| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00693/И |
| Дугаар | 696 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 696
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОС66051919, Бух овогт Нямжавын Эрдэнэчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1980 оны 1 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилд орж, 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан. Миний бие энэ хугацаанд малчнаас өөр ажил хийж байгаагүй. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй, нөхөн бичилттэй гэх шалтгаанаар хүчингүй гэж үзэн, ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Аймгийн архивын газраас цалингийн тодорхойлолт, тушаалаа шүүлгэсэн боловч байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд миний 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ш.Ганболдыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг нь 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 285 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1980-1989 оны цалинг шүүн үзэхэд Нямжав овогтой Эрдэнэчимэгтэй холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэжээ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн захиргаанаас Н.Эрдэнэчимэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1980 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчин, хоньчноор авч ажиллуулав, 1980 оны 1 дүгээр сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 7 дугаар сарыг дуустал цэрэгт, 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин тус тус бичигджээ”.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ш.Ганболдоос мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ш.Ганболдын “Миний бие нь 1981 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Н.Эрдэнэчимэг нь 1980 оноос 1990 он хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба Н.Эрдэнэчимэг нь голдуу хонь малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар Хоожин, Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Хэдийгээр Н.Эрдэнэчимэгийн 1980 оноос 1989 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1980 оны 1 дүгээр сарын 03-наас 1989 оны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн захиргаанаас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ш.Ганболдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 1 дүгээр сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал, 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 6 жил 9 сар 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Бух овогт Нямжавын Эрдэнэчимэгийн 1980 оны 1 дүгээр сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал, 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 6 /зургаа/ жил 9 /ес/ сар 27 /хорин долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ