Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0686/З |
Дугаар | 221/МА2020/0524 |
Огноо | 2020-09-03 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2020/0524
С.С-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0297 дугаар шийдвэртэй, С.С-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0297 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С о 118 дугаар байрны 000 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03289 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү шийдвэрээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 2/18942 дугаар албан бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байдаг.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар С.С мэдүүлэг гаргахдаа шүүхийн шийдвэрийг хавсарган өгсөн байхад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасан бүртгэх үндэслэл байсан гэж үзэж байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс гэрчилгээг барьцаанд байгааг мэдэгдсэн талаар тайлбарласан ба шүүх эрхийн улсын бүртгэлийн Ү-01дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 11-р хороо, Стадион Оргил Их Монгол улс гудамж 118 дугаар байр 000 тоот хаягт байрлах 180 м.кв талбай бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 492 дугаартай гэрчилгээ “Д ф ББСБ” ХХК-д барьцаанд байгааг дүгнэсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар Сайнхүү нотлох баримтыг гарган өгсөн тул бүртгэл хийгдэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.С улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн мэдүүлэг гаргахдаа гуравдагч этгээдэд мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Өмчлөх эрх өөрчлөгдсөнөөр барьцааны шаардлага хэвээр хадгалагдана.
Энэ талаар барьцааны эрхийн агуулгыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаас үзвэл барьцааны эрх нь өмчлөгчийн өмчлөх эрхэд бүрэн хэмжээгээр нөлөөлөхөөргүй байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд энэ талаар тусгагдсан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаас өөр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч С.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянахад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “ ... хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, өөр дүгнэлт өгсөн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар С.С мэдүүлэг гаргахдаа шүүхийн шийдвэрийг хавсаргасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасан бүртгэх үндэслэл байсан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн мэдүүлэг гаргахдаа гуравдагч этгээдэд мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлагагүй” гэжээ.
Нэхэмжлэгч С.С нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ү-01дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, СОр Их Монгол улс гудамж 118 дугаар байр 000 тоот хаягт байрлах 180 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний[1] үндсэн дээр өөрийн эцэг, “З Ч у” ХХК-ийн захирал Г.Сүхбаатарт шилжүүлснийг тухайн өдөр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 492 дугаартай гэрчилгээг[2] олгожээ.
“З Ч у” ХХК-ийн захирал Г.Снь иргэн Г.А болон “Д ф ББСБ” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ӨШГ 16/08/01 тоот Өр шилжүүлэх гэрээ[3] болон 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14/12/146 тоот Зээлийн гэрээ[4], 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗНГ 14/12/146 тоот Зээлийн нэмэлт[5]өөрчлөлтийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон уг 180 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахыг зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-г[6] байгуулан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь С.С-гээс “З Ч у” ХХК-ийн захирал Г.С-т холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг цуцалж хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03289 дүгээр шийдвэрээр[7] хангаж, уг гэрээг хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох дээрх 180 м.кв орон сууцыг бэлэглэгч С.С-ийн өмчлөлд буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/18942 дугаар [8] албан бичгээр уг 180 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр С.С г бүртгэн шинээр гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч С.С 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг[9] улсын бүртгэгч “... гэрчилгээг эх хувиар авчрах шаардлага тавьж бүртгэхээс татгалзсан[10] байна.
Анхан шатны шүүх “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн 492 дугаартай гэрчилгээ эх хувиараа “Д ф ББСБ” ХХК-д бүрэн бүтэн хадгалагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс тухайн гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасан “хураан авах боломжгүй болсон” гэх нөхцөл байдалд хамааруулж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д зааснаар хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу байхад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан “бүртгэл үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэж, журмын дагуу хөтлөх” зарчимд нийцэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон” бол улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно гэж, 5.7-д “Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн ... гэрчилгээг дахин олгоно”, 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч С.С нь мэдүүлэгт хавсаргавал зохих шүүхийн шийдвэр, бусад баримтыг бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдох албан бичгийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн байхад хууль, журмаар шаардаагүй баримтыг шаардан бүртгэхээс татгалзаж, гэрчилгээ олгоогүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д улсын бүртгэгч “... үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, ... үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Улсын бүртгэгчээс татгалзсан үндэслэлээ “гэрчилгээний эх хувь хавсаргаагүй” гэж тайлбарласан, анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхдээ банк бус санхүүгийн байгууллагад гэрчилгээ хадгалагдаж байгаа нь дээрх хуульд заасан “хураан авах боломжгүй” нөхцөл биш гэж үзсэн нь дээрх хуулийн агуулгад нийцэхгүй.
Учир нь энэхүү маргааны хувьд өмчлөгч өөрчлөгдөөгүй үед зөвхөн гэрчилгээ дахин олгох тухай мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д заасан гэрчилгээ, гэмтэж хуучирсантай адил буюу өмчлөгч нь хуучин гэрчилгээгээ хураалгах боломжтой асуудал биш, шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ талаар дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар хавсаргах баримтыг тусгайлан зохицуулсан байна.
Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж зааснаас өөрөөр “мэдүүлэгт гэрчилгээний эх хувь хавсаргах” талаар зохицуулаагүй.
Мөн анхан шатны шүүхийн баримталсан Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.3-т “Энэ журмын 3.2.1-д заасан үндэслэлээр гэрчилгээг дахин олгох тохиолдолд элэгдэж хуучирсан, эсхүл гэмтсэн гэрчилгээг мэдүүлэгт хавсаргана” гэж, харин “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч өргөдөл гаргасан, эсхүл энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн” тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоор ялгаатай зохицуулснаас үзсэн ч шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөн өмчлөгч гэрчилгээний эх хувийг хураалгах боломжгүйтэй холбоотой гэрчилгээний эх хувийг мэдүүлэгт хавсаргахыг шаардаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тус шүүх нэхэмжлэлийн үндэслэл, маргаан бүхий акт буюу С.С г өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үндэслэлээ тайлбарласан хариуцагчийн тайлбар, хэргийн оролцогчдын маргасан хүрээнд дээрх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг, хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3-д заасан бүртгэлийг хийж, 11.4-д зааснаар эрх нь хөндөгдөх гуравдагч этгээдэд албан ёсоор мэдэгдэх үүрэгтэйг тэмдэглэв.
[1] Хэргийн 1 дэх хавтасны 205 дахь тал
[2] Хэргийн 1 дэх хавтасны 208 дахь тал
[3] Хэргийн 1 дэх хавтасны 50 дахь тал
[4] Хэргийн 1 дэх хавтасны 47-48 дахь тал
[5] Хэргийн 1 дэх хавтасны 49 дэх тал
[6] Хэргийн 1 дэх хавтасны 51-52 дахь тал
[7] Хэргийн 1 дэх хавтасны 15 -18 дахь тал
[8] Хэргийн 1 дэх хавтасны 5 дахь тал
[9] Хэргийн 1 дэх хавтасны 10 дахь тал
[10] Хэргийн 1 дэх хавтасны 9 дэх тал