| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0305/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/309 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/309
2019 11 28 2019/ШЦТ/309
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч Я.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.М-д холбогдох 1921007930355 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .................... гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Я.М. /РД: ..................../
Шүүгдэгч Я.М нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг “Шар бүрд” гэх газар гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр Б.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэв.
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хадам ээж Орос явна гэхээр нь би нөхөртөө “хоёулаа ямаа зарж, Орос руу хүнсний ногоо захиж авчруулъя” гэхэд “үгүй” гээд байсан. Маргааш нь нөхөр “ямаа зарахгүй” гэсэн болохоор уур хүрээд гэрийн гадаа байсан мотоциклийг нь түлхэж унагаад аяга, энэ тэр авч нөхөр рүүгээ шидэж, нөхрийнхөө хувцас хунарыг урна гэх зэргээр нөхрөө өдөөд байсан. Өдөр 13 цагийн үед би “сумын төв явлаа” гэхэд машины түлхүүр өгөхгүй байсан ба би нөхрөө маажих гэхэд нөхөр маань уурлаад нүд рүү гараараа цохиж, хоолой боох гэхээр нь би айгаад “болъё” гээд цагдаад хэлнэ гэхэд гаднаас тосол оруулж ирж өөрөө уух гэснээ балгаад асгасан. Тэр орой миний толгой өвдөөд байна гэхэд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. ...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-9 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 722 тоот дүгнэлтэд
1. Б.Г-н биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхины цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бугалганы цус хуралт, баруун бугалганы зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21 тал/
- Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 14 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15 тал/
- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 20 тал/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 41 тоот дүгнэлт /хх-ийн 25 тал/
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 39-42 тал/
- Я.М-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 11, 30-32 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ............ овогт Я.М нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын ............... дугаар багийн нутаг “..............” гэх газар гэртээ эхнэр Б.Г-г зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 722 тоот дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүүх сэтгэц эмгэг судлалын 41 тоот дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Я.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Я.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Хохирогч Б.Г нь шүүгдэгч Я.М-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Я.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Я.М-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Я.М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Я.М-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ