Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00542

 

Г.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2017/00720 дугаар шийдвэр,

    Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Ч

          Хариуцагч: Бт холбогдох

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 525.280 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах тухай А/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бт нягтлан бодогчоор байнгын орон тоон дээр орж ажилласан. Ингэж ажиллаж байхдаа ямар нэг сахилгын шийтгэл авч, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Намайг 2017-04-19 -ний өдрийн А/23 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай цалин 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа мөн тогтоолын дагуу 2017-05-03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас халсан. Нэг үндэслэлээр 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Баянхонгор аймгийн Аудитын хорооноос хийсэн 2015 баримтын шалгалтын дүнгээс харахад эрхлэгчийн шахалтаар хийcэн гүйлгээнд  ихэвчлэн алдаа гарсан байгаа. Эрхлэгчийн шахалтаар гүйлгээ хийсэн. Энэ хяналт шалгалтын баримтыг үндэслэж 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 тоот тушаалаар цалингийн 20 хувь хасаж, 2017-04-31-ний өдөр  ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн мэдэгдэлийг амаар  хурал дээр өгсөн. 2017-05- 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Аудитын хорооны дүгнэлтээс харахад эрхлэгч С.Шүрэнцэцэг дээр асуудал үүссэн. Иймд тус сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2017-04-19-ний өдрийн А/23 дугаар сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцож,  ажилд эгүүлэн тогтоож, олговорт 525.280 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цэцэрлэгийн 2016 оны санхүүгийн баримтыг төрийн Аудит шалгахад хязгаарлалттай санал дүгнэлт гарсан. Г.Ч   бараа материалын дансны үлдэгдэлд тооллого хийгээгүйгээс баталгаажуулаагүй, гэрэл цахилгааны зардалд 139.2 төгрөг илүү төлсөн зөрчилтэй шалгагдсан. Аудитын газрын хугацаатай албан шаардлагын дагуу Г.Чт цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Г.Ч нь Төрийн аудитын зөвлөмжийн дагуу өөрийн гаргасан зөрчлөө арилгаагүй. Байгууллагын 2017 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан балансад 1 дүгээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй. 2017 оны 1 дүгээр улиралд эрхлэгчийн шийдвэргүй өөртөө ур чадварын нэмэгдэл 250.377 төгрөг авсан. Жил бүрийн 2 дугаар сард аймгийн боловсрол соёлын газарт явуулдаг яамны мэдээ явуулаагүй, хувийн хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай буруу гаргасан. Нярав Г.Бадамтуяагийн гарын үсгийг санхүүгийн баримтанд хуурамчаар зурсан нь илэрсэн. Үйлчлэгч Т.Дамдин, сав угаагч О.Оюун-Эрдэнэ хоёрын үндсэн цалингийн шатлалыг ахиулсан эрхлэгчийн тушаалаас зөрүүлж нэмж олгож байсан. Эдгээр алдаа зөрчлүүдийг гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг давтан гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасаар байсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017-04-21-ний өдрийн 13 тоот тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10-р тушаал гаргасан. Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт аудитын газар 2017-04-24-ний 51-р тоотууд дотор хяналт шалгалтын дүнгийн тухай гэсэн хорооны тогтоол байгаа. Энэ тогтоолд урьд өмнө нь Г.Чт авч байсан сахилгын давтагдсан зөрчил энэ тогтоолд байхгүй. Тийм учраас энэ сахилгын шийтгэлийг Г.Чт өгсөн. Мөн 2015, 2016 онуудын зөрчил дээр яагаад хариуцлага тооцож байгаа вэ гэхээр 2015, 2016 онуудад гарсан зөрчлүүд нь 2017-04-21-ний өдрийн шалгалтаар илэрсэн тул  сахилгын шийтгэлийг оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. С.Шүрэнцэцэг, Г.Ч хоёрт хэн хэн дээр нь акт тавигдсан. С.Шүрэнцэцэг актаар тавигдсан мөнгөө төлсөн. Г.Ч актаар тавигдсан мөнгөө төлөөгүй байгаа. Сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2017/00720 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Бийн эрхлэгчийн 2017 оны А/23 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Чийг Бийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Бийн захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,216,658 төгрөг гаргуулж Г.Чт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Г.Чийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Бийн захиргаанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 131/ШШ2017/00720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 172.2.1-г буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Чтэй холбоотой зөрчил дутагдлыг холбогдох газарт нь хандаж шалган шийдвэрлүүлэхийг дурдаж байгаа нь мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс илүү гаргаж шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөд зогсохгүй нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор Г.Чт сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Г.Чийг 2017.05.03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас халсан бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасныг баримтлан мөн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 7.3.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалтуудыг үндэслэн гаргасан бөгөөд энэхүү тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Г.Ч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажил олгогчийн  2017 оны А/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг шаарджээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Г.Чийг ажлаас нь чөлөөлөхдөө хариуцагч 2017 оны 05 сарын 03-ны өдөр  Б/26 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, дотоод аудитын хорооны 2017 оны 13 дугаар  тогтоол,  хөдөлмөрийн дотоод журмын 7.3.4, хөдөлмөрийн гэрээний 10-г үндэслэн “... ажил олгогчийн итгэлийг алдсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон...” гэх боловч энэ нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.  /хх 1-н 5/ 

        Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. 

        Түүнчлэн, ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас нь халахдаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн байна.

        Ажил олгогч сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцэх юм.

       Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд засан журмын дагуу явуулсан байх тул  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2017/00720 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                 ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ