Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 37

 

       С.Олзвой, Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал

       нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                           Г.Намуунзул

 Прокурор                                                Ч.Мөнхзул    

 Яллагдагч нарын өмгөөлөгч                 Д.Урансувд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээгийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр, С.Олзвой, Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал нарт холбогдох 201711000033 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 05 сарын 03-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны 06 сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2009 оны 07 сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2991 дугаартай тогтоолоор 1 жил 03 сар 08 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2011 оны 07 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 04 сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, ЖН78072574 регистрийн дугаартай, Адуучин овогт Сүхбаатарын Олзвой.

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 07 сарын 04-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж 2006 оны 06 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг өршөөн хасаж 2007 оны 08 сарын 01-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 54 дугаартай захирамжаар 7 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2010 оны 11 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 05 сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ЖБ86012671 регистрийн дугаартай, Хатагин овогт Төмөргарьдын Отгонбаатар.

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 сарын 31-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЙ86053178 регистрийн дугаартай, Шувуухай овогт Жодовын Эрдэнэ-Учрал.  С.Олзвой нь Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал нартай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг хэрэглэн хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ж.Эрдэнэ-Учрал нь С.Олзвой, Т.Отгонбаатар нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг хэрэглэн хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Т.Отгонбаатар нь С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг хэрэглэн хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Сүхбаатарын Олзвой, Хатагин овогт Төмөргарьдын Отгонбаатар, Шувуухай овогт Жодовын Эрдэнэ-Учрал нарт холбогдох эрүүгийн 201711000033 тоот хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Олзвой, Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал нарт урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, … Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар прокурор, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар прокурорт буцаасныг хүлээн авч хянавал:

1. Яллагдагч Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал С.Олзвой нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна. Мөн хохирогч Н.Мягмарсүрэнгийн 20 гаруй хонь, ямааг хотноос хулгайлаад машиныхаа дэргэд авчирч нядласнаар хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэний дараа хохирогчид хүч хэрэглэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь хулгайн гэмт хэргээс гадна аль тохирох зүйл ангиар давхар зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05 дугаар  сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолын 1.1-д “бусдын эд хөрөгийг хулгайлах” гэдгийг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно” гэж тодорхой тайлбарлажээ.

            Дээрх хэрэг, үйлдлийн хувьд яллагдагч нар нь тухайн орой хохирогч Н.Мягмарсүрэнгийн 20 гаруй тооны хонь ямааг хотноос нь хулгайлаад гэрийн ойролцоо байсан авто машины дэргэд авчраад Ж.Эрдэнэ-Учрал, С.Олзвой нар нь барьж өгч, Т.Отгонбаатар нь хонь, ямааны амийг таслаад машиндаа ачиж байх үед хохирогч Н.Мягмарсүрэн аавынхаа гэрээс өөрийн гэр  рүү явган явж, хонь, ямааг хулгайлж байх үед нь очиж, яллагдагч нар нь хулгайлсан хонь, ямаагаа өөрсдийн эзэмшилдээ авч үлдэхийн тулд хохирогчид хүч хэрэглэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, улмаар хулгайлсан малын хамт хохирогчийг авч явсан үйлдлийг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ дээрмийн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар Улсын Дээд шүүхийн дээрх 28 тоот тогтоолын 1.4-д “...бусдын эд хөрөнгийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч уг үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах, харин хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргээр тус тус зүйлчилнэ” гэж тодорхой, ойлгомжтойгоор заасныг удирдлага болгож хэргийн талаар дүгнэлт хийсэн болно.

Иймд шүүгчийн захирамжинд заасан тухайн зүйл ангиар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул прокуророос дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзэж тухайн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Хохирогч Н.Мягмарсүрэнг очих үед Т.Отгонбаатар жолооны ард С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал нар авто машины арын хэсэгт байж байгаад эхэлж С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал нар хохирогчийг ирэх үед машинаас бууж очин амыг нь дарж цээж хэсгээр барьж аваад нуруун тус газар нь гараараа цохиж Т.Отгонбаатарын дээлийн бүсээр гарыг нь хүлж авто машинд хийсэн талаар мэдүүлсэн байдаг. Мөн хэргийн газрын үзлэгээр дөрвөлжин хар өнгийн хуванцар хайрцгийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт хүргүүлсэн ба гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд өөр эд мөрийн баримт олдоогүй, мөн хохирогч Н.Мягмарсүрэн тухайн орой яллагдагч нарын царайг ч харж амжаагүй ба түүнийг гараар цохисон эд зүйлээр цохисон талаар хэлээгүй, харин нуруун тус газар нь цохисон гэж мэдүүлсэн байтал шүүгчийн захирамжинд “хохирогч Н.Мягмарсүрэнгийн нуруун тус газар нэг юмаар цохисон” гэж мэдүүлсэн байх тул хэн, юугаар цохисныг дахин шалгаж тодруулах шаардлагатай гэж хэт субъектив байдлаар хандсан нь ойлгомжгүй байна.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2,  80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн байтал Т.Отгонбаатар, С.Олзвой нар нь хулгайн гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн, мөн яллагдагч нарын үйлдэл тус бүрийг яллагдагч нэг бүрээр нь шалгаж тодруулах шаардлагатай гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар прокурорт буцаахаар заасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй бөгөөд яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөхгүйгээр, гэмт этгээдэд тохирох ял ногдуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй байна.

            Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэт субъектив байдлаар хандаж, шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтыг зөрчиж, шүүхээс шүүх хуралдааны явцад хэргийг тал бүрээс бүрэн бодитой үнэлж болохуйц байхад хэргийг хэлэлцэхгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу яллагдагч Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал С.Олзвой нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                                                      ШҮҮГЧИД                                        Б.СҮХГОМБО

                                                                                                               Ж.ДОЛГОРМАА