Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/303

 

 

 

 

 

 

 

 

2019        11          21                                               2019/ШЦТ/303

                                   

                                        

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-д холбогдох 1921006440319 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.С. /РД: .................../

 

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг, “Сайн Ус” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар Ц.С-н ард зорчиж явсан Д.А-н амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хүрэлбаатар, А, Баганаа бид дөрөв хөдөө явахаар манайхаас хөдөлсөн. Аймгийн төвөөс 10 гаруй км яваад зогсож хоол идэж, цай уусан. Тэгээд цааш 40 км яваад дахин хоол идэж, авч явсан архинаасаа уусан. Аймгийн төвөөс 100 гаруй км яваад А ахыг ардаа суулгасан. Тэгээд 3-4 км яваад бид хоёр осолдсон. Би доошоо буугаад манараад босож чадахгүй байсан. Хүрэлбаатар, Баганаа хоёр А ахыг замаас холдуулж юм түшүүлсэн. Тэгээд Хүрэлбаатар түргэн дуудахаар явсан...гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр А 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө хөдөө хадланд 2, 3 хоног яваад ирье гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хамт “Шүр” зах ороод ойр зуурын юмыг нь авч өгөөд захын баруун талын хаалган дээрээс хар машинд суугаад хөдөлсөн. ...Тэгээд орой 20 цаг 30 минутын үед Эрдэнээ гэдэг хүн над руу залгаад “бид таньд дугаар өгье, А  ах осолд орсон гэж байна, та энэ дугаар руу залга гээд” дугаар өгсөн. Тэгэхээр нь дугаар руу залгаад “юу болсон бэ, яасан бэ” гэж асуухад “бид хэд осолд орсон, осолд орсон газар маань сүлжээгүй газар би сүлжээтэй газар ирээд тань руу холбоо барьж байна, хамгийн ойр нь Матад сумын эмнэлэг байна, эмчтэй нь холбоо барьсан та энэ дугаарыг ав” гээд дугаар өгсөн. ...Орой 23 цаг өнгөрөөгөөд Цагдаагийн газраас залгаж “танай нөхөр А осолд орж нас барсан байна” гэж хэлсэн. ...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18 тал/

 

            Гэрч Т.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний танил болох С, А, Баганаа бид дөрөв өмнө нь хэдүүлээ хөдөө үндсэнд явах уу гэж ярилцаж байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний орой хоорондоо утсаар ярилцаад маргааш нь хаана уулзахаа тохирсон. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед Хэрлэн сумын 6 дугаар баг, “Шүр” зах дээр би А ахтай таарсан. ...Бид дөрөв 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн үед 2 мотоциклтой аймгийн төвөөс хөдөлсөн. Тэгээд нилээн явж байгаад аймгаас 10 км орчимд зогссон, тэндээ хоол идчихээд авч явсан архинаасаа нэг нэг татчихаад цааш хөдөлсөн. Харин би уугаагүй. Тэгээд аймгаас 40 км орчимд дахиж зогсоод тэндээ бид дөрөв юм өргөчихөөд тамхи татангаа 0,5 граммын “Ерөөл” архи гаргаж ирээд тэндээсээ А, С нар уусан харин Баганаа бид хоёр уугаагүй. Тэндээс хөдлөхөд А талийгаач миний мотоциклийн ард суугаад, Баганаа С-ын ард суугаад хөдөлсөн. ...Бид хоёр түрүүлж явсаар байгаад аймгаас 130 орчим км танкийн саад гэх газрыг өнгөрөөд зогссон. Тэндээ бид дөрөв тамхилаад авч явсан архинаасаа С, А хоёр нэг нэг татаад Баганаа миний мотоциклийн ард суугаад С-ын мотоциклийн ард А ах суугаад тэр хоёр түрүүлээд хөдөлсөн. Хөдлөөд 3, 4 км орчим яваад байхгүй байгаад толгой даваад гарч ирэхэд мотоцикл нь унасан байдалтай тэр хоёр харагдахгүй байсан. Тэгээд хажуугаар нь дөхөж очоод харахад ойчсон С доошоо хараад 4 хөллөсөн, А ах замын хажууд дээшээ харсан байдалтай цусандаа хахаад байсан. Тэгэхээр нь би хажуу тийшээ болгоод, Баганаад хэлж үлдээгээд мотоциклийг нь замаас гаргаад утасны сүлжээ байхгүй байсан болохоор айл руу утсаар ярих гээд үлдээгээд явсан...” гэжээ. /хх-ийн 19 тал/

           

            Гэрч С.Мөнхбагана мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үндсэнд явахдаа найз С-ыг мөн С-ын танил хүний хамтаар явахаар болсон тул манай гэрээс Хүрэлбаатар ах бид хоёр 10 цагийн орчимд гараад Хүрэлбаатарын дүүгийнх нь гэх улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклтой Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 5-22 тоотод байх Соронзонбалын гэрт нь очсон. ...А гэх ах цүнхнээсээ 0,75 граммын шилтэй архи гаргаж ирсэн ба тухайн архинаас нь С, А нар нэг нэг хундага архи уугаад тэгээд хөдөлцгөөсөн. Тэгээд бид нар тухайн газраасаа зүүн урагш 50 орчим км газар явж байгаад тамхилахаар болоод зогсоцгоосон. Бид нар тамхилж дуусаад С, А нар архинаасаа дахин нэг нэг хундагийг уугаад архиа цаашаа хийсэн. Тэндээсээ мөн зүүн урагш хөдлөөд 40 гаруй км газар яваад нэг даваан дээр зогсоход С нь А гэх хүнийг “та миний ард суух уу” гэхэд А гэх хүн “тэгье” гээд С-ын ард нь суусан ба би Хүрэлбаатар ахын ард суугаад бид доош уруудаад С, А нар нь Хүрэлбаатар бид хоёрын урд явж байсан ба даваанаас буугаад дахин нэг өгсүүр хэсгээр өгсөөд гарч ирэхэд С, А нар онхолдсон байдалтай байхаар нь Хүрэлбаатар ах бид хоёрыг очиход А гэх хүний хамар амнаас нь цус гарсан байхаар нь хажуу тийш нь харуулж хэвтүүлж...Хүрэлбаатар ах гар утасны сүлжээ барьдаг газар руу явж түргэн тусламж дуудахаар явсан. ...А нь осолд орсны дараа ухаангүй байдалтай байсан ба ам нь хөдлөөд байсан. Би тухайн үедээ толгойг нь түшээд байж байхад гэнэт хөдлөхөө болихоор нь зүрхний цохилтыг нь чагнаж үзэхэд цохилохгүй байхаар нь нас барсан гэж бодсон...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 129 тоот Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

1. Д.А-н цогцост баруун чамархай, баруун зулай, дагз ясны үйрч бяцарсан хугарал, баруун болон зүүн чамархай, суурь яс дайрсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн зүүн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хуйхны дотор гадаргын баруун зулай хэсэг, баруун чамархайн булчин, баруун зулай ясны гадна хальсны цус хуралт, баруун талын олон хавирганы хугарал, баруун уушгины гялтан доорхи цус хуралт, хуйханд баруун зулай хэсэг, баруун чихний дэлбэнгийн няцарсан шарх, зүүн зовхи, хамрын нуруу, баруун шанаа, баруун бугалганы зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлийн баруун чамарай, баруун зулай, дагз ясны үйрч бяцарсан хугарал, баруун болон зүүн чамархай, суурь яс дайрсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн зүүн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун талын олон хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цусанд 1.8 хувийн спиртийн зүйл илэрсэн нь согтолтын дунд зэргийн хэмжээ болно гэжээ. /хх-ийн 33-34 тал/

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 115 тоот дүгнэлтэд:

1. Д.А-н цогцосноос авсан цусанд 1.8 промилли спиртийн зүйл илэрч байна.

2. Цусанд 1.8 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэргийн хэмжээ болно гэжээ. /хх-ийн 37 тал/

 

- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 50 тоот дүгнэлтэд

1. Жолооч Ц.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.2.а-д Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зурагт тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

3,4. Хэрэг, ослын газарт очсон замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батбаатар нь Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна.

5. Жолооч Ц.С нь согтууруулах ундаа хэрэглэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзлээ гэжээ. /хх-ийн 45-46 тал/

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 тал/

            - Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11 тал/

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал /хх-ийн 12-13 тал/

            - Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16 тал/

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-31, 38-39 тал/

            - Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 48 тал/

            - Ц.С-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 53-54, 68 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг, “Сайн Ус” гэх газарт согтуурсан үедээ “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар Ц.С-ын ард зорчиж явсан Д.А-ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяа, гэрч Т.Хүрэлбаатар, С.Мөнхбагана, Б.Отгонтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эмчийн үзлэгийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 129 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 115 тоот дүгнэлтүүд, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 50 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ц.С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч Ц.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүгдэгч Ц.С-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.С-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.С-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ