Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1896

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 184/ШШ2016/00761 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

 

            Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                    ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                           ХХХХ

Хариуцагч ХХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч   ХХХХ

Хариуцагч                                                                      ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХХХ миний бие ХХХХ-тай 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан. 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр миний танил ХХХХ нь өөрийн найз ХХХХ, ХХХХ нарын хамт ирж яаралтай мөнгөний хэрэг болоод байна, Солонгосоос хөрөнгө оруулахтай холбоотой 2 сарын хугацаатай 30 000 000 төгрөг олоод өгөөч. Чи танил эгч ХХХХ-аас аваад өгөөч гэсэн. Би ХХХХыг мөнгөө төлнө гэж итгэсэн учраас ХХХХ эгчтэй утсаар яриад тэр гурвыг уулзуулж мөнгө авахаар болсон.  ХХХХ эгч би чамтай гэрээ хийнэ, энэ хүмүүсийг чинь сайн танихгүй гэсэн. ХХХХ, ХХХХ, ХХХХ нар ах нар нь найдвартай буцаагаад өгнө чи гэрээ хийгээд аваад өгчихөө гэсэн ингээд гэрээ хийж 30 000 000 төгрөгийг ХХХХ миний данс руу шилжүүлсэн. Би тэр дор нь ХХХХын 102800125041 тоот дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлж ХХХХ хүлээн авсан байдаг. Тохирсон хугацаандаа ХХХХ мөнгөө төлөөгүй, 1 жил өнгөрсний дараа ХХХХ, ХХХХ, ХХХХ нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн боловч хэрэг үүсгээгүй. Цагдаа, шүүхэд ХХХХ, ХХХХ нар нь энэ мөнгийг ХХХХ аваагүй бид авсан, бид төлнө гэж мэдүүлж байсан. Мөн зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавина гэж байснаа ХХХХ-ын "Кадиллак" маркийн автомашиныг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрөө машинаа худалдаж байж өгнө гээд 2 сарын дараа машинаа барьцаанаас авсан. Гэвч уг зээлээ төлөөгүй хугацаа нь хэтэрсэн тул  ХХХХ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан ХХХХ бид хоёрыг хариуцагчаар татсан. Шүүхээс 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 4248 дугаар шийдвэрээр миний бие зээлийн гэрээний гүйцэтгэлд 25 200 000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Уг 30 000 000 төгрөгийг ХХХХ шилжүүлж авч хэрэглэсэн, би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, хэрэглээгүй, тухайн үедээ ХХХХ-д тус болж байна гээд явж байсан. ХХХХ нь мөнгө зээлэх үедээ хүүтэй, алдангитай гэрээний нөхцөлийг мэдсээр байж авсан мөнгөө төлөлгүй 4 жил болж байна. Үүний улмаас л зээлийн өрөнд орж эд материал, сэтгэл санааны хохирол учраад байна. ХХХХ нь өөрийн найз ХХХХд 30 000 000 төгрөгийг өгсөн хэмээн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандаж 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 256 тоот шүүгчийн захирамжаар эвлэрсэн шийдвэр гарсан байна. Иймд ХХХХ нь уг зээлийн 30 000 000 төгрөгийг бүхэлд нь авч хэрэглэсэн болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3-т зааснаар надад учирсан хохирол болох 25 200 000 ХХХХаас гаргуулж өгнө үү. ХХХХ гийн миний данс руу шилжүүлсэн мөнгийг намайг ХХХХ, ХХХХ, ХХХХ нарт өгч байгааг мэдэж байсан. ХХХХ , ХХХХ, ХХХХ, ХХХХ нарын хооронд гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд 2 өрөө байр, автомашин зэрэг өгөх зүйл байгаа. Шүүхийн шийдвэрээр миний бүх зүйлийг битүүмжилсэн байгаа. Битүүмжилснээр цалингаа ч авч чадахгүй явж байна. Би маргаан бүхий зээлнээс нэг ч төгрөг хэрэглээгүй, аваагүй. ХХХХ нь тухайн үедээ хүү, торгууль бүх зүйлийг хүлээн зөвшөөрч мөнгийг авсан. Надад учирсан хохирлыг гаргуулахыг хүсэж байна. Энэ асуудлаас болж би болохоос болохгүйг хүртэл нь явж байна. Бодит байдал дээр би хохирсон хүн. Миний хохирлыг гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв. Шүүхийн шийдвэрээс үүдээд ХХХХ нь 50 400 000 төгрөгийн ашиг авч байгаа учраас шударга бус байна. Тэр мөнгөнөөс одоо ч гэсэн ашиг хүртэж байна. Өөрөө 26 000 000 төгрөг төлчхөөд, ахиад ХХХХас 30 000 000 төгрөг авч байгаа учраас шударга бус байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний танил ХХХХ 2012 оны намар мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлэх хүн байна уу гэж надад хандсан. Тухайн үед би хувиараа мөнгө зээлдэг ХХХХ гэдэг хүний танил ХХХХаар дамжуулан ХХХХ-ыг ХХХХ-тай холбож өгсөн юм. Гэтэл ХХХХ танихгүй хүнд мөнгө зээлдүүлэхгүй гээд зээлийн гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ХХХХтай байгуулан ХХХХ мөнгийг авч ХХХХд дамжуулан өгөхөөр тохиролцсон байсан. Ингээд энэ өдөр ХХХХ ХХХХд 30 000 000 төгрөг зээлүүлсэн гэрээ байгуулан мөнгийг ХХХХ руу шилжүүлсэн байсан. ХХХХ Хадгаламж банкны данс байхгүй учраас миний Хадгаламж банкны дансаар дамжуулан мөнгийг авъя гэхээр нь би зөвшөөрч зээл олгосны шимтгэлээ суутгасан гээд тухайн үед ХХХХаас миний дансанд 29 850 000 төгрөг шилжүүлсэн байсныг би авч энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авалгүйгээр бүгдийг нь ХХХХд өгсөн. ХХХХ зээлийн барьцаанд өөрийн “Кадиллак” маркийн автомашинаа тавьсан гэж байсан. Мөнгийг би аваагүй болохоор ХХХХ-ыг зээлээ эргүүлэн төлөөд ХХХХ , ХХХХ нартай учраа олсон байх гэж бодож явтал 2014 оны зун ХХХХ , ХХХХ бид хоёрыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шийдвэрээр ХХХХ бид хоёроос 50 400 000 төгрөг гаргуулан ХХХХ д олгох шийдвэр гарсан. Миний хувьд ХХХХ гаас ХХХХд зээлийн гэрээ байгуулан өгсөн мөнгөнөөс нэг төгрөг ч хувьдаа авч хэрэглээгүй, ХХХХ-ын өмнөөс ХХХХ д мөнгө төлөх болчихоод байсан учир ХХХХас 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргахад ХХХХ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийгхэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрээр өөрт нь ногдох хэсэг болох 26 795 000 төгрөгийг ХХХХ д төлж барагдуулсан. Миний бие эхнээсээ ХХХХ гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд оролцоогүй, мөнгөнөөс өөртөө аваагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар өөрт ногдох төлбөрөө ХХХХ д төлж барагдуулчхаад байхад ХХХХ Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасныг баримтлан надаас 25 200 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг гайхаж байна. Миний хувьд ХХХХтай ямар нэг гэрээ хэлцэл хийн энэ хүний өмнө үүрэг хүлээгээгүй, зөвхөн өөрийн дансаар мөнгийг дамжуулан ХХХХд дамжуулан өгсөн үйлдэл нь хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй гэж ойлгож байна. Нөгөө талаас энэ асуудлыг шийдсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1062 дугаартай магадлал, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа ХХХХ, ХХХХ нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Ийм учраас шаардлага гаргах эрх үүсээгүй байхад ХХХХ-ыг хамтран хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ХХХХ гэж хүн мэдээж эрх зүйн бүрэн чадвартай, хэнтэй ямар гэрээ байгуулснаа мэдэх чадвартай. ХХХХ гэж хүнтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр учраас дурдсан шүүхийн шийдвэр, магадлал бүгд гарсан. Үүнийг өөрөөсөө түлхээд хохирол учирсан гэж яриад байгаа нь үндэсгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авах татгалзах үндэслэл байгаа. ХХХХ-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг хэн төлөх вэ гэдгийг шүүх шийдсэн. Хохирол учирчихаад байна гэж байна. Хэрэгтэй танилцахад ийм хохирол учирсан гэсэн баримт байхгүй, ямар хохирол учирчхаад байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрээр төлбөрийн талыг нь хариуцуулсан байх боловч энэ хүн төлөөгүй байгаа, төлсөн баримт харагдахгүй байгаад байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт ХХХХ хохирсон. Нотлох шаардлагагүй гэж үзэж байна гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн журмаар нийтэд илэрхий болсон үйл баримтыг л хохирсон гэж үзнэ. Хохирсон баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчээс энэ талаар баримт ирүүлээгүй байгаа. Яг ямар хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байгаа. Нөгөө талаас ХХХХ гэж хүнээс ХХХХ 5 000 000 төгрөг хувиараа зээлсэн гэдэг. Одоогийн байдлаар өгөөд байгаа мөнгөн дүн нь өөрийнхөө урьд зээлсэн 5 000 000 төгрөгийг барагдуулах хэмжээнд байна уу үгүй юу гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Яг хохирсон баримт байхгүй байна. ХХХХын хувьд яалт ч үгүй Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Нэгэнт өөрөө шийдсэн өөрөө шүүхийн шийдвэрээр төлөөд барагдуулаад асуудал шийдэгдсэн. ХХХХ-ыг хамтран хариуцагчаар татсан. Татсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд хэнд хохирол учраад байгаа юм бэ гэдэг ямар ч баримт байхгүй. ХХХХд учраад байгаа юм уу, ХХХХ гэдэг хүнд учраад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ үндэслэлээр ХХХХ гэж хүнээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад 2012 оны намар мөнгө хэрэг болоод өөрийн танил ХХХХад хандахад ХХХХ хувиараа мөнгө зээлдэг ХХХХ гэдэг хүнээс 29 850 000 төгрөг зээлж өгсөн юм. Би зээлийн барьцаанд өөрийн "Кадиллак" маркийн авто машиныг барьцаалуулсан. ХХХХ надаас барьцаанд авсан машины урд салхин шилийг нь хагалан эргэн тойронд нь зураас гарган сэвтүүлсэн байсан. Миний "Кадиллак" машин бол ховор, үнэтэй, эртний машин байсан. Миний машины түлхүүрийг ХХХХ алга болгочхоод машиныг хөдөлгөх боломжгүй болгосон байсан. Миний хувьд тухайн үед мөнгөний боломж муутай байсан, дээр нь миний үнэтэй машины салхин шилийг хагалж, сэв суулгасан болохоор мөнгийг ХХХХ д буцаан өгөөгүй. ХХХХ 2014 оны зун зээлүүлсэн мөнгөө буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 50 400 000 төгрөг ХХХХ, ХХХХ нараас гаргуулахаар шүүх эцэслэн шийдвэрлэсний дагуу ХХХХ өөрт холбогдох хэсгээ миний мэдэхээр төлж барагдуулсан. Миний хувьд ХХХХ гэдэг хүнтэй хэлцэл хийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй, ХХХХ бид хоёрын хооронд ямар нэг зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад намайг хариуцагчаар татан шүүхэд хандаж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн энэ асуудлыг эцэслэн шийдсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 09-р сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1062 дугаартай магадлал, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал болох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. Би ХХХХд ямар ч мөнгө төлөх эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байгаа. Би авсан хүндээ мөнгөө төлөөд явж байгаа. Төлөлтийг яагаад удаагаад байна гэхээр шүүх, цагдаа, прокурор гэж хугацааны хувьд зөндөө удсан. Би шүүх хуралдаан болгон дээр нь дандаа очиж байгаа. Тэгэхээр миний зүгээс нэгэнт мөнгө авсан хүндээ мөнгөө төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр тэгж гарсан учраас мөнгөө төлөөд явж байгаа. Ийм учраас ХХХХд мөнгө төлөх үндэс байхгүй байх гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: . Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ын хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээс харах юм бол анх ХХХХ нь 2012 оны намар ХХХХад хандан мөнгө зээлэх хүн байна уу гэж хандсаны дагуу ХХХХ өөрийн танил ХХХХтай ХХХХ-ыг уулзуулж ХХХХ өөрт 30 000 000 төгрөг хэрэг болж байгаа зээлэх боломж байгаа талаараа санал гарган өөрийн өмчлөлийн “Кадиллак” маркийн машиныг барьцаанд тавихаар санал гаргасан байдаг. Дээрх саналыг ХХХХ өөрийн танил ХХХХ д уламжлан улмаар ХХХХ, ХХХХ нар ХХХХ тай уулзан харилцан тохирч 30 000 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хоёр сарын хугацаагаар зээлж авахаар харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулан мөн өдөртөө ХХХХ өөрийн данснаас ХХХХ-ын банк дахь дансанд мөнгө шилжүүлснийг тэр өдөртөө ХХХХ ХХХХын дансанд 29 850 000 төгрөг шилжүүлэн хүлээлгэн өгсөн байдаг. Гэрээний дагуу зээлсэн мөнгийг эргүүлэн өгөх хугацаа буюу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ХХХХ ХХХХаас шилжүүлсэн мөнгөө өгөхийг шаардахад ХХХХ ХХХХ, ХХХХ нараас зээлийн хугацаа дуусан тул зээлээ хүүгийн хамт өгөхийг шаардсан байдаг. Энэ хугацаанд ХХХХ зээлийн хугацаа дууссан зээлийг эргүүлэн төлөх хугацаа дууссан байхад зээлээ өгөхгүй итгэл эвдсэн тул зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж шаардсаны дагуу ХХХХ миний бие ХХХХ тай 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хэлцэлийг бичгэн хэлбэрт оруулан 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Зээлээ эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн тул зээлээ төлөхийг шаардахад ХХХХ “...одоогоор төлөх мөнгө алга байна тийм учраас барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн “Кадиллак” маркийн машинаа зараад зээлээ төлмөөр байна...” гээд машинаа аваад явсан.Гэвч уг зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн тул ХХХХ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс хариуцагч ХХХХ, ХХХХ нараас 50 000 000 төгрөгийг гаргуулж ХХХХ д олгохоор шийдвэрлэсэн. ХХХХ нь анх надаас мөнгө зээлж авахдаа ХХХХ гаас хүүтэй мөнгө зээлж авч өгч байгаа гэдгийг мэдэж байсан тухайн үед 30 000 000 төгрөгийг хүүтэй нь хамт би төлнө гэж хэлж надаас зээлж авсан. Харин өнөөдөр болохоор би дээрх мөнгийг хариуцахгүй гэж маргадаг бөгөөд миний хувьд хэдийгээр бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч ХХХХ, ХХХХ хоёр тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгэж зээлээ төлсөн бол надад өнөөдөр шүүхийн шийдвэрээр ийм хохирол учрахгүй байсан. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчээс нийт хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг өөрт учирсан хохиролд тооцож шаардаж эрхтэйн дагуу үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрсэн 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс буюу зээлээ төлөх үүргээ зөрчсөн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хүү тооцож шаардсан болно. Иймд миний үндсэн зээл болон үүрэг гүйцэтгээгүйгээс үүссэн хүү болох нийт 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 184/ШШ2016/00761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан 25 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн ХХХХ нэхэмжлэгч ХХХХ нарын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 30 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь дээрх зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгийг хариуцагч ХХХХын дансанд шилжүүлсэн, ХХХХ нь цаашид ХХХХ-ын дансанд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ХХХХ, ХХХХ нараас 50 400 000 төгрөгийг гаргуулан ХХХХ д олгохоор шийдвэрлэсэн, мөн шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 256 дугаар шүүгчийн захирамжаар ХХХХын ХХХХд холбогдуулан гарсан 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ХХХХ нь 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталжээ. /хэргийн 8-10, 36 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, бусдад үндэслэлгүйгээр эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой харилцаа үүссэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нараас мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой учирсан хохирол эсхүл, хуульд заасны дагуу төлбөл зохих тохирсон хүү нэхэмжилж байгаа эсэхийг тодруулаагүй атлаа бусдад үндэслэлгүйгээр эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан.

 

Хэрвээ нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч нараас гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүйтэй холбоотой хүү шаардаж байгаа тохиолдолд шаардаж байгаа хүүгийн хэмжээ нь тухайн мөнгөн дүнд тохирч байгаа эсэх, хохирол шаардаж байгаа тохиолдолд бодитой ямар хохирол учирсан гэдэг нөхцөл байдлыг шүүх зайлшгүй тодруулах шаардлагатай болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосноор талуудын хоорондын маргааны үйл баримтад хамаарах хууль хэрэглээний хувьд зөв үнэлэлт дүгнэлт өгөх, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй“ гэж зааснаар нотлох үүргээ зөв хэрэгжүүлэхэд нь ач холбогдолтой юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний талаар тайлбар өгөх, талуудын маргаан үндэслэлтэй эсэх асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 184/ШШ2016/00761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ-ын төлсөн 307 850 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО