Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 147

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Ц.Н,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ц-ийн Ня-д холбогдох 1928002790163 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суудаг,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Ц-ийн Н

Шүүгдэгч Ц.Н нь хамтран амьдрагч Л.Цийг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг, Мандах гэх газарт 2019 оны 07 дугаар сарын дундуур зодож цохьсон, мөн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Эрүүл мэндийн төвийн гадна зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Н-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Н: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй.

Хохирогч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой сумын Соёлын төвд болсон урлагийн тоглолт тараад сумын төвд байдаг гэрээрээ орчихоод сумын эмнэлгийн гадаа очиход 23 цаг болж байсан байх цагийг нь сайн санахгүй байна. Ня намайг хөлөөрөө нуруу, хөл рүү өшиглөсөн. Гараараа нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохьсон. Тухайн үед Б эгч эмнэлгээс гараад машин руугаа явж байсан. Анзаарч харсан эсэхийг мэдэхгүй. Би Ня-д зодуулсан талаараа тухайн үед өөр хүнд хэлээгүй. Надад Нягаас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал алга. Би шүүх хуралд орохгүй. /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Л.Ц гэх хүнийг хэзээ эмнэлэгт хэвтсэн өдрийг санахгүй байна. Хөхний үрэвсэлтэй гэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 09:00 цагт Жавзмаагаас ээлжийн сувилагчийн ажил хүлээж авахад Л.Ц шөнийн тариагаа хийлгэчихээд чөлөө аваад явсан ирээгүй байгаа гэж байсан. Тэгээд тэр өдөр 12 цагийн үед Л.Ц эмнэлэгт орж ирсэн. Би өглөөний тариагаа яагаад тасалчихваа гэсэн харин тийм ээ гэж байсан. Би өдрийн тариа хийх гээд өрөөнд нь очиход зүүн талын хацар нь хөх болсон байхаар нь юу болсон юм бэ? гэж асуухад Л.Ц ямааны эвэрт цохиулчихлаа гэж хэлж байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр жижүүрт гарсан юм. Тэр үед Л.Цийн хацар хөх болоогүй байсан. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Л.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 35 минутад хөхний буглаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлэг дээр ирээд Ц-ийн даралтыг үзэхэд зүүн хацар нь хөх болсон дээгүүр нь пудр түрхсэн сайн харахад хөх харагдаж байхаар нь яасан талаар асуухад урд шөнө нь эмнэлгийн жижүүр сувилагч Жавзмаа гэх хүнээс хүнс авна гээд чөлөө авч яваад ямааны эвэрт цохиулсан гэж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой тухайн өдөр сувилагчийн ээлжинд гарч байсан бага эмч Жавзмаагаас чөлөө аваад гарсан гэж байсан. Тэгээд ирэхдээ ямааны эвэрт цохиулсан гэж байсан. /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай дүү Л.Ц 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баяндалай сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхад нь эргэлт оруулж өгөхөд нүүр нь зүгээр байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө уулзах гээд очсон нүүр нь хөх болсон байхаар нь цагдаад хандсан. Хамт амьдарч байгаа Ня гэх хүн зодоод байдаг сураг гараад байдаг. Тэр хүн манай дүүг эргэж ирсэн сураг байсан. Тэр хүн л зодсон байх. Тухайн үед манай дүү хэлэхгүй нуугаад байсан. Би дүүгээсээ асуухад Няд зодуулсан гэж хэлж байсан. Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баяндалай сумын Төхөм багийн нутаг явж байгаад дүү Л.Ц-тэй таараад уулзахад зүүн талын нүд, нүүр нь хавдсан байхаар нь яасан юм гэж дүүгээсээ асуухад хэлээгүй. Хамт Ня нь явж байсан. Би цагдаад гомдол гаргаад дүүгээ гэртээ авч очсон. Тэгээд дүүгээсээ асуухад намайг эмнэлэгт байхад Ня эргэж ирээд хөдөө гэртээ авч очиж зодсон гэж хэлж байсан. Мөн удаа дараа зодоод байдаг байсан. Би яагаад ах нартаа хэлдэггүй юм бэ гэж асуусан. Ня ах нартаа хэлбэл ална гээд байдаг болохоор айгаад хэлдэггүй байсан юм гэж ярьж байсан. Л.Цийн хөхөн дээр нь юм гараад эмнэлэгт хэвтсэн. /хх-ийн 25-26-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Ц-ийн биед толгойн нүүрний хэсэг, ууцны зүүн тал, зүүн гарын сарвууны арын хэсэг, зүүн гуяны дотор хэсгийн арьс, арьсан доорхи зөөлөн эд нь битүү няцарсан гэмтэл учирсан байна. Л.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Л.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Л.Ц-ийн биед учирсан гэмтлүүд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36-р хуудас/

Шүүх сэтгэцийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: Шинжлүүлэгч Ц.Н нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Шинжлүүлэгч Ц.Н нь хэргийн талаар өөрийн сэтгэхүйн хэмжээнд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Ц.Н нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 40-42-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Өвчний түүх /хх-ийн 56-59-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52, 55, 61-67/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь хамтран амьдрагч Л.Ц-ийг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг, Мандах гэх газарт 2019 оны 07 дугаар сарын дундуур зодож цохьсон, мөн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Эрүүл мэндийн төвийн гадна зодож цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Ц-ийн биед толгойн нүүрний хэсэг, ууцны зүүн тал, зүүн гарын сарвууны арын хэсэг, зүүн гуяны дотор хэсгийн арьс, арьсан доорхи зөөлөн эд нь битүү няцарсан гэмтэл учирсан байна. Л.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Л.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Л.Ц-ийн биед учирсан гэмтлүүд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Л.Ц-тэй 2019 оны 04 дүгээр сараас хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Өмнөговь аймаг Баяндалай сумын Наран багийн Засаг даргын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн “Наран багийн харъяат малчин Л овогтой Ц нь КА76081202 регистрийн дугаартай ам бүл 3-уул амьдардаг. Л.Ц нь 2019 оноос Ц-маа овогтой Ня-тай хамтран амьдарч айлын мал түрээсээр маллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолтоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Л.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Ня-гаас салж байгаа болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. /хх-ийн 15-16-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Н-гийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг “...шүүгдэгч Ц.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг учир хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүгдэгч Ц.Н-д оногдуулах 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Учир нь айлын мал хөлсөөр малладаг, сар болгон 100.000 төгрөгийн цалин авдаг. Сарын цалингаараа тус торгуулийг төлөх хүсэлтэй байгаа учраас 5 сарын хугацаанд тус торгуулийн ялыг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт гаргасан ба шүүх шүүгдэгчийн энэхүү байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 100.000 төгрөгийн торгуулийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Ц-маа хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй .

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Ня-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 100.000 төгрөгийн торгуулийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Ц-маа хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА