Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ХШТ/121

 

“Ф” ХХК-д

холбогдох хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, яллагдагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шүүгчийн захирамж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалтай “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн 2402008220106 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан, “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх”, “Жонш баяжуулах үйлдвэрлэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол ** дүгээр байр, *** тоотод байрлах хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, “Ф” ХХКомпани (РД:*******).

 

Яллагдагч “Ф” ХХКомпани нь 2024 оны 05 дугаар сараас 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хэнтий аймгийн Дархан сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэртээ өөрийн олборлосон жоншны баяжмалын агуулгыг тодорхойлох зорилгоор БОНХАЖуулчлалын болон ЭМСпортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Энэхүү хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ф” ХХКомпанийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлснийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нөхцөл байдал хангагдаагүй” үндэслэлээр прокурорт буцаасан байна.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 49 дүгээр магадлалаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдал бий болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, зөвтгөснөөр хууль хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой болох тул дараах үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

 

Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт 'Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй” гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заажээ. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулах боломжгүй, мөн ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорт буцаахаар шийдвэрлэв" гэжээ

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах...", мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэж тус тус заасан. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байна.

 

Гэтэл шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаан явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно", 4 дэх хэсэгт "шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана" гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.

 

Ийнхүү хууль зөрчиж шүүх хуралдаан хийлгүйгээр гаргасан захирамжийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн зөрчлийг хяналтын шатны шүүхээс зөвтгөж, “хууль хэрэглээний зөрүүг арилгах, улмаар хууль хэрэглээний зөв жишиг тогтоох нь зүйтэй” гэж прокуророос үзэж байна.

 

Магадлалын тодорхойлох хэсэгт “...хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй орхигдуулсан” гэж дүгнэжээ.

 

Прокуророос яллагдагч "Ф" ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд шилжүүлэхдээ 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4/2810 дугаартай албан бичгээр Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст дээрх магадлалд дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахад хэрэг бүртгэлтийн хэргийг тусгаарласан байсан бөгөөд шүүх үндэслэлгүйгээр хэргийг тусгаарласан гэж үзсэн бол энэ талаар дүгнэлт хийж болох ч харин эсрэгээрээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийх, шүүгч урьдчилан шийдвэр гаргах үндэслэл, журам байхгүй байхад хэрэгт зөв дүгнэлт хийлгүйгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг урьдчилан гаргасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай үр дагаврыг бий болгосон байна.

 

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг заавал шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой байтал ийнхүү шүүх хуралдаан хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тул шүүхийн практикт байгаагүй буруу жишгийг залруулах шаардлагатай гэж үзэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шүүгчийн захирамж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийн агуулга нь хууль хэрэглээний талаар байгаа бөгөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлсэн хэргийг шүүх хуралдаан хийхгүйгээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарч байна.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т шүүхийн шийдвэр гэдэгт Шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг ойлгохоор заасан ба уг хуулийн 22.4-т хэрэг маргааныг шийдвэрлээд гарсан шийдвэрийн хэлбэрийг тодорхой хуульчилж, 22.5-т дээрхээс бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хамаарахаар байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр хуульд заасан  шаардлагыг хангаагүй үндэслэл буюу хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаан явуулахаар заасан журмыг зөрчиж гаргасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэсэн ба шүүх хуралдаан нь уг хуулийн Гучин тавдугаар бүлэгт заасан тодорхой дэс дараалал бүхий шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан хийхгүйгээр хэргийг прокурорт буцаах зохицуулалт хуульчлагдаагүй, шүүхээс хянавал зохих нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шийдвэрлэж дүгнэлт өгөх асуудал байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хянан хэлэлцэлгүй прокурорт буцаасан шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлтэй” гэв.

 

Яллагдагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг буруу тайлбарлаж зөрчил гаргасан гэж үзэж байна. Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор прокурорын эсэргүүцлийн хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж заасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудал нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна. Иймээс шүүх хэргийг ердийн журмаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1, 33.3 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүгчийн захирамж гаргах ёстой байсан гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргалын бичсэн эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 862 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүлээн авсан тул мөн хуулийн 40.5  дугаар зүйлд заасны дагуу “Ф” ХХКомпанид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, ...шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд "Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана" /25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг/ гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно хэмээн хуульчилсан “шүүхийн шийдвэр нэгдмэл байх” зарчмыг бэхжүүлжээ.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, эрх бүхий этгээдээс гаргаж буй шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан баталгаажуулсан байдаг.

 

        Ийнхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцэж, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл мөн.

 

        4.Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус заасан байна.

 

5.Нийслэлийн прокурорын газраас “Ф” ХХК-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлснийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаахдаа шүүх хуралдаан явуулахгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 106 дугаартай шүүгчийн захирамж гаргажээ.

 

6.Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна энэ хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах зохицуулалттай.

 

Яллагдагчийн гаргасан хүсэлт, прокурорын сонгосон ял ба үүний дагуу хүлээлгэж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний санал болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг ойлгон хүлээн зөвшөөрсний үндсэн дээр явуулдаг, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг хөнгөрүүлэх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх зорилготой уг ажиллагааны онцлогоос шалтгаалан хэргийн оролцогчтой хамааралтай зарим тусгай журам үйлчилдэг болно.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэрлэн заасан саналыг прокурор нь яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурвал яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлдэг ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд үүсээгүй, тогтоогдоогүй тохиолдолд шүүх энэ зүйлийн 4-т заасан шаардлага хангагдсан эсэхийг хянаж, уг зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрээ гаргана.

 

Ийнхүү шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцох, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулах журам болон шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тогтоон хуульчилсан байна.

 

7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-аар Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучиндөрөвдүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийг удирдлага болгон мөн хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан тусгай журам болон энэ журмын дагуу явуулах, шүүх хуралдааны дараалал, шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдал, улсын яллагч өмгөөлөгч дүгнэлт танилцуулах, шүүх шийдвэр гаргах, танилцуулах зэргийг тодорхой байдлаар журамлажээ.

 

8.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч хэргийг хүлээн аваад шүүх хуралдаан явуулахгүйгээр захирамж гарган прокурорт буцаасан төдийгүй шүүх хуралдаанаар хянасны эцэст тогтоогдох нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар явагдах хуульчлагдсан шаардлага, журамтай нийцэхгүй байна.

 

9.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллах болон өмгөөлөх талуудын тэгш эрхийн зарчимд тулгуурласан мэтгэлцээний үндсэн дээр явагдаж, мэтгэлцээн нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад шүүхээс гарах аливаа шийдвэрийн үндэслэл болохын зэрэгцээ шүүх талуудын мэтгэлцэж буй байдалд дүгнэлт хийж, шийдвэрээ хөндлөнгийн хараат бусаар гаргах байтал шүүх хуралдаан явуулалгүйгээр хэргийг прокурорт буцаасан захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсэгт “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд нөлөөлөхүйц шинжтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлд хамаарна.

 

10.Анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангуулахаар шүүгчийн захирамж, магадлалыг тус тус хүчингүй болгох зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар захирамж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл яллагдагч хуулийн этгээд “Ф” ХХКомпани /төлөөлөгч Б.М/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД                                                    Б.БАТЦЭРЭН

 

 Ц.ОЧ

 

 М.ПҮРЭВСҮРЭН

 

 С.СОЁМБО-ЭРДЭНЭ