын бяцарсан далд хугарал, баруун шагайн дотор хавчаар ясны хугарал, үений мултрал, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт зүүн тохойн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 31/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн

1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан. Харин нэгдүгээр тэнхлэг дээрх дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй байна. Баруун гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж, зүүн гар талын хол, ойр, баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй. Зүүн, баруун гар талын ойрын гэрлүүд болон баруун гар талын холын гэрлийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, зүүн гар талын холын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хээ, хэмжээс ижил байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ Т-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Харин хойд талын амортизаторуудын втулка муудаж, язарсан байна. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Баруун, зүүн гар талын урд оврын гэрлүүд асахгүй, зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, баруун, зүүн гар талын тоормосны гэрлүүд асахгүй, урд буфер зүүн гар талдаа будаг нь халцарсан, зүүн гар талын урд дохионы гэрлийн шил хагарсан, хойд буфер баруун гар талдаа будаг нь халцарсан, зүүн гар талын толь сууриараа хугарч унасан, баруун, зүүн гар талын урд их гэрлүүдийн тоггоогч сэнжнүүдийг нааж тогтоосон зэрэг гэмтлүүдтэй байна.

2. Хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсоогүй. Урд тэнхлэгийн "хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй байна. Зүүн гар талын хол, ойр, баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн, баруун гар талын ойрын гэрлүүд болон баруун гар талын холын гэрлийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй хойд талын амортизаторуудын втулка муудаж, язарсан байна. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Баруун, зүүн гар талын урд оврын гэрлүүд асахгүй, зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, баруун, зүүн гар талын тоормосны гэрлүүд асахгүй, урд буфер зүүн гар талдаа будаг нь халцарсан, зүүн гар талын урд дохионы гэрлийн шил хагарсан, хойд буфер баруун гар талдаа будаг нь халцарсан, зүүн гар талын толь сууриараа хугарч унасан, баруун, зүүн гар талын урд их гэрлүүдийн тогтоогч сэнжнүүдийг нааж тогтоосон зэрэг гэмтлүүдтэй байна.

3. Зогсоолын тоормос зогсоогүй, хойд талын амортизаторуудын втулка муудаж, язарсан, баруун, зүүн гар талын урд оврын гэрлүүд асахгүй, зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, баруун, зүүн гар талын тоормосны гэрлүүд асахгүй, урд буфер зүүн гар талдаа будаг нь халцарсан, зүүн гар талын урд дохионы гэрлийн шил хагарсан, хойд буфер баруун гар талдаа будаг нь халцарсан, баруун, зүүн гар талын урд их гэрлүүдийн тогтоогч сэнжнүүдийг нааж тогтоосон, зүүн гар талын толь сууриараа хугарч унасан зэрэг эвдрэл, гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Харин хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй, зүүн гар талын хол, ойр, баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн, баруун гар талын ойрын гэрлүүд болон баруун гар талын холын гэрлийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй зэрэг эвдрэл, гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

4. Хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормослох үед шарвалт үүсэх, тоормосны зам уртсах байдлаар, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй байгаа нь жолооч зам онохгүй байх, түлш зарцуулалт ихсэх, автотээврийн хэрэгсэлд шарвалт үүсэх, зам дугуйн барьцалдалт багасч, дугуйн хээ жигд бус элэгдэх байдлаар, зүүн гар талын хол, ойр, баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн, баруун гар талын ойрын гэрлүүд болон баруун гар талын холын гэрлийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй байгаа нь жолоочид үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлж болох боловч тухай зам тээврийн осол болох үед орчны гэрэлтүүлэг, замын нөхцөл байдал ямар байсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөх, нөлөөлсөн бол ямар байдлаар нөлөөлсөн болохыг тодорхойлох боломжгүй.

5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй.

6. Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй тоормос хэвийн ажиллагаатай байна. Харин зогсоолын тоормос зогсоогүй.  

7. Уг автотээврийн хэрэгсэл нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.

8. Зүүн гар талын хол, ойр, баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн, баруун гар талын ойрын гэрлүүд болон баруун гар талын холын гэрлийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, баруун, зүүн гар талын урд оврын гэрлүүд асахгүй, зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, баруун, зүүн гар талын тоормосны гэрлүүд асахгүй байна гэх дүгнэлт /хх-н 40-47/, 

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-9/,

- хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 75-85/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69/

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 71/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Тээврийн дээд сургуулийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин 0,70% согтолттой үедээ Тоёота Чейзер маркийн 19-69 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.А-ыг мөргөн эрүүл мэндэд нь биед баруун шилбэний шаант, тахилзуурын бяцарсан далд хугарал, баруун шагайн дотор хавчаар ясны хугарал, үений мултрал, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

шүүгдэгч Т.Б-ийн “...Зам тээврийн осол гарахад тээврийн дээд сургуулийн урд талын уулзварын гэрэл дохио нэмэлтээр зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн. Гэрэл дохио асчихсан чигээрээ хоёр талдаа явах урсгалыг хориглосон улаан гэрэл дохио асчихсан байхад би уулзвар руу нэгдүгээр эгнээгээр гэрэл дохио зөрчиж нэвтрэх үедээ зам тээврийн осол гаргасан. Би явган зорчигчийг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгааг анзаарч хараагүй. Нэг мэдэхэд автомашины зүүн талаас гарч ирсэн ба тэр үед би машиныг баруун тал руугаа дарж явган зорчигчийг толиороо шүргэсэн...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч О.А-ын “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өглөө үүрээр би Богд ар хороололд байдаг хүүгийнхээсээ гараад Тээврийн сургуулийн урд замаар урдаасаа хойшоо гарч байгааднэг машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Э-ын “...Би нилээд согтуу байсан ба нэг сэртэл Б би хүн шүргэчихлээ гэхээр нь л сэрсэн. Тэгээд бид 3 нөгөө хүнийг аваад гэмтэл рүү явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Б-гийн “...Б тухайн үед цагаан өнгийн Тоёота чейзэр 90 маркийн авто машиныг жолоодоод ... Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын баруун талын гэрлэн дохион дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчиж явахдаа Б явган хүний гарцан дээр авто машиныхаа зүүн талын толиороо шүргэсэн...” гэх  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10286 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас Т.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Т.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч О.А-ыг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирогч О.А-ын “...эмчилгээний зардал болох 4.040.000 төгрөг авсан нь үнэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй хохирол гомдол санал байхгүй...” тухай хүсэлт гаргасан тул шүүгдэгч Т.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

 

Шүүхээс шүүгдэгч Т.Бд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан В ангиллын 961133 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэргийн хамт ирүүлсэн В ангиллын 961133 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ