| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0129/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/372 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нхолбогдох эрүүгийн 1838008740119 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Баатарын хяр гэх газраас хохирогч М.Б5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Нарангийн гол гэх газраас хохирогч Д.Б6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Баатарын хяр гэх газраас хохирогч М.Б5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.000.000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Нарангийн гол гэх газраас хохирогч Д.Б6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838008740119 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Бэлчиж явсан 30-40 тооны хар зүсмийн азаргатай бараан голдуу адуунаас 6 тооны адуу захдуу байхаар нь салгаж хөөгөөд гэрийн зүгт туусан. Тэгээд гэрийн хойд тал руу гаргаад өөрийнхөө адуунуудтай нийлүүлж байгаад алдчихсан...Би М.Бд 2018 онд хурдан азарганд 5 гүү тавъя гэж ярьж байсан. Тэгээд би хэлэлгүй авсан.... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тогтоол, прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,
Хохирогч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Адуугаа тоолж бүртгэхэд 6 тооны адуу алга байсан юм. Тэгээд адуу байсан газраар явж эрж хайхад олдоогүй. Тэгээд сураг сонсоход Мөрөнгийн гол гараад Хавчуу зоон дээр Шонхоо /Г.Н/ гээд 4 дүгээр багийн залуу тууж явсан талаар станцаар сураг сонсоод маргааш нь Шонхоо гээд залуугийнд очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрт байсан ээжид нь болсон явдлын талаар ярьж хэлэхэд ээж нь станцаар Шонхоо гээд залуугийн байгаа айл руу ярьж “хурдан гэртээ ир” гэж хэлүүлэхэд ирэхгүй байсан. Тэгээд би байгаа айлыг мэдээд ээжийнх нь хамт мотоциклиор очиход тэр айлаас Шонхоо гарч ирсэн. Тэгж уулзаад бид нар Шонхоог гэрт нь авчирч байгаад уулзсан. Тэгсэн Шонхоо “би танай адууг тууж гэрийнхээ гадаа авчирсан. Авчираад хашиж өөрийнхөө адуутай нийлүүлээд гэрийнхээ хойшоо гаргасан. Адуугаа гаргаад маргааш нь адуундаа үзэхэд танайхаас авчирсан 6 тооны, мөн цэргийн ангийн 5 тооны адуу манай адуунаас алга болсон байсан ” гэж хэлсэн...Хулгайд алдсан адууныхаа орыг авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-24-р хуудас/,
Хохирогч М.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шонхоо гээд 4-р багийн залуу мотоцикльтой орж ирээд нөгөө хэдэн алдсан адуунуудыг маань туугаад явлаа гэсэн мэдээллийг авсан. Мэдээлэл авсан даруйд хэсгийн төлөөлөгчид ирж мэдэгдэж, хамт хөдөө Шонхоо/ Г.Н/ гээд залуугийнх руу явах гээд машин хайж байхад Шонхоо гээд залуу сумын төвд надтай гагнуурын тэнд таараад намайг хараад шууд мотоцикльтой зугтаасан...Сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар залгаж танай адуунуудыг Г.Н гээд энэ залуу хулгайлж авснаа хүлээсэн. Намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би цагдаа дээр ирээд Г.Нтай уулзахад би танай адууг адуунаас тасалж аваад хөөсөн гэдгээ хэлсэн...Алдсан адуунуудаа тоо ёсоор нь олж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-82-р хуудас/,
Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.Нын ээж нь байгаа юм. Тухайн болсон хэргийн нь талаар мэдэхгүй... Шонхоо тууж очсон адуугаа өөрийнхөө адуутай гэрийнхээ хойшоо нийлүүлээд гаргасан гэсэн. Түүнээс хойш олдохоо байсан...Д.Бхохирлыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө адуунаас 5 тооны адууг зүслэж өгч, мөн нэг адууных нь мөнгийг бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,
Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай сумын 1 дүгээр багийн Д.Б ахын бэр Нэргүй гээд эгч манай гэрийн утас руу залгаж танай наагуур чинь бараан зүсмийн 6 тооны адуу харагдав уу гэж асууж байсан. Би тэр утсаар ярихын өмнөх өдөр нь адуундаа явж байхад Хавчуугийн зоон дээр 6 тооны адуу байсан. Нэргүй эгчийн асуусан 6 тооны бараан адуу мөн байх шиг байсан юм. Тэрийг нь утсаар тэнд тийм адуунууд байсан гэж хэлэхэд за, за гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын эхээр байхаа, нэг өглөө голын цаана, Баатарын зоо Нуртаас 6 тооны байдсан үрээнүүд гэмээр бага насны адуунууд гол руу орж иртэл манай 3 тооны адуутай нийлж 1-2 хоносон байх. Тэгсэн нэг өлөө босож ирээд харахад нэг мотоцикльтой хүн буцаагаад туугаад өгссөн байсан. Эзэн нь ирээд аваад явж байгаа юм байна гэж тухайн үедээ бодсон. Тэгсэн дараа нь сонсож байхад Баттулгын аав Мөнхбат гэдэг хүнээс Баттулгын адуунаас 5 тооны адуу алдсан. Тэрийг маань манай сумын 4 дүгээр багийн Шонхоо гэж залуу хулгайлж авсан талаар нь анх мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед Баатарын Зоо хавиар адуу явж байсан байх. Зооны эхэнд байдаг Мөнх гээд ахын өвөлжөөн дээр очоод алдсан адуугаа сурахад тэнд хөрзөнгөө аваад байж байсан Чулуунбаатар гээд ах энэ Шонхоо Баатарын Зоо руу оруулчихаагүй байгаа, байнга л явж харагдаад байгаа юм гэж хэлэхээр нь би Зоог уруудаад явж байхад Шонхоотой таарсан. Таараад чи юу хийж яваа юм гэсэн чинь чонын мөр харж явна гэж байсан. Г.Н тухайн үед хүрэн морьтой явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан / хх-ийн 46, 51-р хуудас/,
Хохирогч М.Б, Д.Б нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 109-110-р хуудас/,
Шүүгдэгч Г.Нын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 60-61, 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838008740119 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Баатарын хяр гэх газраас хохирогч М.Б5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.000.000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Нарангийн гол гэх газраас хохирогч Д.Б6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тогтоол, прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,
Хохирогч Д.Б/хх-ийн 18-24-р хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны боло шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Б/хх-ийн 78-82-р хуудас/, гэрч Д.Н-гийн /хх-ийн 34-36-р хуудас/, гэрч Ц.Д-ийн /хх-ийн 39-40-р хуудас/, гэрч Б.Д-ийн /хх-ийн 41-42-р хуудас/, гэрч Д.О-ын /хх-ийн 93-94-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлсэн тайлан / хх-ийн 46, 51-р хуудас/,
Хохирогч М.Б, Д.Б нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 109-110-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.Н ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Н нь хохирогч Д.Б6 тооны адууг хулгайлж 2.850.000 төгрөгний хохирол, хохирогч М.Б5 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.Б, М.Б нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838008740119 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Нын эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 ширхэг морийг хууль ёсны өмчлөгч Г.Над буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 219 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Над оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын цагдан хоригдсон 219 /хоёр зуун арван ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838008740119 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн Г.Нын эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 ширхэг морийг хууль ёсны өмчлөгч Г.Над буцаан олгосугай.
6. Эрүүгийн 1838008740119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР