| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0121/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Д.Ц, шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Б.Д
Иргэдийн төлөөлөгч Д.Б
Хохирогч Ө.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д.А-т холбогдох эрүүгийн 192.0001.9401.22 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эгч, хүргэн ах, хүүхдийнх нь хамт Д аймгийн Х сум 4-р багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, О овогт Д.А,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутагт оршин суух Ө.С-н гэрт согтуугаар хутга буюу зэвсэг хэрэглэн Ө.С-н гэдсэн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр найз Ө.С-н Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3-р багт байрлах гэрт найз М-тай хамт очиж хорхог боодог хийж идээд жоохон архи дарс уусан. Тэгээд С бид хоёр хоёулаа үлдээд юм ярьж сууж байгаад санамсаргүй хоёулаа “ер ингэж сууж байгаад бие биенээ хутгалчуул яах уу” гээд би хутгаараа айлгаад биелүү нь чичтэл С сандарч босч ирээд цээж рүүгээ дүрүүлсэн. Би ямар нэгэн санаатайгаар хутгалсан зүйл байхгүй. Тухайн үед тоглоом хийгээд С-г айлгах гэтэл С сандарч босч ирээд хутганд орсон асуудал гарсан би ямар нэгэн байдлаар өс санасан асуудал байхгүй. Бид хоёр хар багаасаа найзлаж нөхөрлөсөн найзууд байгаа юм гэжээ. /хх-ийн 53-54/
Шүүгдэгч Д.А шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 07 сарын 29-ны өдөр С-нд хорхог хийж идхээр найзуудын хамт очсон. Тэгээд хорхог хийж идээд 5 шил архи уусан. С-тай тоглоод мах идэж байсан хутгаараа чичээд “ингээд шаачих уу” гэтэл тэр “тэг тэг” гээд тоглож байгаад хутгалсан. Санаатай хутгалаагүй. Бидний хооронд маргаан болоогүй, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Ө.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний зүрхнээс доош хэсэгт ойролцоогоор 3 см орчим газар хутгаар зүсэгдэж нарийн гэдэс болон чацархай хоёр тасарсан байна гэсэн. Тэгээд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороод оёуулсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Тухайн үед би согтуу байсан болохоор санахгүй байгаа бөгөөд бид хоёр тэгж бие биетэйгээ муудаж маргалдан хутгалах хүмүүс биш. Санамсаргүй байдлаас болоод тийм асуудал гарсан байх. Эмчилгээний зардал гэж 507,960 төгрөг гарсан үүнийг А төлж барагдуулсан. Надад 200,000 төгрөг бэлнээр эм тариандаа зарцуул гэж өгсөн одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх-ийн 15-16, 63-64/
Хохирогч Ө.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Бид хоёр багын найзууд. Мах идэж байгаад тоглоод хутгаар А “шаачих уу” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд байж байтал хатгачихсан. Тухайн үедээ их цус гараагүй. Тэгээд А унтаад өгсөн би ч унтсан. А яаж байна гээд нэг асууж байсан би зүгээр зүгээр гээд унтсан. Тэгээд өглөө эхнэр орж ирээд юу болсон талаар асуугаад эмнэлэг явсан. Эмчилгээний зардал төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 сарын 29-нд манай хамтран амьдрагч Ө.С бид хоёр Дорноговь аймөг Эрдэнэ сум 3-р багт байрлах хөдөө гэртээ байж байтал С-н багын найз гэх А, М нар манайд ирсэн бөгөөд гэрт ирээд найзууд ирсэн гээд ямааны хорхог хийж идсэн бөгөөд архи дарс идээ ундаа болоод сууж байгаад манай хүүхэд унтая гээд байхаар нь хүүхдээ аваад С-н эзэмшлийн приус маркийн машинаа унаад овоо руу гарсан. Намайг гэрээс гарахад 2 шил 0,75-ийн С архи уугаад ямар ч зүйл болоогүй С найзуудтайгаа инээж хөхрөөд байж байсан. Гэрт С, М, А, манай төрсөн дүү Э, түүний нөхөр О нар үлдсэн. Би овоон дээр гараад хүүхэдтэйгээ цуг машиндаа унтсан. Тэгээд 2019 оны 07 сарын 30-ны өглөө 07 цагийн орчим овоон дээрээс гэртээ иртэл С-н хувцас нил цус болсон байж байсан. Тэгээд хэн хутгалсан юм гэсэн чинь А хутгалчихлаа гэсэн. Яагаад гэсэн тоглож байгаад ийм юм болчихлоо гэсэн. Тухайн үед гэрт А болон С нар байсан. Найз М нь гадаа гэрийн хаяанд унтаж байсан. Тэгээд С-г аваад М, А нартай хамт аймгийн эмнэлэг рүү явсан гэжээ. /хх-ийн 06-07 /
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр А бид хоёр Сайншандад байж байтал манай багын найз С таараад хэдүүлээ манай хөдөө гэр лүү явъя, манайд очиж ямаа шарж идэе, та хоёр манайд ганц нэг хоно гэсэн. Тэгээд бид хоёр С болон түүний эхнэр Б-н төрсөн дүү Э бид хэд хөдөө гэр лүү нь явсан. бид хэд С-нд очоод ямаагаа шараад архи дарс идээ ундаа болоод байж байтал бид нар дээр нэмэгдээд Э-н нөхөр О ирсэн. Тэгээд бид нилээн суугаад байж байтал Б би ийшээ хүүхдээ аваад ойрхон гараад машиндаа унтлаа гэсэн. Тэгээд О, түүний эхнэр Э, С, А бид хэд үлдсэн архиа уугаад суусан. Тэгээд 4 шил 0,75-ийн С архи уугаад 5 дахь шил архиа задалтал миний нойр хүрээд байхаар нь гэрээс гараад гэрийн зүүн хойно очоод унтаад өгсөн. Гэрээс гарахад О, Э, С, А нар гэрт үлдсэн, тухайн үед цаг шөнийн 01 цаг болж байсан. 30-ны өглөө С-н эхнэр Б намайг дуудаад С хутгалуулсан байна яасан юу болсон юм гэж асуусан. Тэгэхээр нь би намайг унтахад зүгээр байсан гэсэн тэгээд бид гэрт нь оролгүй шууд С-н машиныг бариад эмнэлэг рүү явсан гэжээ. /хх-ийн 08-09/
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би хөдөө гэртээ байж байтал манай эхнэр Э-н хамт С өөрийн найзууд гэх 2 залуутай мөн эхнэр Б-н хамт Сайншандаас 19 цагийн орчимд ирсэн. Манай эхнэрийг хүргэж ирчихээд та хоёр манайд очиж хорхог идээрэй гэж хэлчихээд явсан. Эхнэр Э-н хамт ямаагаа саачаад хоёр хүүхдээ дагуулаад С-н гэрт очсон. Бид хэдийг очих үед архи дарс уусан зүйл байгаагүй хорхогоо хийх гээд байж байсан. Удалгүй хорхогоо хийж дуусгаад махаа гаргаад идэж байхдаа 1 шил 0,75-ийн С архи задласан. Бид хэд юм яриад махаа идэнгээ 4 шил архи уугаад шөнө 01 цагийн орчимд би эхнэр хүүхдүүдээ аваад хадам ээжийндээ очиж хоносон. Бид хэдийг явах үед С болон А нар юм яриад суугаад үлдсэн. 30-ны өглөө 06 цагийн орчимд С-нд эхнэр Э-н хамт очсон чинь А С-г хутгалсан байна гэсэн. Тэгээд бид хэд С-г аваад аймгийн эмнэлэг хүргэж өгсөн гэжээ. /хх-ийн 10-11/
Шинжээчийн 02/0387 тоот дүгнэлт: 1.Ө.С-н биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 23-43/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-20, 60/
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 47, 68/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 48/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-52/
Шүүгдэгчийн эд хөрөнгтэй эсэхийг тодорхойлсон Х сумын 4 дүгээр багийн Засаг даргын 11/75 дугаартай албан тоот /хх-ийн 65/
Бэлэн мөнгөний орлогын баримт, Х банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-67/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 69-70/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутагт оршин суух Ө.С-н гэрт согтуугаар хутга буюу зэвсэг хэрэглэн Ө.С-н гэдсэн тус газар хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Ө.С-н “...Тухайн үед би согтуу байсан болохоор санахгүй байгаа бөгөөд бид хоёр тэгж бие биетэйгээ муудаж маргалдан хутгалах хүмүүс биш. Санамсаргүй байдлаас болоод тийм асуудал гарсан байх. Эмчилгээний зардал гэж 507,960 төгрөг гарсан үүнийг А төлж барагдуулсан. Надад 200,000 төгрөг бэлнээр эм тариандаа зарцуул гэж өгсөн одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “...Намайг гэрээс гарахад 2 шил 0,75-ийн С архи уугаад ямар ч зүйл болоогүй. С найзуудтайгаа инээж хөхрөөд байж байсан. Гэрт С, М, А, манай төрсөн дүү Э, түүний нөхөр О нар үлдсэн. Би овоон дээр гараад хүүхэдтэйгээ цуг машиндаа унтсан. Тэгээд 2019 оны 07 сарын 30-ны өглөө 07 цагийн орчим овоон дээрээс гэртээ иртэл С-н хувцас нил цус болсон байж байсан. Тэгээд “хэн хутгалсан юм” гэсэн чинь “А хутгалчихлаа” гэсэн. “Яагаад” гэсэн “тоглож байгаад ийм юм болчихлоо” гэсэн. Тухайн үед гэрт А болон С нар байсан.” гэх мэдүүлэг, гэрч М, Г.О нарын мэдүүлэгүүд /хх-ийн 08-09,10-11/, шинжээчийн 02/0387 тоот дүгнэлтээр хохирогчийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдсон, учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан. /хх-ийн 23-43/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 47, 68/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ө.С-т учирсан дээрхи хүнд гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс шууд хамааралтай тул шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.А-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй учир нь санаатай үйлдэл биш юм гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинж байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.А нь хутгаар хүн рүү чичих үйлдэл гаргаж байгаа нь тухайн хэргийн хохирогч болох Ө.С-н эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ мэдэж байсан. Түүний эрүүл мэнд, бие махбодид гэмтэл учрах боломжтойг урьдчилан харах ёстой. Өөрөөр хэлбэл хүн рүү хутгаар чичиж байгаа үйлдэл нь шууд санаатай үйлдэл гэж үзнэ.
Хохирлын хувьд:
Хохирогч Ө.С-т эмчилгээний зардал болон эм тарианд нийт 707,960 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, Х банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-67/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн дээрхи хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял онодуулах” гэж заасныг баримталсан болно.
Эд мөрийн баримтын хувьд:
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг өнгийн иштэй, бариул хэсгийн урт 11,5 см, ажлын хэсгийн урт 15 см бүхий 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогийн Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.А-г 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг өнгийн иштэй, бариул хэсгийн урт 11,5 см, ажлын хэсгийн урт 15 см бүхий 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ц
ШҮҮГЧИД Д.Ц
Э.Б