Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 708

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, Г.Ж гийн нэхэмжлэлтэй “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.Ж  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У овгийн Г гийн Ж  1967 онд төрсөн. 50 настай. 1985 онд Баянхонгор аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг бүрэн дунд, 1990 онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр, 2009 онд Улаанбаатар хотын Эко-Ази Байгаль орчны дээд сургуулийг Байгаль орчны хяналт, үнэлгээ мэргэжлээр бакалавр, 2015 онд Засагт хан дээд сургуулийг “төрийн удирдлагын магистр”, 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг “усны барилга байгууламжийн магистр”-аар төгссөн.

Төрийн албанд 27 жил үүнээс Байгаль орчны салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2001 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тус сав газрын захиргааг анх байгуулагдахад удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газрын захиргааны дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний А/83 дугаар тушаалаар Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газрын захиргааг татан буулгаж, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулж, захиргааны даргаар томилогдож 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хууль тогтоомжийн дагуу амжилттай ажиллаж байсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр “Г.Ж г албан тушаал бууруулах тухай” тушаал гарсан ба дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна. Тушаалын үндэслэл болж буй Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1. ”албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтүй биелүүлсэн” бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор заасан байна. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай тогтоолын 8-д “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

Миний бие энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлын байр  /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо холбогдох хууль тогтоомж, бүрэн эрхийнхээ хүрээнд хангалттай сайн биелүүлж, хэрэгжүүлж ирсэн төдийгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд буюу Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний хугацаандаа биелэлтээ хагас болон бүтэн жилээр дүгнүүлж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр 2016 оны эхний хагас жилд 93,2 /A/ буюу маш сайн үнэлгээтэй дүгнэгдсэн, энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нийт 21 сав газрын дундаас 4 дүгээр байрт орсон үзүүлэлттэй байсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь намайг 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин үр дүнгийн гэрээгээр дутагдалтай үнэлгээтэй дүгнэгдсэн учраас албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж албан тушаал бууруулсан нь миний эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж хууль бус захиргааны акт гаргасан.

Мөн түүнчлэн дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэсэн нь төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах тухай үндэслэл болсон агуулгатай бодит нөхцөл байдал нийцэхгүй байна. Учир нь аливаа захиргааны актыг гаргахдаа уг захиргааны актыг батлан гаргах болсон шалтгаан, үндэслэлээ тодорхой, ойлгомжтой заах нь захиргааны актад тавигдах үндсэн шаардлага бөгөөд Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, зохих ёсоор биелүүлээгүй гэх ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр тушаал гаргасан байна. Мөн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний талаар миний албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод тусгагдаагүй.

Мөн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын үүрэг гүйцэтгэгчээр төрийн албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус хүнийг томилж байгаа нь Төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны ажилд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож холбогдох бичилт хийлгэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр “Г.Ж г албан тушаал бууруулах тухай” тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй хэрэгжүүлсэн тул Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлж, албан тушаалыг нь бууруулсан. 

1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолт боловсруулах заавар”-ын 4-т “Ажлын байрны тодорхойлолт нь албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэрэг хүний нөөцийн удирдлагын зарим арга хэмжээ авах, нийгмийн баталгааг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд үндэслэл болно. а/ ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн боловсруулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан ... албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ. 

б/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан ёсоор Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно.”

2. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6-д “гэрээний биелэлтийг дүгнэхэд 6.2.3-т гэрээний биелэлтийн явцад хийсэн хяналт-шинжилгээний болон үр дүнд өгсөн үнэлгээний талаарх мэдээлэл орно. Г.Ж  нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд 66.0 оноо буюу D үнэлгээ авсан байна. 2016 оны эхний хагас жилд 93.2 оноо буюу А, 2016 оны жилийн эцсийн дүнгээр 67.2 оноо буюу D үнэлгээгээр дүгнэгдсэн байна. Журмын 6.4.4, 7.1-д “D” буюу “дутагдалтай” үнэлгээ авсан тул “албан тушаал бууруулах” арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч буюу Сайд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан.

3. Уг журмын 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ.” гэж заасан байтал Г.Ж  нь уг үнэлгээтэй холбоотой тайлбараа бичгээр гаргаагүй, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.

4. Журмын 8.2-т “гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн ...албан тушаал бууруулах ...-тай холбогдсон маргааныг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.” Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргааныг Төрийн албаны төв байгууллага шийдвэрлэнэ.” 39.4-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.” 39.7-д “төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана.” Г.Ж гийн гомдлыг тус яамны төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хэлэлцэн шийдвэр гаргаагүй. Энэ талаар Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Г.Ж  нь нэхэмжлэлдээ “албан тушаал бууруулсан цалингийн зөрүү, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, дэвтэрт бичилт хийлгэх” гэсэн энэ талаарх мөнгөн дүн, тооцоо хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын ажилд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, дэвтэрт бичилт хийлгэх” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Г.Ж  нь шүүхэд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Г.Ж гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Г.Ж г албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэн Баянхонгор аймгийн Номгон суманд орших Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын үүрэгт ажлаас чөлөөлж албан тушаал бууруулжээ. Хариуцагч нь маргаан бүхий шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүлийн 39.1-д “...дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25,26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан” гэж заасны дагуу Г.Ж  нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаал бууруулсан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч   Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 214 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар зөвлөлд гомдлыг холбогдох жууль тогтоомжийн дагуу судлан, зохих ёсоор шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Гэвч салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий яамны хэмжээнд ажиллах зохион байгуулалтын бүтцийн салбар нэгжийн хувьд зохих журмын дагуу гомдолд дурдагдсан асуудлыг судлан үзээгүй ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул Г.Ж  нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно. 

Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан Г.Ж  нь 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх илтгэх хуудсаар 93,2 буюу “А” үнэлгээтэй дүгнэгдэж байсан байна. Гэтэл 2016 оны дүнгээр хариуцагч нь Г.Ж гийн үйл  ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг 67,2 буюу “D” гэж дүгнэж улмаар уг дүгнэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг гаргажээ.

Иймээс шүүх ямар үндэслэл, шалтгаанаар 2016 оны эхний хагас жилд “маш сайн” үнэлэгдэж байсан Г.Ж гийн үйл ажиллагааны үр дүн хоёрдугаар хагас жилд “дутагдалтай” гэж  үнэлэгдсэн үйл баримтад дүгнэлт хийх шаардлага гарлаа.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заажээ. 

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн  Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар 1.1-д заасан “...хангалтгүй, биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Хуулийн зохицуулалт ёсоор төрийн албан хаагч албан үүргээ чанарын хувьд доголдуулж гүйцэтгэсэн тохиолдолд захиргаа нь түүний албан тушаалыг бууруулах эрхтэй боловч энэхүү шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой.

Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны дарга Г.Ж гийн 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх илтгэх хуудсаар хэрэгжүүлбэл зохих нийт 82 арга хэмжээнд 25,7 дундаж оноо, хэрэгжүүлбэл зохих 4 тусгай арга хэмжээнд 22,5 дундаж оноо, манлайллын зорилтын хүрээнд 19 дундаж оноо тус тус өгч нийт 67,2 оноогоор дутагдалтай буюу “D” үнэлгээ өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Бөөцагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хариуцагч нийт 67.2 оноо өгөхдөө ямар баримтад үндэслэсэн нь тодорхой биш байна. Зүй нь нэгжийн менежер буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтсээс нэхэмжлэгчийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хянан үзээд гаргасан дүгнэлт, саналыг үндэслэсэн байх ёстой.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын  6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж зохицуулснаар төрийн албан хаагчийн гэрээний үүргийн биелэлтийг тайлагнасан тайланг үнэлж байгаа удирдах албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулахаар байна. 

Хэдийгээр 2016 оны үр дүн, мэргэшлийн түвшин үр дүнгийн гэрээг дүгнэх тухай илтгэх хуудсанд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч Г.Ж гийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг арга хэмжээ тус бүрээр дүгнэхдээ хариуцагч мөн адил баталгаажуулах ёстой байтал баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмаар зохицуулсан харилцаанд нийцүүлэн захиргаа шийдвэр гаргах үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ” , 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий  тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ” гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч нэхэмжлэгчийг  ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан гэж үзэн  маргаан бүхий захиргааны актыг шууд гаргаснаар Г.Ж тай дүгнэлтийн талаар ярилцлага хийгээгүй, тайлбар аваагүй байх бөгөөд дахин үнэлгээ хийлгүүлэх эрхийг нь нэхэмжлэгчид эдлүүлээгүй байна.

Нэхэмжлэгч  Г.Ж г албан тушаал бууруулах сайдын тушаал 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.7 дахь хэсгүүдэд заасан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах, шүүхэд хандах эрх бий болсон бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг мэдэгдэх, үүнтэй холбогдуулан тайлбар авах нь захиргааны үүрэг юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Г.Ж  нь үнэлгээтэй холбоотой тайлбараа бичгээр гаргаагүй, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” гэх шүүхэд бичгээр гаргасан хариу талбарыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Усны сав газрын захиргаадын дарга нартай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хийсэн хяналт шалгалт-шинжилгээ, үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулсан байна. Харин Г.Ж  нь Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон үр дүнгийн гэрээг дүгнэх тухай илтгэх хуудсыг хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн болох нь нэхэмжлэгчийн гарын үсэг болон он, сар, өдрийн товъеогоор тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Г.Ж д ямар үнэлгээ өгсөн талаар мэдэгдээгүй бөгөөд тайлбар гаргуулаагүй гэх мэтгэлцээнийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон усны сав газрын захиргаадын дарга нартай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний танилцуулга ёсоор нийт 15 сав газрын үйл ажиллагааны дутагдлыг тус бүрээр нь нэрлэсэн бөгөөд Г.Ж гийн ажиллаж байсан Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны үйл ажиллагаанд ямар нэгэн дутагдал байгаа эсэх талаар танилцуулга хийгдээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг алдагдуулж,  журмаар зохицуулсан харилцааг зөрчиж, тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, чанарын хувьд үүрэгт ажлаа доголдуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр төрийн албан хаагчийн хийсэн ажлын үнэлгээг бууруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул Г.Ж гийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Ж гийн   нэг сарын үндсэн цалингийн зөрүүг 118,436 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгөөр тооцож 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.    

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 39.7 дахь хэсгүүдийг баримтлан Г.Ж гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ж г Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.Ж гийн нэг сарын үндсэн цалингийн зөрүүг 118,436 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгөөр тооцож 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ