Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00543

 

УБТЗ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02687 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02567 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: УБТЗ

          Хариуцагч: Б.Над холбогдох

          Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

         Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч А.Ц, хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар төмөр зам /УБТЗ/нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн, албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг. УБТЗ албан тушаалын орон сууц ашиглах ТК00215 тоот эрхийн бичгийг үндэслэн  хөлсөөр ашиглуулах гэрээний үндсэн дээр Б.Н УБТЗ-н Тээвэрлэлт удирдлагын төвийн Захиран зохицуулах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83-р байр, 29 тоот 1 өрөө сууцыг ашиглаж байсан. УБТЗ-н албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээний 2.1.1-д “УБТЗ албан тушаалын орон сууц ашиглах журам, УБТЗ-ын орон сууцны дүрмийг мөрдөж, тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэн өгөх”-өөр талууд харилцан тохиролцсон. Б.Н УБТЗ Тээвэрлэлт удирдлагын төвийн Захиран зохицуулах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015-09-04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Албан тушаалын орон сууцны зориулалтаар ашиглуулж байгаа орон сууцыг, 2.12-т “Албан тушаалын орон сууцанд амьдарч байсан ажилтан энэ журмын 2.9-д зааснаас бусад үндэслэлээр буюу захиргааны эсхүл ажилтны  санаачилгаар  хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд  орон сууцыг  гэрээний дагуу 1 сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй. Тээвэрлэлт удирдлагын төвийн даргын 2015-10- 26-ны өдрийн 3/242 албан бичгээр Орон сууцны төв комисст мэдэгдсэний дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Орон сууцны төв комиссын 2015-12-17-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Б.Н өөр ажил, албан тушаалд шилжсэн учир  2007-07-10-ны өдөр ОСТК-оос Б.Над олгосон ТК00007 дугаартай эрхийн бичгийг хүчингүй болгосон.  Журмын дагуу орон сууцыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэхээр, шинээр томилогдсон Х.Мөнхбатад Захиран хуваарилах хэлтсийн диспетчерийн албан тушаалын сууцыг ашиглах эрхийг  олгохоор шийдвэрлэсэн. Орон сууцны төв комиссын шийдвэрийн дагуу Б.Н 2016-01-19-ний өдрийн 27 тоот “Албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай” мэдэгдлийг хүргүүлсэн ба Б.Н нь дээрх мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан боловч одоо хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Иймд Б.Нын ашиглаж байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Төмөр замын 83 дугаар байрны, 29 тоот  орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: 1991 онд УБТЗ-ын техникумийг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөж, 1991-1993 онд “Салхит өртөө”-нд өртөөний жижүүр /ДСП/, 1993-2005 онд “Замын-Үүд” өртөөнд өртөөний жижүүр /ДСП/, хөдөлгөөний техникчээр /ДСЗт/, 2005-01-15-нд УБТЗ-ын даргын тушаалаар Тээвэр зохион байгуулалтын албаны захиран хувиарлах хэлтэст галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчаар /ДНЦ/ томилогдон ирсэн. Томилогдон ирсэн цагаас өөрийн гэсэн тогтсон орон сууцгүй, түрээсийн байранд амьдарч байх хугацаандаа УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргад хандсан. 2007-02-13-ны ТЗБ-ын албаны даргын удирдан хийсэн хурлын шийдвэрээр 83-р байрны 29 тоот орон сууцыг олгохоор болж, 2007-07-10-ны ТК00215 тоот эрхийн бичгийг олгосон.  83-р байрны 88 оршин суугчийн байр 2006 онд ашиглалтанд орж 2007 онд хувьчлагдах асуудал яригдахад 78 оршин суугчийн орон сууцыг эзэмшигчдэд үнэ төлбөргүйгээр хувьчилж, галт тэрэгний зохицуулагчийн гэх 10 байрыг хувьчлахгүй үлдээсэн. Миний бие 2005 оны 1 дүгээр сараас 2015 он хүртэл 10 жил галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой төмөр замын гол амин судас болох хуучнаар ТЗБ албаны Захиран хувиарлах хэлтэст 6 жил галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчаар /ДНЦ/, 4 жил галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байгаад 2014-07-14-нд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр хөдөлгөөний бус ажилд тэнцэнэ гэсэн эмнэлгийн комиссын дүгнэлт гарсан. 2016-01-19-ний өдрийн УБТЗ-ын Орон сууцны төв комиссын даргын 27 тоот албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016-03-01-нд хүлээн авсан. 2016-03-24-ний өдөр Орон сууцны төв комиссын даргад хандсан боловч миний үгийг сонсоогүй, өргөдлийг хүлээн аваагүй. Иймд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад өргөдөл гаргасны дагуу 2016-03-29-нд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 71 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг УБТЗ-ын дарга, Улаанбаатар төмөр замын ХНН-ын Ерөнхий хорооны орлогч дарга, гишүү, Замын эдийн засаг, Санхүү эрхэлсэн орлогч дарга бөгөөд СНББ-ийн албаны дарга Усольцева С.Я, Хууль зүйн албаны дарга Яковенка Е.Р нарт хүргүүлсэн. Мөн тухайн өдрийн 21.30 минутанд телевизийн “ETV” сувгийн “Тод мэдээ”-р дээрх асуудлаар Монголын төмөр замчдын ҮЭ-н холбооны дарга мэдэгдэл хийсэн.  Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 83 дугаар байрны 9 айлын орон сууцыг хувьчлах асуудал 2016-02-19-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын протоколд тусгагдсан ба миний амьдарч буй 1 орон сууцыг үлдээсэн билээ. ДГ-ийн гэх 10 байранд 7 ажилтан нь ДНЦ, ДГП нар амьдарч байгаад хувьчилж авсан. Одоо эрүүл мэндийн хувьд тухайн галт тэрэгний зохицуулагчийн ажилд тэнцэхгүй болж, өөр ажил гүйцэтгэх болсноор орон сууцгүй болгож чөлөөлүүлэхийг үндэслэлгүй, хууль бус асуудал ба Үндсэн хуульд заасан ард иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа явдал гэж үзэж байна. Иймд миний бие нь 1996-10-25-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” хуулийн 7.1, 6.1, 6.4, 9.1., Үндсэн хуулийн 14.1 дэх заалтууд тус тус зөрчигдөж байна үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02687 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг Б.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Наас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02567 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг чөлөөлөхийг  Б.Над даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан, хариуцагчийн өмгөөлөгч өвчтэй байсан, хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргаагүй байхад хуралдааныг явуулсан нь Б.Нын Үндсэн хууль бусад хуульд заасан эрхийг зөрчсөн.Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлыг авч хэлэлцээгүй. УБТЗУБТЗ-ын даргын 2012-03-06-ны өдрийн А/38 тоот тушаалыг Б.Над танилцуулж байгаагүй тул  хөнгөн ажлын акт гарсан үед өөрийн хүсэлтээр ажлаа өөрчлөн албан тушаалын байр эзэмших эрхгүй, ажилд томилогдсон эрх ашиг нь хохирч байна.  Тушаалыг ажилтанд танилцуулагүйгээс хортой үр дагавар гарсан. Орон сууцыг Х.Мөнхбат, Б.Н нарын хэнд хувьчлах шийдвэр гарсан нь эргэлзээтэй байтал Б.Нын регистр бичигдсэн нь техникийн алдаа гэж шүүх дүгнэж, шийдвэрлэж байгаа нь нэг талыг барьсан. А/38 тоот тушаалыг үндэслэн Б.Наас байрыг буцаан шаардаж байх боловч УБТЗ-ын олон ажилтанд уг тушаалын заалт үйлчлэхгүй, ахин дахин орон сууц хувьчилж үнэгүйгээр авч байсан олон баримт байгаа. Хүнийг хүйсээр ялгаварласан зөрчил болж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УБТЗ-ын удирдлагууд маргаж буй орон сууцыг Б.Над балансын үлдэгдэл өртгөөр хувьчлахыг зөвшөөрсөн шийдвэрүүд гаргасан боловч УБТЗ-ыг төлөөлж буй этгээд удирдлагын шийдвэрийг үл тоомсорлож байгаа нь итгэмжлэл олгосон байгууллагын эрх ашгийг хамгаалж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд  шийдвэр, магадлалыг  хүчингүй болгож, хэргийг  анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр зам 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг Б.Нын  эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан заалтыг хэвээр үлдээсэн байна. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр зам нь  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад гэрээний үндсэн дээр ашиглуулдаг ба маргааны зүйл нь албаны орон сууц болох нь тогтоогдсон байв.

      Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-н 1.3.1-д “УБТЗ-ын албан тушаалын орон сууц” гэдэгт УБТЗ хөрөнгөөр буй болсон тус нийгэмлэгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй тухайн ажилтанд албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан Төв комиссын шийдвэрийг үндэслэн, албан тушаалын орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсны үндсэн дээр албан тушаалын орон сууцны зориулалтаар ашиглуулж байгаа орон сууцыг, 2.12-т “Албан тушаалын орон сууцанд амьдарч байсан ажилтан энэ журмын 2.9-д зааснаас бусад үндэслэлээр буюу захиргааны санаачилгаар болон өөрийн хүсэлтээр УБТЗ-ын байгууллага, салбар нэгжтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дуусгавар болгон ажлаас халагдсан тохиолдолд албан тушаалын орон сууцыг хөлслөн ашиглах гэрээний дагуу 1 сарын дотор уг орон сууцыг үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй”, 2.13-т “Албан тушаалын орон сууц ашиглаж байсан албан тушаалтан ажлаас өөрчлөгдсөн, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дараагийн ажилтныг томилсон тухай бүр энэ талаар ажлын 5 хоногт багтаан харьяа алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд нь Төв комисст бичгээр мэдэгдэж, тушаалын хуулбарыг хавсарган ирүүлнэ” гэж тус тус заажээ.

       Б.Н Улаанбаатар төмөр замын “Хөдөлгөөн зохион байгуулалтын алба”-ны Захиран зохицуулах хэлтэсийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууц ашиглах эрхийн бичгийн дагуу маргааны зүйл болсон орон сууцанд амьдарч байсан нь нотлогдсон байна.

      Улаанбаатар төмөр замын “Тээвэрлэлт удирдлагын төв”-ийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 85 дугаар тушаалаар Б.Н Улаанбаатар төмөр замын “Захиран зохицуулах хэлтэс”-ийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчийн ажлаас чөлөөлөгдсөнөөр орон сууц ашиглах гэрээг хүчингүй болгож, цуцалсан тул Б.Н  орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй юм.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 106, 311 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хяянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02567 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ