Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Ц-т холбогдох эрүүгийн 192.0001.3401.38 тоот хэргийг 2019 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О аймгийн О суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Улаанбаатар хотод Б ХХК-д ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Г аймгийн Ш сумын 2-р багт оршин суух, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 24-р хороонд дүүгийндээ түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц.Ц,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 04 сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ц.Б-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт айлд хонож байхдаа Б-тай хамт архи уусан. Жаахан согтоод Б-д зовлонгоо хэлж, “одоо болъё, гэртээ харъя, архи ууж ханалаа, амьдрал ахуйгаа бодъё” гэж хэлсэн. “Чи хөдөөгүүр намайг олон хоног дагуулж явлаа, олигтой ажил ч хийсэнгүй, архи л уугаад байна, надад хэцүү байна, ард хүүхдүүд хэцүүдлээ, нэг бол хамт явъя, эсвэл чи үлдээд би явъя” гэсэн боловч үл тоогоод байсан. Ядарч байгаагаа олон удаа хэлсэн ч намайг нохой хуцаж байгаа чинээ тоохгүй байсан. Намайг зүгээр юмаа угаалгаж, хоолоо хийлгэх гэж л дагуулж явсан юм билээ. Сүүлдээ Б өөрөө унтах гээд хэвтээд өгөхөөр нь би ахиад “ажил, амьдрал хэцүүдлээ” гэж үглэсэн боловч намайг тоохгүй буруу хараад хэвтсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Б-г татаж дээш нь харуулаад баруун чих, хацар луу нь хавсраад 2 удаа алгадсан. Тухайн үед би уур бухимдалдаа дийлдээд Б-г алгадсан. Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ахиж би ийм үйлдэл гаргахгүй байж чадна. Учир нь бид 2 салаад удаж байна. Ахиж нийлэхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа болохоор хэргийг маань шуурхай, хөнгөн шийдэж өгнө үү гэжээ. /хх-ийн 53-54/

Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг бүгд үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 23-ны шөнө Ц-той 2 шил архи угаад би нилээд согтуу унтаж байсан чинь Ц согтуудаа “чамайг дагаж хөдөө гадуур явсаар ядарч байна, үр хүүхэд рүүгээ явмаар байна” гээд агсам тавьсан. Би тоохгүй хэвтээд байсан чинь Ц надад уурлаад намайг хэвтэж байхад миний баруун чих рүү гарынхаа алгаар 2 удаа алгадсан. Би нүүрээ дараад тэр чигээрээ унтаад өгсөн. Өглөө чих шуугиад байх шиг байхаар нь архиндаа л тэгж байна гэж бодоод өнгөрсөн. Ингээд сүүлд Багануурт ирсэн чинь чих юм сонсох нь муудаад, хүний ярьж байгаа юм цаана сонсогдоод эхлэсэн. Хэд хоног ажсан чинь яалт ч үгүй сонсох нь муудсан байсан. Тэгэхээр нь эмнэлэгт үзүүлтэл баруун чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн. Миний биеийн байдал одоо зүгээр байгаа. Чих аажмаар юм сонсох нь гайгүй болсон. Чихэндээ эмчилгээ нилээн хийлгэсэн л дээ. Чихний хальс нөхөж бэхжүүлдэг гээд тосон түрхлэгийг саяхныг хүртэл хэрэглэсэн. Одоо чих тун дажгүй, юм сонсдог болсон. Ц-т гомдол байхгүй. Санал хүсэлт алга. Хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй. Дөрвөн хүүхэдтэй хүнээс юу ч нэхэмжлэх вэ дээ, ямар ч гомдол байхгүй гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 08-ны өдөр Ц.Б гэдэг эрэгтэй хүн ээжийнхээ хамт ирж үзүүлсэн. Үзэхэд түүний баруун чихийг чих хамар хоолойн дурангаар харсан. Харахад зүүн чихний хэнгэрэг цоорсон, цооролтын ирмэгээр хатсан цусан тавтай байсан. Энэ гэмтэл нь шинэвтэр байсан. 2019 оны 04 сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл. Ц.Б-н чихийг дурандахад зүүн талын чихний хэнгэрэг хальс бүтэн, бага зэрэг үрэвсэлтэй, харин баруун талын чихний хэнгэрэг хальс цоорсон, шинэвтэр цооролттой байсан. Чих үрэвссэнээс болж хэнгэрэг хальс цоорч болно. Гэхдээ Ц.Б-н баруун чихний хэнгэрэг хальсны цооролтын ирмэг хэсгээр цус гарч хатсан тавтай байсан учраас үрэвслээс биш гэмтлийн гаралтай цооролт гэж бодож байна гэжээ. /хх-ийн 29-30/   

Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 20-ны орчим Б нь Ц гэх эмэгтэйг дагуулан манайд согтуу ирсэн. Б “жолооныхоо эрхийг хасуулчихлаа, бас эхнэр аваад ирсэн шүү” гэж байсан. Тэр 2 цагаан өнгийн Пробокс машинтай явж байсан. Манайх засуулах хөргөгчтэй байсан ба Б, Ц хоёр согтуу болохоор нь дараа засуулъя гэж бодоод “манайд хоно” гэсэн. Эхний өдөр “тахианы байранд хоноод үс толгойгоо угааж үнэр танараа дар” гэсэн. Дараагийн өдөр нь ажиллахгүй байгаа цайны газрынхаа өрөөнд оруулсан. Тэр 2 надад архи ууж байгаа нь харагдахгүй хэрнээ согтуу л байгаад байсан. Тэр хоёр манайд 2 байна уу 3 хоносон. Хоорондоо бага зэргийн маргаантай байгаа байдал харагдаж байсан. Хамгийн сүүлд Б, Ц хоёрыг харахад зодолдсон шинж тэмдэг харагдаагүй, зүгээр л харагдаж байсан гэжээ. /хх-ийн 31/

Шинжээчийн 09шэ/122 дугаартай дүгнэлт: 1.Ц.Б-н биед хэнгэрэг хальсны цооролт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломж муутай. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 38-44/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх мөрдөгчийн санал, 05 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 8-9/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-52/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл  /хх-ийн 55-58, 68/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 92-93/

Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 99/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 04 сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хэнгэрэг хальсны цооролт, тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Б-н “...Би тоохгүй хэвтээд байсан чинь Ц надад уурлаад намайг хэвтэж байхад миний баруун чих рүү гарынхаа алгаар 2 удаа алгадсан.” гэх мэдүүлэг, гэрч П.Ц “...Үзэхэд түүний баруун чихийг чих хамар хоолойн дурангаар харсан. Харахад зүүн чихний хэнгэрэг цоорсон, цооролтын ирмэгээр хатсан цусан тавтай байсан. Энэ гэмтэл нь шинэвтэр байсан. 2019 оны 04 сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл. Ц.Б-н чихийг дурандахад зүүн талын чихний хэнгэрэг хальс бүтэн, бага зэрэг үрэвсэлтэй, харин баруун талын чихний хэнгэрэг хальс цоорсон, шинэвтэр цооролттой байсан. Чих үрэвссэнээс болж хэнгэрэг хальс цоорч болно. Гэхдээ Ц.Б-н баруун чихний хэнгэрэг хальсний цооролтын ирмэг хэсгээр цус гарч хатсан тавтай байсан учраас үрэвслээс биш гэмтлийн гаралтай цооролт гэж бодож байна” гэх мэдүүлэг болон хохирогч Ц.Б-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 09шэ/122 дугаартай дүгнэлт / хх-ийн 38-44/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.Ц-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Хохирлын хувьд:

Хохирогч Ц.Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Улаанбаатар хотод ажил эрхэлдэг гэх боловч хэрэгт энэ талаар нотолсон баримтгүй, сарын орлого тодорхойгүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулын ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч Б овогт Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.Б