Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 697

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 16-2 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОР69031201, Цагаагчууд овогт Цээлэйн Сарантуяагийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Ц.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1969 онд төрсөн. Би 1992 оны 6 дугаар сард Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгсөж, 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон 2008 оныг хүртэл ажилласан. 2008 оноос Боловсрол, соёлын газарт ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 02-нд Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр томилогдон ажилласан бөгөөд ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Ажилд анх томилсон Ардын боловсролын хэлтсийн даргын тушаал, хөдөлмөрийн дэвтрээ Улаанбаатар хотод гээгдүүлснээс анх ажилд орсон 1992 оны 9 дүгээр сараас 1995 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан жилийг нотлох баримтгүй болсон. 1995 оны 9 дүгээр сараас хойшхи ажилласан жил нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулагдсан байна. Иймд миний 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ц.Оюунчимэг, Ч.Оюунгэрэл нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сар хүртэл Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цээлэйн Сарантуяагийн 1992 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгийн 1993-1995 оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Цээлэй овогтой Сарантуяагийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

        Түүнчлэн Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр “Боловсон хүчин шилжүүлэх тухай” тушаалд: “Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчидтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цуцалж тус тусын сумдын Засаг даргын мэдэлд шилжүүлсүгэй. Үүнд: ...Улаангом сум, цэцэрлэгийн эрхлэгч Цээлэй Сарантуяа” гэжээ.

       Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ц.Сарантуяад олгосон 309556 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “Түүний 1995 оны 9-12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого бичигджээ”.

            Шинжлэх ухаан боловсролын хэлтэс, Судалгаа арга зүйн төвөөс 1993 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ц.Сарантуяаг шагнаж байсан баярын бичиг, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал, мөн цэцэрлэгийн 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын хуулбарууд хэрэгт авагджээ.

         Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Оюунчимэг, Ч.Оюунгэрэл нараас  мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Оюунчимэгийн “Миний бие нь 1976 оноос 2015 оны хооронд Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт тогооч, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Намайг Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт ажиллаж байхад Ц.Сарантуяа нь 1992 онд тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд Ц.Сарантуяа нь 2008 он хүртэл тус цэцэрлэгт эрхлэгчээр ажилласан. Тухайн үед Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Дулмаа, Юмчинхүү гэх хүмүүс ажиллаж байсан ба сүүлд 1992 оноос Ц.Сарантуяа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах болсон” гэж, гэрч Ч.Оюунгэрэлийн “Миний бие нь 1989 оноос 1997 оны хооронд Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан. Намайг Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт ажиллаж байхад Ц.Сарантуяа нь 1992 онд тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллах болсон бөгөөд миний бие 1997 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд суралцахаар явахад Ц.Сарантуяа нь тус цэцэрлэгтээ эрхлэгчээр ажиллаад үлдсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Ц.Сарантуяаг 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажилд томилсон тушаал хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч нь мөн өдрөөс Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн болох нь Увс аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр “Боловсон хүчин шилжүүлэх тухай” тушаалаар тогтоогдож байх тул 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан гэж үзэх нь зүйтэй.

          Харин нэхэмжлэгч нь 1995 оны 9 дүгээр сар хүртэл Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан хэмээн нэхэмжлэлдээ дурдсан боловч Ц.Сарантуяагийн 309556 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 1995 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо шимтгэл төлж байсан талаарх бичилт хийгдээгүй байх тул 1995 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан гэж үндэслэлгүй байна.

           Мөн гэрч Ц.Оюунчимэг, Ч.Оюунгэрэл нарын “Ц.Сарантуяа нь 1992 оноос 2008 он хүртэл Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд нь өөр нотлох баримтаар нотлогдохгүй байх тул тэдний мэдүүлгийн энэ хэсгийг үнэлэх боломжгүй байна.

        Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал, мөн цэцэрлэгийн 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын хуулбарууд нь нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан байдалтай холбоогүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр “Боловсон хүчин шилжүүлэх тухай” тушаал, Шинжлэх ухаан боловсролын хэлтэс, Судалгаа арга зүйн төвөөс 1993 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ц.Сарантуяаг шагнаж байсан баярын бичиг, гэрч Ц.Оюунчимэг, Ч.Оюунгэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр 2 жил 3 сар 18 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Цагаагчууд овогт Цээлэйн Сарантуяагийн 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 18 /арван найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ